Долоо хоногийн тойм
2016 оны сүүлийн долоо хоног. Улс орон даяараа өнгөрч байгаа оныхоо алдаа оноог дэнслэн, ирэх онд хийж бүтээх ажлаа төлөвлөсөн нэгэн долоо хоног өнгөрлөө.
 
Төрийн дээд одон медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнгөрсөн лхагва гарагт Төрийн ордонд боллоо.
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, зам барилга, төр захиргаа, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
 
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  105 жилийн ой тохиолоо

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  105 жилийн ой тохиолоо.  Энэ өдөр Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнг нээлээ. Мөн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдаан боллоо. 128 бөхийн барилдаанд “Алдар” спортын хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн боллоо. Уг барилдаанд “Алдар” спортын хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Монгол Улсын Ч.Санжаадамба үзүүрлэлээ.
 
Манай улсын мал сүргийн нийт дүн 61 сая 542.0 мянган толгойд хүрчээ

Арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны хооронд явагдсан мал тооллогын урьдчилсан дүн гарлаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 61 сая 542.0 мянган толгойд хүрч, 2015 оныхоос 9.9 хувь буюу 5562.3 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 3634.9 мянга, үхэр 4080.3 мянга, тэмээ 401.3 мянга, хонь 27853.4 мянга, ямаа 25572.2 мянгад хүрч, 2015 оныхоос адуу 339.5 мянга, үхэр 299.9 мянга, тэмээ 33.4 мянга, хонь 2910.2 мянга, ямаа 1979.3 мянган толгойгоор өсчээ.
Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 45.3 хувь, ямаа 41.6 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.5 пункт, үхрийнх 0.2 пунктээр буурч, хониных 0.7 пунктээр өсч, адуу, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн этгээдүүдэд 18 жилийн дараа ял оноолоо

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг  1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан.  Хэрэгтнүүдийг 18 жилийн дараа олж тогтоон, хэргийг шүүх хурал таван хоног үргэлжилсний эцэст  сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржааг, Т.Чимэгээ нарт ялын дээд хэмжээ оноолоо. Шүүх тэднийг онц хэрцгий харгис аргаар, бусдын захиалгаар, бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож, хүний аминд хүрсэн гэж буруутгаж 24-25 жилийн хорих ялаар шийтгэлээ.
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.