М.Дондогдорж: ЖДҮ-ийг 24 тэрбумаар дэмжинэ

Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс, хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаарх мэдээллийг салбарын сайд хийсэн юм. Үүний дараа Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржоос дараах асуултад хариулт авлаа. 

-ЖДҮ эрхлэгчдэд олгосон зээлийн үр дүн ямар байна. Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний зээл олгосон бэ?

-ЖДҮ-ийг дэмжих сан байгуулж ажилласан долоо, найман жилийн хугацаанд нийтдээ 745.5 тэрбум төгрөгийн зээл олгосон. Олгосон зээлд мониторинг хийж үзсэн, аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь авсан зээлээ эргэлтийн хөрөнгө болон тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулсан байгаа. Борлуулалт 20-30 хувиар өссөн дүн гарсан.

-ЖДҮ эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудал нь борлуулалт болж байгаа талаар байнгын хорооны гишүүд онцолж байна. Борлуулалтыг сэргээхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Борлуулалт чухал байна. Зарим жижиг, дунд үйлдвэрлэгчдийн агуулахад нь их хэмжээний бүтээгдэхүүн бий болсон. Хийсэн бүтээгдэхүүнээ өөрийнх нь өртгөөр ч зарж чадахгүй болох нөхцөл байдал бий боллоо гэсэн асуудлыг зарим үйлдвэрлэгчид тавьж байгаа. Сая Байнгын хорооны хуралдаанаас хил худалдааг дэмжих ёстой гэж  чиглэл өглөө. Монгол Улсад 14 боомт байгаа, түүнийгээ ашиглаад хил, худалдааг өргөжүүлэх асуудал ярьж байна.

Хоёрт нь Монгол, Хятадын экспо ирэх намар зохион байгуулна. Гуравт нь, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах шаардлага байгаа. Энэ чиглэлээр анхаарч ажиллаж байна.

-Борлуулалтгүйгээс агуулахад их хэмжээний бараа, бүтээгдэхүүн байна гэлээ. Ямар төрлийн бүтээгдэхүүн юм бэ?

-Янз бүрийн л бараа бүтээгдэхүүн байна даа. Ноос, ноолууран бүтээгдэхүүнүүд ч байна.

-Бусад салбаруудын зээлтэй харьцуулахад ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлт харьцангуй сайн гэсэн мэдээлэл явсан. Зээлийн эргэн төлөлт ямар байна вэ?

-ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр олгосон зээлийн эргэн төлөлт 97-98 хувьтай явж байна. Байнгын хорооны хуралдаанаас чиглэл өгөхдөө зээлийг ажлын байр нэмэгдүүлэх, НДШ төлөгчдийг илүү олон болгох, татварын бааз сууриа нэмэгдүүлэх талд илүү бодлого гаргаж ажиллах зөвлөмж өглөө.

-ЖДҮ эрхлэгчдийн тоо өссөн үү?

-Тооны хувьд том өөрчлөлт байхгүй. Гэхдээ ихэнх нь 1-9 хүртэлх ажиллагсадтай жижиг үйлдвэрүүд эзэлж байгаа.

-ЖДҮ-ийн зээл хэвийн олгогдох уу, энэ онд хэдий хэмжээний зээл олгохоор төлөвлөсөн бэ. Өнгөрсөн оныхтой харьцуулахад зээлийн хэмжээ өссөн үү, буурсан уу?

-2017 оны төсөвт 24 тэрбум төгрөгийг тусгасан. 2016 онд 74 тэрбумыг ЖДҮ-ийг дэмжихэд зориулж гаргасан байдаг.

П.ГОО 
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MAH 2017-01-04 07:35:33
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ н...
  • Иргэн 2017-01-04 06:49:29
    өнгөрсөн оны 74 тэрбумаас чинь хөдөө орон нутагт нэгч төгрөг ирээгүй, тэгэхээр энэ оны 24 тэрбумаас бол горьдолтгүй юм байна л даа