Шинэ хуучин хоёр сайдыг муудалцуулсан хуулийн өөрчлөлт
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Дипломат албаны тухай хуулийг 2000 онд баталсан. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 6 дугаар сард хэлэлцэж, энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Энэ дагуу Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.  Хуульд оруулах дөрвөн зүйл бүхий нэмэлт, өөрчлөлтийг хийх санал оруулжээ. Үүнд, дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгон өөрчлөх юм.  Хувийн хэвшилд ажиллагсдын цалин хангамжтай харьцуулахад төрийн албаных өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхгүй байгаа. Үүний улмаас дипломат албанд ажиллах мэргэжлийн, ялангуяа хэлний өндөр мэдлэгтэй залуу ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэссэн байна. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дипломат албанд ажиллагсдын, ялангуяа Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлага гэж үзжээ. Энэ хүрээнд хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг нэмсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Дөрвөн жилийн хугацаатай томилогдсон ажилтан хариуцлага алдсан тохиолдолд бүрэн эрхийг нь үргэлжлүүлсээр байх уу? Ажлын үзүүлэлтээс хамаараад 2-4 жилээр томилвол ямар вэ?

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: Ажлын хариуцлага алдсан тохиолдолд Төрийн албаны хуулийн дагуу татагдаад явна. Суурь томилогдож байгаа хугацааг нь  дөрвөн жил болгохоор санал оруулж байна. Ихэнх улс орнуудад 3-4 жил байна. Манай улсын хувьд боловсон хүчин цөөтэй. Томилогдон очсон ажилтнууд нь давхар ажил хийдэг. Гурван жилийн хугацаатай томилогдоод дадлага туршлагатай болоод ирэхээрээ татагдаад явдаг. Нэгэнт очоод дадлага туршлагатай хүнийхээ туршлагыг ашиглах санал юм. Энэ нь зардал ч хэмнэлттэй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг сайжруулах талд ямар зохицуулалт хийсэн бэ? Энэ хуулийг өөрчилснөөр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй гэж байгаа. Энэ боломжийг яаж үүсгэх вэ?

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: 2017 оны улсын төсөвт нэмэлт зардал гарахгүй. Дипломат ажилтнуудын цэцэрлэгийн хүүхдийн төлбөрт 2018 оноос улсын төсөвт 290 мянган ам.доллар суулгахаар байгаа. 80 диплоамт ажилтнуудын зардлыг царцааж 1.8-1.9 мянган ам.долларын зардал хэмнэгдэнэ гэж тооцож байгаа.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Дипломат албаны мэргэшсэн тогтолцоог сайжруулах талд ямар зохицуулалт хийсэн бэ? Дипломат ажилтныг урамшуулал сууж өгсөн үү. Гадаад харилцааны ажилтнуудын судалгааны ажил нэн ховор байна.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил:  Эхний ээлжинд зайлшгүй хэдэн заалтыг тусгасан. Нөхөр/эхнэрээ дагаад явж байгаа хүмүүсийн эндэх ажлын байрыг хадгалах асуудал чухал байгаа. Гадаадад байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох нь Засгийн газрын асуудал. Харин байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн Элчин сайдын хэмжээнд байхаар тусгасан өөрчлөлт оруулсан байна лээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:  35 хүүхдийн цэцэрлэгийн мөнгө олж өгөхийн тулд дөрвөн дипломат газрыг татан буулгаж байна. Ийм юм бичихээсээ Засгийн газар ичихгүй байна уу?  Монгол Улс энэ цаг үед гадаад бодлогоо дэмжих, өргөжүүлэх, санхүүг нь сайжруулах зүйл оруулж ир. Өнгөрсөн Их хурлын үед НҮБ-ын байнгын төлөөлөгчийг Элчин сайд болгосон. НҮБ-ын бүх бодлогыг буруутгаж, муутгаж, оролцоог нь багасгаад, ОУ-ын парламентын холбоонд оролцохоо больсон. НҮБ-ыг УИХ-аар хэлэлцдэг байсныг болиулах хууль оруулж ирж байна. Гадаад харилцааг ингэж хөгжүүлдэг цаг үе ирсэн юм уу. Та бүхэн гадаад харилцаандаа мөнгөө нэм. Хүүхдийн цэцэрлэгийн мөнгийг ямар нэг төсөл хөтөлбөрөөс ч олж зохицуулж болно. Монгол Улсын нэр хүндийг бүс нутагт унагаж байна.

Үүний дараа байнгын хорооны гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хураалт явууллаа. Гишүүдийн 85 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Харин байнгын хорооны хуралдаанаар дараагийн асуудал хэлэлцэж байх үед Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн Л.Болд нар дуугаа өндөрсгөж багагүй хугацаанд маргалдав. Тэдний маргаан байнгын хорооны дарга Ж.Энхбаярын шаардлагын дагуу намжлаа.
 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-04 10:30:36
    Арын хаалгвтвй танил талтай нь дурандаа явж байгав шуудээ.Санж Баяр М.Энхсвйхан гээд шаарнууд шагналын журмаар яваад л бна. Тэд ямар терийн алба хашиж байж
  • иргэн 2017-01-04 09:40:42
    Нэг талаараа хүний нутагт эцэг эх ах дүү хамаатан саднаасаа хол, төсвийн цалин харсан өрөвдөлтэй л амьдад ш дээ, Улсын нүүр царай болсон хүмүүс ш дээ. Цалинг нь...