БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн дотны найз Чой Сун Шил авлигын хэрэгт сэжиглэгдсэнээс хойш тус улсын улс төрийн салбарт эмх замбараагүй байдал үүссэн билээ. Чой Сун Шилийн Ерөнхийлөгчтэй дотно байдлаа ашиглан томоохон корпорациудаас өөрийн байгуулсан сандаа их хэмжээний мөнгийг хандив нэрийдлээр авч байсан нь илэрсний зэрэгцээ Ерөнхийлөгч Пак улс төрийн чухал баримт бичгийг найздаа дамжуулж, хэлэх үгээ зааварлуулж байсан нь баримттайгаар илэрсэн. Үүний дараа Ерөнхийлөгч өөрийн биеэр ард иргэддээ хандсан гурван удаагийн мэдэгдэл хийж, толгой бөхийлгөн уучлал хүссэн ч, тусыг эс олсон юм.
Пакын нэр холбогдсон дуулианыг сөрөг хүчнийхэн ч ашиглаж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буухыг Ерөнхийлөгчөөс шаардаж, олон тооны ард иргэдийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан байдаг. Мөн Пак Гын Хед итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах үндэслэлийг парламентад өргөн барьсан удаатай. Харин Ерөнхийлөгч өөрийнх нь хувь заяа хэрхэхииг парламентын гишүүдэд даалгасан ч, тэдний ихэнх нь эсрэг сонголтыг хийснээр Пак суудлаасаа бууж магадгүй болсон билээ. Түүнийг албан тушаалаас нь бүр мөсөн огцруулах асуудлыг 180 хоногт багтаан Үндсэн хуулийн шүүх шийдвэрлэх учиртай.
Тэгвэл саяхан Чой Сун Шилд холбогдох хэргийн анхны шүүх хурал болсны дараа түүний охиныг баривчлах тушаал гарчээ. Хэргийг мөрдөн шалгах тусгай баг Сөүл хотод байрлах Чой Сун Шилийн сангийн байруудад нэгжлэг хийж эхэлснээс гадна эдүгээ Германд амьдарч буй Чойн охин Чён Юраг ч гэсэн албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт сэжиглэж, баривчлах тушаал гарсан байна. Энэ хүрээнд Германы цагдаагийн газарт мэдэгдэл хүргүүлж, Чён Юрагийн байгаа газрыг тодорхойлох, баривчлах, эрэн хайх ажиллагаанд хамтарч ажиллахыг хүссэн аж. Чой Сун Шил болон түүний охин Чён Юра нар өнгөрсөн жил Самсунг группээс их хэмжээний санхүүжилтийг хандив нэрийддээр авсан нь тодорхой болсон гэнэ.
Б.Даваахүү