Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн өргөн мэдүүлсэн Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгадаа жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан. Өнгөрсөн хугацаанд 31 нэр төрлийн 618 ширхэг тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мөрдөгдсөн гэдгийг дурдлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.13-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тусгасан бөгөөд мөн хуулийн хугацааг үргэлжлүүлэн сунгах шаардлагатай байна. Иймд дээрх шаардлагуудад үндэслэн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулсан гэж байлаа.

Монгол Улсад бизнес регистрийн санд бүртгэлтэй 126 560 аж ахуйн нэгжээс 64301 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 84,3% буюу 54237 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч хөдөө аж ахуйн 3380, хүнсний 1292, боловсруулах үйлдвэрийн 2801, худалдааны 21952, үйлчилгээний 4235, бусад чиглэлээр 20577 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт 766 910 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 70 хувийг эзэлж байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын бүтээгдэхүүний таван хувийг үйлдвэрлэж байгаа аж.

Дээрх хууль хэрэгжсэнээр 2014, 2015, 2016 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд нийт 1419 иргэн, аж ахуйн нэгж 3201 төрлийн 7 мянган ширхэг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирсэн бөгөөд 13,2 тэрбум төгрөгийн гаалийн чөлөөлөлтөнд хамрагджээ. Судалгаагаар мах махан, нөөшилсөн бүтээгдэхүүн, мод боловсруулах модон материал, ноос ноолуур, арьс шир оёдол, сүү сүүн бүтээгдэхүүн жимс жимсгэнэ гэсэн хөнгөн, хүнсний салбарууд чөлөөлөлтөд хамгийн их хамрагдсан аж.

Жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн тогтвортой хөгжлийг дэмжих замаар орчин үеийн инноваци шингэсэн шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор татварыг бодлогоор дэмжих нь чухал гэж УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулгадаа онцолсон юм.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Х.Баделхан, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Н.Амарзаяа, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүдийн хувьд уг хуулийн төсөл батлагдвал 2017 оны төсвийн орлого хэдэн хувиар буурах, Засгийн газар орлогын хувь хэмжээг бууруулахгүйн тулд ямар тооцоо судлагаа хийж орлого нөхөх гэж байгаа талаар илүүтэй сонирхож байлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Хуулийн төслийг өргөн барихаас өмнө Засгийн газар, Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаас санал авсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд 2016 оны 12 сарын 31-ний өдөр уг хугацаа нь дуусгавар болж байгаа. Иймд хугацааг нь 2018 он хүртэл сунгаж, бизнес эрхлэгчдээ дэмжмээр байгаа юм. Урьдчилсан тооцоогоор жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхөд таван тэрбум төгрөгийн асуудал гарах байх хэмээн хариуллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан “Хуулийн төслийг дэмжиж байгаа ч, Засгийн газрын бодлого тодорхой биш нэгдсэн тооцоо судлагаа байхгүй, яамдуудын санал зөрүүтэй байна. Иймээс уг хуулийн төслийг түр хойшлуулж, бэлтгэл хангагдсаны дараа хэлэлцье” гэсэн горимын санал гаргалаа. Хуулийн төслийг хойшлуулах эсэх дээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн санал 50:50 хувиар тэнцсэн тул асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Ингээд Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. УИХ-ын гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч чуулганы хуралдаанд уг асуудлын талаар Засгийн газраас тодорхой байр суурь, нэгдсэн тооцоо судлагааг сонсох нь зүйтэй гэж үзлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.