Т.Төмөрбаатар: “Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй байхыг даалгасан

ОХУ-д үүссэн нөхцөл байдал болон хилээр нэвтрүүлж байгаа согтууруулах ундаанд тавьж буй хяналтын талаар МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодрууллаа.

-ОХУ-ын Эрхүү хотод “Боярышник” гэх бүтээгдэхүүнд хордож амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Та бүхэн албаны эх сурвалжаас мэдээлэл авсан уу?

-Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсээс өдөр тутам мэдээлэл авч байна. Болсон үйл явдлын тухай тодруулъя. Эрхүүгийн Ново-Ленино дүүргийн яаралтай тусламжийн төвд энэ сарын 17-ноос хойш ижил шинж тэмдэгтэй, гүн хордлогод орсон 35-50 настай хүмүүсийн дуудлага нэмэгджээ. Эдгээр хүмүүс жижиг захуудаар зарагдаж байсан гоо сайхны бүтээгдэхүүнийг ууж хэрэглэсэн байна.

Уг бүтээгдэхүүнд метилийн спирт болон антифриз гэсэн хөлдөөх шингэн агуулагдсан бөгөөд шошгон дээр уухыг хориглоно гэсэн бичигтэй байсан хэдий ч хүмүүс авч хэрэглэсэн байна.

Сүүлийн үеийн мэдээллээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хувийн цехийг олж, хоёр эзнийг нь саатуулсан. Мөн цехээс 47 канистар буюу 500 лиртээс дээш хэмжээний түүхий эдийг хураан авчээ. Тус цехэд гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна "Белая береза", "Царская водка", "Пшеничная", "Финское серебро" гэх нэртэй архи, дарс байсныг хураан авсан байна. 

Одоогийн байдлаар 58 хүн нас барсан ба 13 хүний биеийн байдал маш хүнд байгаа гэсэн мэдээлэл авлаа.

-Монголчууд ОХУ-аас хувийн хэрэгцээнд зориулан төрөл бүрийн бүтээгдэхүүн оруулж ирж байна. Хилээр ийм бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх талаар ямар хяналт тавьж ажиллаж байгаа вэ?

-Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан болон ер нь  хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагчийн үүрэг даалгаврыг аймаг, нийслэл, боомтуудын мэргэжлийн хяналтын байгууллагад хүргэсэн. Энэ хүрээнд хилийн боомтуудаар нэвтэрч буй хүнсний бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаанд тавих хяналтыг чангатган ажиллаж байна.

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас энэ сарын 6-ны өдөр Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, НМХГ-ын Экспорт, импортын хяналтын хэлтэс, аймгуудын МХГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэст албан бичиг хүргүүлсэн.

Хилийн боомт, гүний хяналтын талбайгаар нэвтэрч буй согтууруулах ундаа, чихэр, жигнэмэг, шоколад зэрэг бүтээгдэхүүнд Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтыг мөрдүүлж ажиллахыг даалгасан.

Түүнчлэн хувийн хэрэглээ гэх нэрийн дор зарим төрлийн барааг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн оруулж ирж, худалдан борлуулах зөрчил илэрсээр байгаа тул хяналтыг чангатгах үүрэг, чиглэлийг мөн өгсөн.  

ОХУ-ын Эрхүү хотод үүссэн энэхүү асуудалтай холбогдуулан “Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байхыг анхааруулаад байна.

-Ер нь иргэд хэр их хэмжээний согтууруулах ундааг хилээр оруулж ирдэг вэ?

-Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар хувийн хэрэгцээнд зориулж нэг литр архи, хоёр литр дарс, гурван литр шар айргийг нэг удаад оруулж ирэхийг зөвшөөрдөг. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.