Ажлаа хийж чадахгүй байж битгий самраад бай

“Миний үеийн эмч нарыг сургуулиа төгсөод хөдөө, орон нутагт ирж байхад буюу 1966, 1967 онд хөдөө сумдын малчин эхчүүдийн 30-50 хувь нь л эмнэлэгт төрж байсан юм. Ардын хувьсгалын 50 жилийн ой угтсан ажил улс орон даяар хүчтэй өрнөж сумдын эмнэлгүүдийг машин унаатай болгосноор удалгүй эхчүүдийг 100 хувь эмнэлэгт төрүүлж төрөхийн хүндрэл эхийн болон нялхсын эндэгдлийг бууруулж цэвэр өсөлт эрс нэмэгдэж халдварт өвчний гаралт ч буурч, тэмбүү өвчин бараг устах тийшээ хандаж билээ. Эрүүл мэндийн байгууллагын ажил сайн байсан тэр үед сайд нь сайд шиг сайдууд ажиллаж байсан даа.
 
Г.Туваан, Б.Дэмбэрэл, С.Шаадай, Д.Ням-Осор нарын үед хүн амын эрүүл мэндийн гол гол үзүүлэлт урьд хожид үзэгдээгүй амжилтад хүрсэнийг түүх гэрчилнэ. Түүнээс хойш төр нийгэм солигдлоо ч гэсэн эмнэлэг анагаах ухааны талаар тавьсан зорилт нь нэгэнт л хүнийг эрүүл байлгах, өвчин эмгэгээс сэргийлэх, хөдөлмөрийн чадвараа алдалгүй өндөр наслуулах, халдварт өвчнүүдийг бууруулах гээд өмнөө тавьсан зорилт нь ижилхэн болохоор энэхүү ажил улам сайжрах ёстой гэж эмч мэргэжилтэн бид үздэг” хэмээн Монгол Улсын Хүний гавьяат эмч Б.Морх гуай ярьж байсан нь эдүгээ ч тод санагдаж байна.
 
Тэгвэл үүнээс хойш буюу зах зээлийн системд шилжсэнээс хойш эдүгээг хүртэл эрүүл мэндийн салбар тухайн үеийн пүүс компаниудын нэгэн адил дампуурч, өнөөдөр элгээрээ хэвтчихээд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Бүр өвчиндөө дарлуулсан ард түмэн хэлэх үггүй болтлоо аргаа барж буй.
 
Угтаа Эрүүл мэндийн сайд бол эрүүл мэндийн салбар, байгууллагуудынхаа уураг тархи, нүд чих, алсын хараа нь болж, төрөөс өгсөн төсвийг үр ашигтай, шаардлагатай газар нь онож зарцуулах, оношлогоо эмчилгээ урьдчилан сэргийлэх хамгийн дэвшилттэй арга барилыг өөрийн улсын эмнэлэгтээ нэвтрүүлэх, хөдөө орон нутагт эмнэлгийн үйлчилгээ ямар байгааг өөрийн нүдээр үзэж, эмч мэргэжилтнүүдийн санал боддыг сонсож мэдээлэл авсанаар хаана ямар барилга байгууламж, тоног төхөөрөмж машин унаа, эм бараа хэрэгтэй байгаа, хөдөө сумдад эмчийн хүрэлцээ одоо болтол яагаад хангагдахгүй байгаа зэргийг зохицуулж байх үүрэгтэй байлтай.
 
Гэтэл энэ үүргээ умартсан Эрүүл мэндийн сайд нар солигдох бүртээ өөрийн талын хүнийг өнөөх эмнэлгийн байгууллагууддаа даргаар тавьж, халаа сэлгээ хийж, арай гэж тогтворжих гэж буй байгууллагыг “самарч” орхидог л ажил хийдэг боллоо. Шинээр томилогдсон дарга нар мэдээжийн хэрэг өөрийнхөө хүмүүсээр багаа бүрдүүлэх нь дамжиггүй. Ингээд л шат шатны эмнэлгүүд шинэ даргын нүүр үзэж, даргадаа таалагдаагүй чадварлаг эмч нар “лааз өшиглөх” нь бий.
 
Тэгвэл он гарахын өмнөхөн хэд хэдэн томилгоо хийж, амаржих газруудын дарга нарыг сольсон байна. Одоогоор хоёр, гуравдугаар амаржих газар буюу нийслэлийн Хүрээ, Амгалан амаржих газрын дарга нарыг томилчихсон юм байх. Тодруулбал, Хүрээ амаржих газрын дарга Б.Оюунхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ерөнхий эмчийн үүрэг гүйцэтгэгчээр Ж.Оюунцэцэг гэдэг хэл аманд орооцолдож, АТГ-ын шалгалтад бүдэрч байсан хүнийг томилсон бол Амгалан амаржих газрын дарга Д.Бат-Очирын оронд Ц.Батболд гэдэг хүнийг томилсон байна. Мэдээжийн хэрэг тэд эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай боловч яг жирэмсэн эхийг төрүүлж, эх барьж байсан хүмүүс биш гэж цаагуур чинь яриад эхэлчихжээ. Бүр зарим нэг мэргэжлийн хүмүүс “Төрөхийн дарга нар амьдралдаа хүн төрүүлж үзээгүй, хотын төрөх эмнэлэгт ажиллаж үзээгүй хүмүүс болсон гэж ойлгоод байна” хэмээн бичсэн байх юм.
 
Түүгээр ч барахгүй “Германд төрөх эмнэлгийг мэргэжлийн бус хүн удирдсан бол гэмт хэрэг гэж үздэг юм” гэх зэргээр байр сууриа илэрхийлжээ. Яадаг ч байсан, огт мэргэжлийн бус хүн тавиагүй нь лавтай. Харин тэр хүн төрүүлж, гардан эх барьж үзээгүй байдаг нь л юу юм гэхээс. Тэгэхдээ өөрөө зовлонг нь мэддэг хүн тухайн байгууллагад ажиллаж буй эмч, ажилчдынхаа зовлон жаргалыг ойлгох хэрэгтэй гэдэг утгаараа л үүнийг бичсэн байх.
 
Ер нь ч тэгээд элгээрээ хэвтчихээд байгаа эрүүл мэндийн салбарыг үндсээр нь л өөрчилдөггүй юм бол хэдэн эмнэлгийн даргыг ээлжилж солиод эрүүл мэндийн салбар өндийнө гэдэг ч үлгэр биз дээ. Үнэндээ эрүүл мэндийн салбар бол мэргэжлийн бус хүнээр жолоодуулсан нисэх онгоц л гэсэн үг болоод байна шүү. Хэзээ ч сөнөж мэдэхээр л байна.

Монголын мэдээ
Э.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өвгөн 2017-01-06 05:25:43
    мэргэжлийн салбарт мэргэжил, ажил хэрэгч талыг сонгохгүй бол амаараа шороо үнхэхийн цондон, үүнийг цаг хугацаа харуулна, хэллээ
  • зочин  2017-01-06 03:16:16
    сольж л байг дарга эх барьж авахгүй гол нь эмнэлгийн менежмент сай н хийх гэдэгийг мэдэхгүй байж худал захиалга бичүүлээд бай