Гурван гийгүүлэгч: Хүүхдийн санхүүгийн боловсрол

Гийгүүлэгч Сэржээ /гадаадад сурч ажиллаж байгаа Монголчуудыг төлөөлнө/
 
Миний аав тээврийн жолооч, ээж минь “хүндэт” гэрийн эзэгтэй. Одоо бодоход би ээж ааваасаа их сургуульд ч заахгүй санхүүгийн боловсролыг өвлөн авчээ. Тээврийн хөлсөө авсан өдөр ээж аав 2 минь хадгаламжиндаа хэдэн төгрөг байгаа болон хэдийг  нэмж хийх, гэртээ шинэ зүйл авах, машин тэрэгний засвар болон дөрвөн хүүхдийнхээ  боловсролд хэдэн төгрөг зарцуулах...гэх мэт зүйлсийг ярилцдаг байж билээ.

Аав ээжийн энэ ярианаас бид гэр бүлийн санхүүгээ хэрхэн төлөвлөх, ухаалгаар мөнгөө зарцуулах зэрэг олон зүйлийг сурсан юм. Хамгийн тод жишээ нь бид дөрөв хадгаламжин дахь мөнгөө тэгшилж, “тэг”-ээр төгсгөх дуртай. Яг л аав ээж шигээ.

Миний хувьд аавын захиасуудаас нэгийг нь байнга биелүүлдэг. “Ямар ч мөнгөгүй болсон түрийвчний мухар дахь 10,000 төгрөгийг хэзээ ч үрж болохгүй. Боломжтой бол тэр мөнгөө 100,000 болго. Үүнээс нэмж чадвал бүр сайн.”

Энэ нь хүнд юу ч тохиолдож магадгүй учир гэнэтийн зүйлд бэлэн байх ёстойг сануулж буй хэрэг юм. Түрийвчний мухар дахь мөнгө минь айлын эхнэр болсон эхний жилүүдэд нэлээдгүй хэрэг болсон шүү.

Одоо бид охиндоо багаас нь санхүүгийн боловсрол олгоход анхаарч байна. Охин минь хоёрхон настай ч өөрийн гэсэн худалдан авалтын зарчимтай болсон.
 

  • Дэлгүүрт ороод зөвхөн ганцыг буюу хамгийн их хүсэж байгаа зүйлээ л авах. Энэ нь тоглоомон дээр ч ялгаагүй үйлчилнэ.

  • Дэлгүүрт ямар зорилгоор ирснээ тайлбарлан хэлдэг учир өөрийнх нь хүссэн зүйлийг авч өгч чадахгүй үе байдаг гэдгийг мэддэг болсон.
     

Солонгосчуудын жишгээс харахад хүүхдээ 6 нас буюу сургуульд ороход нь халаасны мөнгө өгч эхэлдэг. Мөн хүүхдүүд нь цагаан сар болон ургацын баяраар бэлгэнд авсан мөнгөө өөрөө хадгалажамжиндаа хуримтлуулж эхэлдэг юм байна.

Түүнчлэн халаасны мөнгөө юунд зарцуулсан, эсвэл юунд зориулж цуглуулж байгааг нь тэмдэглэх дэвтэр өгдөг. Хэрвээ зөв зарцуулалт хийсэн бол халаасных нь мөнгийг нэмэх, дэмий зүйлд үрсэн бол хасах арга хэмжээг авдаг байна. Мөн хүүхдийнхээ  хүссэнээс бага мөнгө өгдөг нь хорвоод авахыг хүссэн зүйл олон байдаг ч мөнгө хүрэхгүйгээс авч чадахгүй байхыг мэдрүүлэх, түүнийгээ авахын тулд хуримтлал үүсгэх, өөрийн хүчээр мөнгө олох боломжийг нь нээж өгдөг.

