Н.Батсуурь: Таван настайдаа бүх цэцэрлэгийн аварга болж, 3000 төгрөгөөр шагнуулж байлаа

Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Монгол Улсын отгон арслан, Увс аймгийн Ховд сумын уугуул, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурьтай ярилцлаа.
 

-Улсын баяр наадамд та цөөнгүй жил сайхан барилдсан. Энэ жил арслан цол хүртлээ. Энэ наадмаар өөрийгөө дээгүүр барилдана гэж бодож байв уу?

-Бэлтгэл сургуулилтаа чамбай хийж, өөртөө итгэлтэй байж бүх боломжоо ашигласны дүнд арслан цолыг үнэн хүчээрээ авсандаа сэтгэл хангалуун байна.

-Шинэ цолондоо дасч байна уу?

-Эхэндээ нэг л сонин, зүүдлээд ч байх шиг санагдаж байлаа. Харин одоо гайгүй ээ. Дасч байгаа нь тэр юм байлгүй. /Инээв/

-Таныг бөхийн удамтай гэж ярьцгаадаг?

-Аавын аав, миний өвөө Ж.Гэлэг гэж дээхнэ үеийн улсын начин хүн. Харин миний аав 1988 оны наадмаар зургаа давж, улсын харцага цолд хүрсэн Намсрайжав гэж хүн бий. Хожмоо цолоо баталсан юм. Би өнгөрсөн жилийн наадмаар зургаа давж, аавынхаа цолонд 25 жилийн дараа хүрсэн. Ер нь аав, ээж хоёр маань аль аль нь бөхийн удамтай. Аавын ах, 1982 онд улсын начин болсон Г.Даваасамбуу эрдмийн зэрэг хамгаалсан цөөн бөхийн нэг. Даваасамбуу ах маань үндэсний бөхийн начин цолтойгоос гадна химийн ухааны доктор, лут хүн. Харин манай ээжийн талд Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалай гэж хүн бий.

-Өвөөгийнхөө тухай ярихгүй юу?

-Өвөө маань Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор 1950 онд Ш.Батсуурь аваргыг улсад хоёр жил дараалан түрүүлээд байсан “Босоо” үед нь хаяж энэ цолыг авсан. Батсуурь аваргатай нэг оны цэрэг, бидний ярьдгаар онжав байсан юм билээ. Тэгээд цэргээс халагдаж ирсний дараа нь Батсуурь аварга улсын наадамд түрүүллээ гэдгийг сонсоод улсад барилдахаар зориг гаргасан гэдэг. Олон хоног явсаар нийслэлд иртэл бөхчүүдийн бүртгэл дууссан байж. Увсаас ирсэн учраа хэлэхэд бүртгэж байсан офицер нь хоёр цэрэг дуудан хооронд нь барилдуулаад унасныг нь бөхийн бүртгэлээс хасч, өвөөг минь оронд нь барилдуулсан түүхтэй.

-Бөхийн ийм сайхан удамтай хүн чинь багаасаа л барилдаж эхэлсэн байх?

-Би таван настайдаа 1993 онд болсон бүх цэцэрлэгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа үндэсний бөхөөр барилдаад түрүүлж байлаа. Тэгээд анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн гараас гурван мянган төгрөгийн шагнал гардаж байснаа ер мартдаггүй юм. Ингэж л бөхийн гараагаа эхэлсэн дээ. Тэр барилдаанд улсын заан Ж.Ганболдын хүү, одоогийн аймгийн арслан Г.Ганням, мөн Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү барилдсаныг санаж байна. Тэр барилдаанд Ж.Наранцацралт агсны хүү үзүүрлэж, 1500 төгрөгөөр шагнуулсан юм. Би тэгэхэд толгой уургалах дархан мэхтэй, түүгээрээ олон хүүхдийг унагаж түрүүлсэн.

-Монголчууд эрт дээр үеэс бөхийн өмсгөлийг хийморь лундаа, амжилт, ялалттай салшгүй холбоотой гэж үздэг. Та харцага, арслан цол авсан энэ ээлтэй зодог шуудгаа хэнээр урлуулсан бэ?

-Хоёр жилийн өмнө “Саран зодог” гэдэг газар захиалж хийлгэсэн. Энэ зодог, шуудаг маань их ээлтэй. Зодог шуудаг хийлгэсэн өдрийнхөө маргааш нь Начин цолтны хүндэтгэлийн барилдаанд түрүүлж байлаа шүү дээ. Мөн миний одоо өмсөж яваа гутлыг нутгийн ах Лхамаа начны хүү Л.Амараа урлаж өгснөөр би улсын хоёр өндөр цолыг жил дараалан авлаа.

