5.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэв
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төслийн танилцуулгыг хийв. Хөгжлийн банк нь 2011 онд үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлж, 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй болж, 2000 орчим төсөл хөтөлбөрийг санхүүжүүлжээ. Үүнээс 5.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж.

Монгол Улсын Сангийн сайдын 2011 оны 283 дугаар тушаалаар Хөгжлийн банкны дүрмийн санг 16.7 тэрбум төгрөгөөр бүрдүүлж, улмаар үе шаттайгаар нэмэгдүүлсээр тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 245.3 тэрбум төгрөгт хүрээд байна. Гэвч тус банкинд үүссэн санхүүгийн нөхцөл байдал өөрийн хөрөнгийн өсөлтийн хурд зээлийн багцын өсөлтийн хурдыг гүйцээгүй, мөн ханшийн тэгшитгэлийн алдагдал зээлийн чанарт нөлөөлсөн байна. Тус банк санхүүгийн зохицстой харьцааны үзүүлэлтүүдээ хангаж ажиллахад хүндрэлтэй болоод байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа. Уг санхүүгийн харьцааны үзүүлэлтүүдийг хангаагүй тохиолдолд гадны банк, санхүүгийн байгууллагуудтай хийсэн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, улмаар зээлийн гэрээнд заасан хугацаанаас өмнө төлбөрийн үүрэг хүлээх эрсдэлтэй байна. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүд нь Монгол Улсын Засгийн газрын баталгаатай байдгаас үүдэн уг банк үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээл хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах өндөр эрсдэл үүсчээ.

Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон бөгөөд үүнтэй холбогдон Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн аж. Иймд Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк хоорондын өр, авлагын асуудлыг шийдвэрлэх, тус банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн зохист харьцааны үзүүлэлтийг сайжруулах зорилгоор “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан талаар Сангийн сайд танилцуулав.

Улсын Их Хурлын тус тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод хамтарсан хуралдаанаар хаалттай хэлэлцсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Байнгын хорооны санал дүгнэлтийнхээ танилцуулгад дурдав. Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүд тогтоолд дурдсан арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлснээр Хөгжлийн банкны санхүүгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, цаашид шинээр эх үүсвэр татан төвлөрүүлэх болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэнэ гэж үзэн, олонхийн саналаар дэмжин Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Төсөл санаачлагчийн танилцуулга болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 4.6-д заасны дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг шалгалтын 200 хуудас материал болон Хөгжлийн банкны зээлийн эрсдлийн чанарын тайлантай холбоотойгоор тав хоногийн завсарлага авах санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан эрх бүхий байгууллагуудаас Хөгжлийн банкны үйл ажиллагааг удаа дараа шалгаад гаргасан шалгалтын дүгнэлтүүд ижил байгааг хэлээд, энэ удаагийн хэлэлцэж буй асуудал бол үүсээд буй нөхцөл байдлыг засаж, залруулах шийдэл гэдгийг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, холбогдох Байнгын хороо асуудлыг хаалттай хэлэлцсэн байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж буй шалтгааныг тодрууллаа. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва цаг хугацаа тулгамдаад байгаа энэ үед Хөгжлийн банкны холбогдох мэдээллүүдтэй Улсын Их Хурлын гишүүд бүрэн танилцаж, банкны системд нөлөө үзүүлэх эрсдэлтэй уг асуудлыг иж бүрнээр нь харж ярилцах шаардлагатай гэдэг шалтгаанаар Байнгын хороо хаалттай хуралдаанаар хэлэлцсэн талаар хариулт өгсөн юм.
Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн завсарлага авах саналыг хүлээж авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээд, үүсээд буй нөхцөл байдлыг тооцож үзээд завсарлагын хугацааг өнөөдрийн  чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тогтох нь зүйтэй гэв.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хачин юм 2016-12-24 00:55:06
    Ингэж балайртахаа болиоо. Зээл авсан юм чин улдэгдэл байхгуй яах юм. АН ыг харлуулах гэж ард тумний толгойг их угаах юм. Та нарын гавьяа ихэнхи нь шуу. МаогийН...
    202.9.40.157
    Мэдэгдсэн Хариулах