Өөрийн хүчээр мөнгө олно гэдэг нь гэрийн ажил хийх, сайн дүн авах, уралдаан тэмцээнд түрүүлэхэд нь тодорхой хэмжээний мөнгөөр шагнана гэсэн үг юм.

Манай монголын хувьд хүүхдийн халаасны мөнгө гэсэн тогтсон ойлголт байдаггүй шүү дээ. Зарим гэр бүл өгье гэсэн ч амьжиргаанаас нь илүү гарахгүй үе бий.  Ийм үед
 

  • Хүүхэдтэйгээ хамт дэлгүүр явж, худалдан авалт хийхдээ үнэ, чанарт нь  харьцуулалт хийхийг зааж өгөөрэй. Мөн мөнгөндөө тааруулж аль чухал зүйлийг сонгож худалдан авах ухааныг зааж өгөх нь чухал юм.  

  • Мөн худалдан авалт хийхдээ хүүхэддээ сонгох боломжийг олгох. Дараа нь тэр сонголтынх нь талаар ярилцах.

  • Бүх зүйл өөрийнх нь хүссэнээр байдаггүйг ойлгуулаарай. Юм худалдан авах, ямар нэг зүйлийг хийхэд ч тэр гэдгийг ойлгуулаарай.


Ер нь тэгээд хүүхдэд санхүүгийн боловсрол олгох нь хүүхдээ баян хүн болгохын тулд биш өөрийнхөө мөнгийг зөв удирдаж чаддаг хүн болгохын тулд юм...гэж би боддог. Тийм болохоор их ч бай бага ч бай өөрийн гэсэн мөнгөө зарцуулах боломжийг хүүхэддээ олгоод үзээрэй.
 
Гийгүүлэгч Номин

Одоогоор хоёр охин маань мөнгөний тоо хэмжээг бүрэн ухаараагүй, аав ээждээ эрхэлж, амттан, тоглоом нэхдэг насандаа яваа. Цагаан цаас мэт бяцхан үрсийнхээ сэтгэхүйд зөв ухамсрыг суулгах нь эцэг эх бидний хамгийн чухал үүрэг билээ.

Хүүхдэд багаас нь “мөнгө олох хялбар биш, хөдөлмөрлөж мөнгө олдог, бусдын мөнгө, эд зүйлд зөвшөөрөлгүй хүрэх хамгийн буруу үйлдэл учир хэзээ ч хийж болохгүй, олсон мөнгөө хамаагүй зарцуулах буруу” гэсэн ухамсрыг суулгах гэж хичээж, мөнгөний талаар ярилцах хэрэгтэй юм.

Яг одоо 6 настай охинтойгоо ярилцдаг мөнгөний талаарх яриануудаасаа танд хүргэвэл:
 

  • Аав ээж нь зөндөө ажиллаж цалин авдаг. Цалингаараа хоол унд авахаас гадна  гэр бүл, охидынхоо ирээдүйд зориулан хадгалдаг.  

  • Чамд хадгаламж байгаа. Тэр хуримтлалыг чамайг том болоод мундаг хүн болоход зориулна. Том болоод чи тэр мөнгөө өөрөө авна.

  • Хүмүүсийн чамд өгсөн мөнгийг хуримтлалдаа хийгээд л байвал мөнгө чинь улам их болно. Одоо чихэр авч идвэл шүд чинь өвднө шүү дээ. Харин мөнгөө хадгалбал том болоод зөндөө гоё зүйл хийж чадна.  

  • Аав ээж нь чамд өдөр бүр гоё амттан авч өгч чадахгүй. Яагаад гэвэл мөнгө дуусдаг юм. Тийм болохоор хамгийн чухал зүйлдээ зарцуулдаг. Ээж нь цалингаа авсан өдрөө нэг дуртай зүйлийг чинь авч өгч болох юм.
     

Өнгөрсөн цагаан сараар охин маань бэлгэнд авсан мөнгөө хадгаламжиндаа хийх саналыг өөрөө гаргасанд би маш их баярлаж байв. 

