Т.Баясах: Зээлд хамрагдах хүсэлтэй ЖДҮ эрхлэгчдийн төслүүдийг нь авч байгаа
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясахтай  ярилцлаа.

-Дүүргийн хэмжээнд ажилгүйдэл хэр байдаг бол. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Бусад дүүрэгтэй харьцуулахад манай дүүргийн харьяат ажилгүй гэж бүртгэгдсэн иргэдийн тоо арай их байдаг. Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст албан ёсоор очиж бүртгүүлэн ажил хайж байгаа 5000 орчим иргэд байна. Үүнээс гадна, бүртгэлд хамрагдаагүй нэлээдгүй иргэд байдаг. Тиймээс Тамгын газраас энэ байдалд нэлээд анхаарлаа хандуулж, ажиллаж, иргэдээ аль болох ажлын байраар хангаж, орлоготой, ажилтай байлгах боломж нөхцлийг судалж ажиллаж байна.  Дүүргийн Засаг даргын Тамгын газар Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Ажилтай орлоготой Монгол хүн” арга хэмжээг тогтмол зохион байгуулж, бүртгэгдсэн иргэдийг ажилд зуучилж, мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох сертфикаттай сургалтад хамруулан мэргэжлийн үнэмлэх, зэрэг олгож, ажлын байранд зуучлах ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Тиймээс иргэд маань дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст ирж, бүртгэлд хамрагдан боломж нөхцлөөрөө ажлын байртай болох, ажилд зуучлуулах шаардлагатай гэдгийг энэ дашрамд хэлье.

-Заавал дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлэх ёстой юу?
-28 хороонд Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Тиймээс заавал дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст очилгүйгээр харьяа хороондоо очиж хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэндээ бүртгүүлээд ажилд зуучлагдах, төсөлд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой.

-Төсөлд хамрагдах хүсэлт гаргаж болно гэлээ. Ажилгүй, орлого тодорхойгүй иргэд төсөл бичиж хамрагдах боломжтой гэсэн үг үү?
-“Ажилтай орлоготой Монгол” хүн төсөлд манай дүүргийн 100 гаруй иргэн хамрагдан ажиллаж байна. Төсөлд хамрагдсан иргэд зээл авч, өрхийн бизнес эхлүүлэн ажиллаж байна. Өрхийн бизнесийг даган тодорхой хэмжээний орлого болон ажлын байр бий болж байна. Ажлын байр бий болсон болохоор өрхийн орлого нэмэгдэж байна. Дүүргийн зүгээс эдгээр иргэдтэйгээ байнга хамтран ажиллаж байна. Зээлд хамрагдлаа, өрхийн орлого нэмэгдлээ гээд тэдгээр иргэдээ орхихгүй. Учир нь өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн бараа бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахад багагүй бэрхшээл үүсдэг. Тиймээс эдгээр иргэддээ зориулан аль болох дундын дамжуулагчгүйгээр бараа бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж, хэрэглэгчдийн гарт шууд  хүргэхэд нь туслах зорилгоор Жуковын талбай дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төвүүдэд хямдралтай үнээр лангуу түрээслүүлэх боломж нөхцлийг судалж байна.

-Танай дүүргийн хувьд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ хэр хамтарч ажилладаг вэ?
-Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Хөдөлмөрийн хэлтэс хамтран жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох,  санхүүгийн түрээс /лизинг/-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр дэмжлэг авсан эрхлэгчдийн туршлагыг харилцан солилцуулах, төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, үзэсгэлэн худалдаанд хамруулах  зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас таван жилийн хугацаатай жилийн 0.7 хувийн хүүтэй зээлийг дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан олгохоор төслүүдийг нь авч байна.Энэ зээлд  “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль” –ийн тавдугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй, хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай,зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдынн өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэлтэй, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх  техникийн нөхцөл, байгаль орчны болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрөл авсан, ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгосон зэрэг нэлээд хэдэн шалгуур үндэслэлийг хангасан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжтой. Бидний хувьд энэ зээлд аль болох олон иргэнийг хамруулж, амьжиргаагаа дээшлүүлэхэд нь туслах зорилт тавин ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас гаргасан зээлийн тухай мэдээллийг аль болох олон хүнд хүргэж, зээлд хамрагдах иргэдийн тоо олон байгаасай гэж хүсч байгаа учраас холбогдох мэдээллийг хороод болон хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэж ажиллаж байна.

-Зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг авахад хязгаарласан хугацаа байгаа юу?
-Зээлд хамрагдах иргэдийн төслийг сарын хугацаанд авахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хугацаа наадмын дараа дуусна. Өнөөдрийн байдлаар зээлд хамрагдах хүсэлтээ гаргаж, төслөө ирүүлж байгаа иргэдийн идэвх сайн байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн хувьд энэ зээл маш тохиромжтой нөхцөл гэж ойлгож байгаа.

-Анзаараад байхад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэх хэсэг иргэд хаана ч харьяалагдахгүй, орхигдоод байх шиг байдаг. Эдгээр иргэдэд зориулсан арга хэмжээ, зээл тусламж гэж байдаг болов уу?
-Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд ч жижиг дунд үйлвэрлэлийг дэмжих сангаас гаргаж байгаа зээл, Ажилтай орлоготой Монгол хүн төсөлд хамрагдах боломжтой. Учир нь эдгээр хүмүүс “хувиараа хөдөлмөр эрхлэгчид” гэсэн тодотголтой л болохоос өрхийн бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй адилхан түвшинд бизнес эрхэлж байгаа шүү дээ. Тиймээс эдгээр хүмүүст бас боломж олгож ажиллах нь бидний үүрэг. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хандаж, тус хэлтсээс гаргаж байгаа ямар зээл, боломж, сургалт байна бүгдэд нь хамрагдан төслөө өгч, шалгаруулалтад орон зээлд хамрагдах боломжтой.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.