
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөөд өвдөг шороодсон билээ. Улс төрийн туршлагатай эмэгтэй, ямар ч туршлагагүй үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн эрд ялагдсан нь нэг хэсэгтээ л дэлхий нийтийг шоконд оруулсан. Тэгвэл Хиллари Клинтон өөрийнхөө ялагдсан шалтгааныг гадны нөлөөтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тодруулбал, түүний ялагдалд хувийн өс хонзон өвөрлөсөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үеийнх нь емэйлтэй холбоотой асуудлыг дахин сөхөж, сонгуулийн өмнөхөн гэм буруугүй гэж зарласан АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нөлөөлсөн гэнэ.
Өнгөрсөн сарын 8-нд Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш Хиллари Клинтон олон нийтийн хамарсан үйл ажиллагаанд тэр бүр оролцохоо больсон. Гэхдээ саяхан Нью-Йоркт сонгуульд нэр дэвшихэд хандив өргөсөн нийт хүмүүстээ талархлаа илэрхийлэх үйл ажиллагаанд тэрбээр оролцжээ. Улмаар энэ үеэр “АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Жэймс Комей санал хураалт болохоос ердөө 10 хоногийн өмнө хувийн емэйлтэй холбоотой асуудлыг дахин шалгах тухай материалыг конгресст илгээсэн нь олон мужид ялагдал хүлээхэд шууд нөлөөлсөн” гэж хэлсэн байна. Мөн Хиллари “АН-ын хороо болон түүний сонгуулийн сурталчилгааны ажлыг удирдаж байсан Жон Подестагийн емэйлийг хакердсан явдал ч гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувийн өс хонзонгоос үүдэлтэй” гэжээ
Монголын мэдээ
Б.Даваахүү