-Анх цол авсан үеэ эргэн дурсахгүй юу?

-2007 оны зун 19 настайдаа Ховд аймгийн баяр наадамд тавын даваанд аймгийн начин Чинзоригтой тунаад, би давж аймгийн начин цолны босгоор алхсан. Дараа нь 2011 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан болсон. Гэхдээ дунд нь хоёр жил Япон яваад бөхөөс хэсэг хөндийрсөн. Би “Соёл Эрдэм” дээд сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаад тэтгэлэгт хамрагдаад Япон явсан юм.

-Тэнд байхдаа Хакухо М.Даваажаргалын дэвжээнд хэсэг хугацаанд сүмогийн бэлтгэл хийсэн гэсэн. Сүмод хүч үзье гэж бодож байв уу?

-Би суралцах гэж явсан болохоос сүмоч болох гэж Японыг зориогүй. Ёкозүна Хакухо М.Даваажаргал бид хоёр багын найзууд. Наадам дөхөөд ирэхээр бөхчүүдийн хүүхдүүд болсон хойно хамт дагаад бэлтгэлд гардаг байлаа. Өөрөө барилдах дуртай болохоор сүмогийн бэлтгэлийг хийж үзсэн. Доод зиндааны бөхчүүдтэй ана мана үздэг л байсан.

-Танд Ш.Батсуурь дархан аваргын нэрийг аав тань өгсөн үү?

-Намайг дөнгөж төрж байхад том эгч таван настай, тэгээд аав, эгч хоёр маань Батсуурь гэж нэр хайрласан гэдэг. Түүнчлэн өвөө маань дархан аварга Батсууриар тав давж улсын начин болсон байдаг юм билээ. Ийм мундаг аваргын нэрийг аав минь нэг юм бодож л өгсөн байх.

-Та улсын харцагаас заан, гарьд цолыг алгасч арслан боллоо. Энэ жилийн наадмын хэдийн даваа чанга байв?

-Тэр, энэ гэлтгүй бүх өрсөлдөгч хүчтэй байлаа. Учраа бөхчүүд маань надтай адил ганц ч гэсэн даваа авахын төлөө бүх хүчээ дайчлан барилдсан. Миний хувьд дээгүүр даваанд хамраас цус гараад тогтохгүй байсан нь барилдахад багагүй хүндрэл учруулсан. Мөн анх удаа урьд өмнө ядарч байгаагүйгээрээ тамирдсан. Хажуугаар нь хөлийн шөрмөс татаад дэвж чадахгүй байлаа. Даваанаас давааны хооронд халуун цай ууж байж хурдан сэргэсэн.

-Тавын даваанд харцага Ө.Бат-Орших таныг амлахад юу бодогдов?

-Наадамд зодоглосон бөхчүүдэд тавын даваа тун чухал. Учир нь цолгүй нь цол авч, цолтой нь чимэг нэмэх гээд олон асуудал ургана. Нутгийн бөх амлахад харгүй сайхан барилдъя гээд гарсан.

-Тэгээд удаахь даваанд Р.Пүрэвдагва начинтай тунаад харцага цолоо баталсан. Та хоёрын барилдаан нэлээд удаж байгаад шодолтоос шийдэгдсэн?

-Хэрэв Р.Пүрэвдагва давсан бол цолоо ахиулж харцага болох байлаа. Харин би давбал цолоо батлах эгзэгтэй мөч байсан. Би эхэндээ барьцанд хүрээд барилдъя гэж гарч ирсэн ч нэг л болж өгөөгүй. Тэгээд шодолтоос бүх юм шийдэгдсэн.

-Шөвгийн дөрөвт Ч.Санжаадамба заантай хийсэн барилдааныг онцлохгүй байхын аргагүй. Тэгэхэд та хоёрыг Н.Ганбаатар гарьд амлалгүй тунаасан шүү дээ. Заантай барилдахад чанга байсан уу?

-Ч.Санжаадамба заантай өрөхөд надад хавьгүй амар санагдсан. Заан бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа таарч байсан болохоор тэр. Хэн хэнийхээ барилдааныг сайн мэднэ. Гарьд цолны төлөө барилдаж байгаа болохоор хэн хэн нь байдгаа л гаргасан нь мэдээж.

-Энэ жилийн наадмын өглөө өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байв?

