Италийн Венец хотын даргa авлигын хэргээр саатуулагдлаа

Венец хотын дарга болон бусад 30 гаруй хүнийг тус хотын үерийн хамгаалалтын олон сая долларын төсөлтэй холбоотой авлигын хэрэгт холбогдуулан Италийн холбогдох байгууллага саатуулжээ.

Венец хотын дарга Жоржио Орсони /Giorgio Orsoni/-ийг тус хотын үерийн хамгаалалт барих төслөөс урвуулан ашигласан хэрэгт буруутгаад байгаа бөгөөд түүнийг гэрийн хорионд оруулсан байгаа ажээ. Мөрдөн байцаагчид мөн парламентийн доод танхимын нэгэн гишүүн болон Венецийн бүсээс сонгогдсон хэд хэдэн сонгуульт албан тушаалтнуудыг саатуулсан байна.

Итали улсад авлигын гэмт хэрэг ховор үзэгдэл биш юм. Прокурорууд хотын даргыг төсвийн хөрөнгийг “улс төрийн зорилгоор ашигласан” хэрэгт буруутгаад байгаа бөгөөд мөрдөн байцаагчид үерийн хамгаалалтын төслийн гэрээг байгуулахын тулд улс төрчдөд 25 сая орчим евро буюу 34 сая долларыг хээл хахуульд өгсөн эсэхийг шалгаж байгаа юм.

Энэ хэрэг дээр ажиллаж байгаа прокуроруудын нэг болох Карло Нордио /Carlo Nordio/ телевизэд ярилцлага өгөхдөө “орон нутгийн бизнесменүүд болон улс төрчид хамтран хээл хахууль өгөх, хөрөнгө завших зорилгоор Швейцари, Сан Марино зэрэг улсуудаар дамжуулан мөнгө угаах нарийн зохион байгуулалттай систем бий болгосон байсан” гэжээ. Түүнээ хэлснээр улс төрчдөд хээл хахууль өгөхийн тулд бизнесменүүд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хуурамч зөвлөхийн гэрээ байгуулах, ханшийг зохиомлоор унаган төлбөр хийх зэрэг хууль бус үйлдэл гаргасан ажээ.

Венец хотын үерийн хамгаалалтын энэхүү төлөвлөгөө сүүлийн хэдэн жилийн турш маргаан, санал зөрөлдөөн ихтэй асуудлын нэг байсаар ирсэн юм. Усны түвшин нэмэгдэхээс хамгаалах зорилго бүхий далд далангийн байгууламж барих энэ төсөл 5-6 жилийн өмнө маргаантайгаар эхэлсэн юм.

Өнгөрсөн оны 7 дугаар сард Италийн цагдаа нар тус төсөлтэй холбоотой авлигын хэргээр Италийн Аж үйлдвэрийн консорциумын ерөнхийлөгчийг баривчилж байсан юм. Венец хотын даргыг баривчлахаас гадна албаныхан экс ерөнхий сайд Силвио Берлусконигийн тэргүүлдэг “Forza Italia” намын гишүүн, соёлын өв хариуцсан сайд асан Гианкарло Галан /Giancarlo Galan/-ийг баривчлахыг хичээж байгаа аж. Учир нь Гианкарло Галан бол олон жилийн турш Венецийн захиргааны асуудлыг хянаж байснаас гадна одоогоор парламентийн гишүүн бөгөөд түүнийг шалгахад гишүүний халдашгүй байдал саад болсоор байгаа юм.

Өөр нэгэн эрхэм буюу Венец хотын даргаар өмнө нь ажиллаж байсан Массимо Кассиари /Massimo Cacciari/-“ Sky Tg24” агентлагт өгсөн ярилцлагадаа “энэ байдлаар Италид нийтийг хамарсан томоохон ажил эхлүүлэх бүрт л авлига, хээл хахуулийг бий болгож байна. Бүх зүйл цөөн хүн эсвэл цөөн аж ахуйн нэгжийн гарт орж, бөөгнөрсөн тул тэд юу хүссэнээ хийж байна” гэсэн юм.

Итали улс нь ТИ байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар өнгөрсөн онд 177 улс орноос 69 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.