Өсвөр насанд ээж минь өдрийн 1000 төгрөгөөр тооцож сар бүр 30 000 төгрөг картанд минь шилжүүлдэг байв. Тухайн мөнгийг бүгдийг нь үрээд, бүтэн сар мөнгөгүй гүрийх үү? Өөрийн төлөвлөсөн хэрэгтэй зүйлдээ зарцуулах уу? гэдэг нь миний сонголт байв. Сургууль ойрхон учир алхаж, элдвийн амттан авч идэх сонирхол багатай байсан  болохоор ихэвчлэн найзуудтайгаа хамтдаа байхдаа мөнгөө зарцуулсан санагддаг. Мөнгөө үрчихвэл дахиж нэхэх эрхгүй тул дараагийн сар хүртэл чимээгүй явна. Ээж маань надад санхүүгийн боловсрол олгох гэж ном уншуулж, сургаал хэлэхийн оронд өөрийн амьдралд нь мэдрүүлэх аргыг ашигласан.

Харин та ямар аргаар хүүхдийнхээ санхүүгийн боловсролд туслаж байна вэ?
 
Гийгүүлэгч Тогоо
 
Банк руу хүүхдээ дагуулж ор гэж танд зөвлөмөөр байна. Яагаад гэвэл  банкны гүйлгээ, шилжүүлгийг хараад хүүхэд мөнгө гэж яг юу болох талаар мэдэж авна. Үүний тулд банкнаас авах үйлчилгээндээ хүүхдээ аль болох их оролцуулахыг зөвлөе. Саяхан гацуураа хураасан хөвгүүд маань хуримтлалдаа мөнгөө хийхээр намайг амрахыг хүлээж байгаа. Банк хамт орох гэж тэр л дээ. Ингээд хүүхэддээ санхүүгийн боловсрол олгоход тань туслах мэргэжилтнүүдийн санал болгодог аргаас хуваалцъя.

Төлбөр төлөхдөө хүүхдээрээ туслуул

Ингэснээр тэд төлбөрийн картаар тооцоо хийж болдгийг ойлгоно. Мөн ус, цахилгааныхаа төлбөрийг хийхдээ хүүхдээрээ туслуулвал тэд бүх зүйл үнэтэйг ойлгохоос гадна өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж сурах зэрэг арвич хямгач зан төлөвшиж эхэлдэг.

Гэр бүлээрээ мөнгөө хэмнэх зорилго тавь

Хэрвээ танай хүүхэд дугуй авахын хүслэн болсон бол хүүхэддээ зорилго тавихад  нь тусал. Жишээ нь, энэ шилэн саван дотор өдөр болгон 1000 төгрөг хийвэл жилийн дараа дугуйтай болно гэсэн ч болно. Ингэснээр хүүхдүүд дэмий зүйлд мөнгөө зарцуулахаа больж, зорилготойгоор мөнгө хуримтлуулж сурна.

Тоглоом тоглох

Хүүхэд тань компьютер тоглоом тоглохыг хүсвэл аль болох мөнгөтэй холбоотой, хүүхэд тань түүнээс юм суралцахаар тоглоом байвал зүгээр. Жишээ нь, Money&Stuff, Fat Cat, U.S. Mint site зэрэг тоглоомоос тоглуулж үзээрэй.

Хандив өгөх

Санхүүгийн бичигдээгүй хуульд орлого багатай нэгэндээ туслах ёстой гэсэн ойлголт байдаг. Та ч гэсэн хүүхэддээ жижиг зүйлээр ч хамаагүй “БУСДАД ӨГӨХ” нь сайн үйл юм гэсэн ойлголтыг өгч болно. Хамтдаа хүнс цуглуулаад, түүнийгээ асрамжийн газар өгөх зэргээс хүүхэд тань мөнгөний талаарх зөв төлөвшлийг авна шүү. Танд амжилт хүсье. 

Бусдад түгээх
  • gplus