-Жил жилийн наадмын өглөө бөх болгонд түрүүлэх юмсан гэдэг бодол төрдөг болов уу. Би бусдын адил энэ жишгээр гэрээсээ гарсан. Энэ маягаар бэлтгэлээ хангана шүү дээ. Удахгүй манай Ховд сумын түүхт 90 жилийн ой болно. Тэгэхээр аль болох хичээж барилдахыг бодсон. Хэд хоногийн өмнө наадмын түрүү бөхөд “Тоёота” корпораци “Ланд Круйзер 200” жийп машинаар байлна гэдгийг сонсоод хүргэн ахдаа, “Би түрүүлж тэр машиныг нь авна” гээд ам гарсан шүү. Мөн наадмын өглөө эхнэр маань, “Малгайны чинь тэмдэгний оёдол ханзарчихжээ. Оёод өгөх үү” гэдэг байна. Тэгэхээр нь нэгмөсөн шинэ цолоо аваад оёулъя гээд хэлчихэж билээ. /Инээв/

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?

-Эхнэрийг маань Саранжаргал гэдэг. Дархан-Уул аймгийн уугуул, одоогоор мэргэжил дээшлүүлэх гээд сурч байгаа. Эхнэр минь хэд хоногийн өмнө надад хүү төрүүлж өгч, хийморийг минь сэргээсэн. Энэ дашрамд “ДЦС-3” компанийн удирдлага, “Химон констракшн” компанийн захирал Я.Содбаатар, н.Энхтөр, “Увс нуур” дэвжээний тэргүүн Д.Дорлигжав, дэд тэргүүн Д.Цэрэнсамбуу, багш Б.Гантогтох болон намайг дэмжиж явдаг бүх ах нартаа баярласнаа илэрхийлье. Олны дэмээр энэхүү өндөр цолонд хүрлээ дээ.

-Цолоо ахиулах эгзэгтэй барилдааны өмнө багш, дасгалжуулагч нар тань юу гэж захисан бэ?

-Зоригтой, шийдэмгий, өмнөх даваагаа харж барилд гэж зөвлөсөн.

-Та жүдо бөхөөр хичээллэдэг. Аав тань энэ төрөл рүү оруулсан уу?

-Тэгэлгүй яахав. Аав маань намайг бага байхад чөлөөт, жүдо бөх, дээр нь гимнастикийн дугуйланд хүртэл хөтөлж оруулсан. 2010 оноос жүдогоор эрчимтэй хичээллэсэн. Улмаар 2011, 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн. Азийн аваргаас хүрэл, дэлхийн цомоос хоёр хүрэл медальтай.

-Та хэдэн жилийн өмнө сар шинийн барилдааны үеэр А.Сүхбат аваргаас “Ирээдүйн аварга” гэсэн хүндтэй шагналыг авсан байх аа?

-Хүндэлж явдаг бөхийнхөө гараас тэр шагналыг авсандаа их баярласан. Бас бэлгэшээсэн. Энэ шагналыг авсан бөхчүүд бүгд цолонд хүрцгээсэн байдаг.

-Ингэхэд та төрийн их баяр наадамд хэдэн жил зодоглож байгаа билээ?

-Таван жил төрийнхөө наадамд зодоглолоо. Энэ жил нутгийнхаа бөхчүүдтэй Харзтайн аманд бэлтгэл сургуулилтаа базаасан. Бэлтгэлээ сайн хийсэн учраас өнөөдрийн энэ амжилтад хүрлээ.

-Бидний хүсэлтийг хүлээн авч цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сонины хамт олонд болон уншигчдад ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Д.Жавхлан
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • davaahuu 2014-07-18 15:50:38
    Aztai odtoi l bna.ene tsagiin bohchuud shiruun baihad.amjiltaa batalj chadval yacnii boh gej helnee. Ugui bol aznii boh
    112.72.13.128
    Мэдэгдсэн Хариулах
  • наадамчин 2014-07-18 01:43:13
    Тэр цэцэрлэгтээ очоод манаач хийж амьдараач чи
    202.179.20.215
    Мэдэгдсэн Хариулах
    • buu ataarh chi 2014-08-01 04:25:39
      ataarhuu hun bee yasan. N.Batsuuri bol mundag boh shuu...
      27.123.213.129
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-07-17 07:23:55
    mundag bukh shuu. tsoloo ahiulj avarga bolooroi.
    103.10.23.81
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-07-17 04:19:47
    haluun bayar hurgey
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • baasansuren 2014-07-17 02:21:17
    bayar khurgey
    202.126.91.159
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2014-07-17 01:27:21
    bayr hurgey inen hucheeree tsol avsan shu
    202.180.218.5
    Мэдэгдсэн Хариулах