“Үндэсний хуримтлал” шилдэг нийтлэлийн уралдааны ялагчид тодорлоо
Голомт банк нь олон нийтэд хуримтлалын ач тусыг ойлгуулах, сурталчлах зорилгоор хэвлэмэл сонин сэтгүүл болон цахим хуудсын сэтгүүлчдийн дунд “Үндэсний хуримтлал” шилдэг нийтлэлийн уралдааныг зарласан билээ.

Тус уралдаанд Өнөөдөр, Зууны мэдээ, Засгийн газрын мэдээ, Ардчилал, Монголын үнэн, Улстөрийн тойм, Өдрийн сонин зэрэг өдөр тутмын сонин хэвлэл болон www.wikimon.mn; www.zaluu.com; www.mnb.mn зэрэг сайтын нийт 21 сэтгүүлчийн 28 бүтээл ирсэн байна. Уралдааны ялагчаар www.dorgio.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа “Үндэсний баялгийг бүтээсэн нь” нийтлэлээрээ тодорч  батламж, 3 сая төгрөгийн шагналыг гардан авлаа. Харин “Өдрийн сонин”-ы эдийн засгийн албаны сэтгүүлч Ц.Баасансүрэн “Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин болсон хорин жил” нийтлэлээрээ дэд байрт шалгарч 2 сая төгрөг, батламжийн эзэн болсон бол гуравдугаар байрт “Нийслэл guide” сэтгүүлийн ерөнхий редактор Ж.Баярхүү “Хуримтлалаараа үүргэвчтэй аялах уу?” нийтлэлээрээ 1 сая төгрөгийн шагналын эзэн болсон юм.

Ингээд уншигч танд Үндэсний хуримтлал уралдааны 1-р байранд шалгарсан С.Будрагчаагийн “Үндэсний баялгийг бүтээсэн нь” нийтлэлийг хүргэе.

Үндэсний баялгийг бүтээсэн нь
/”Үндэсний хуримтлал” нийтлэлийн уралдаанд оролцох бүтээл/

Улаанбаатар хотын өнцөг булан бүрт харагдах болсон бэлэн мөнгөний машинд ер бусын сэтгэлд тааламжтай нэгэн зүйл байдаг. Тэр бол биднийг орлого хийх, зарлага гаргах бүрт гаргадаг бэлэн мөнгө тоолох түчигнэх чимээ. Дррррррррр... Сонсголонтой биш байна гэж үү? Энэ чимээ урт удаан үргэлжлэх тусам надад өөртөө итгэх, өөрөөрөө бахархах мэдрэмж төрдөг.

Энэхүү сэтгэлд сонсголонтой чимээг зөв зүйтэйгээр уйгагүй, шантралгүй, тасралтгүйгээр удирдаж чадвал ямар гайхалтай өрнүүн түүхийг бүтээж болдгийг би энд өгүүлэх болно.

БНСУ-ын Канвон мужид гурван зуун мянга орчим хүнтэй Вонжу хэмээх жижигхэн хот бий. Тус хотын удирдлагуудтай Баянзүрх дүүргийн удирдлагууд найрсаг харилцаа үүсгэн эрүүл мэнд, худалдаа арилжаа, санхүү бизнесийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа тухай мэдээ хэдэн жилийн өмнө сонин, сайтад гарч байсан. Түүнээс бусдаар та  Вонжу хотын талаар дуулаагүй байх.

Энэ даруухан хот баян чинээлэг иргэдээрээ алдартай. Баян чинээлэг гэдэг үг бусдын анхаарлыг эрхгүй татдаг учир танд Дубай шиг байх гэсэн төсөөлөл буусан бол уучлаарай.

Вонжу хотын иргэд тэнгэр баганадсан өндөр цамхагт ажиллаж, тансаг зэрэглэлийн таун хаус, үзэсгэлэнт харшид амьдардаггүй. Улаанбаатарын дундаж иргэдийн амьдардаг нийтийн орон сууцанд амьдарч, Солонгос цувралд олонтаа гардаг жижигхэн лангуунд хүнсний бүтээгдэхүүн зарж амьдралаа залгуулан, даруухан аж төрдөг.

Тэгвэл тэднийг чухам юу чинээлэг болгосон юм бол?

1953 онд Солонгосын хойгийн дайн дууссан. Уг дайны дараа Солонгосын иргэд дайны хөлд сүйдсэн байшин барилгын нурангин дээр хэдэн мянгаараа өлсгөлөнд нэрвэгдэн амьдарч байлаа. Тэдэнд орох орон битгий хэл өмсөх хувцас, идэх хоол туйлын хомс байсныг дурдаад ч хэрэггүй биз.

Гэвч тэд энэ л үеэс эхлэн өөрсдөөсөө гурван асуултыг асуужээ.

А. Чи баян болмоор байна уу?
-Тиймээ, тийм.
Б. Чи хадгаламжтай болмоор байна уу?
-Тиймээ, тийм.
В. Өдөр бүр нэг воныг хадгаламждаа хийж чадах уу?
-Чаднаа, чадах ёстой.

Энэ гурван асуулт, бас хариулт нь тэднийг чинээлэг болгосон юм. Тэд хадгаламждаа өдөр бүр 1 вон хийхийн тулд архи уухаа больж, бүр тамхинаас хүртэл гарчээ. Такси барихын оронд автобусанд сууж, алхаад хүрчих газарт автобусанд суухаа ч больжээ.

Ядуурлаас гарах хамгийн шилдэг гарц нь хадгаламж мөн гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон тул бүхий л тансаг, үрэлгэн хэрэгцээнээс татгалзан мөнгөө хуримтлуулж эхэлсэн байна. Энэ хуримтлалын аян хэсэгхэн хүний дунд өрнөөгүй. Харин хотын хэмжээнд бүх нийтийн дунд өрнөжээ. Хотын хөдөлмөрийн чадвартай иргэн бүр өдөрт 1 воны хуримтлал үүсгэж эхэлж.

Үндэсний хуримтлалынх нь үр дүн тун удалгүй гарч эхэлжээ. Хадгаламжтай, хөрөнгөтэй иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дэвжиж, улмаар гудамж, хороолол нь, цаашлаад дүүрэг, хот нь, түүнчлэж муж, улс нь маш хурдацтайгаар хөгжиж эхэлсэн байна.

Өнөөдөр тус хотын нийт иргэдийн 10 хувь буюу ердөө 30 мянган иргэнийх нь хадгаламж л гэхэд 4.4 их наяд вон болсон бөгөөд энэ нь 4.4 тэрбум доллартой тэнцэж байна.

Монгол Улсын Засгийн газрын толгойн өвчин болоод байгаа их өрийг бараг бүрэн төлж дуусах хэмжээний мөнгийг гучхан мянган иргэн 50 жилд хуримтлуулсан байна гээд төсөөлдөө.

Монголчууд бид дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм гэж ярьдаг. Аливаа улс орны мандан бадрах, хөгжин цэцэглэх нь иргэн бүрийн оролцооноос ихээхэн хамаардаг. Харин иргэн таны оролцоо юу байх бол?
С.Намар
Бусдад түгээх
  • gplus