Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг хэрэгжүүлэх бодлогын зохицуулалтыг хэрхэн хийх, институцийн оновчтой хувилбарууд” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, тус Байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Б.Ундармаа нар оролцов.  Хэлэлцүүлгийг нээж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Б.Транкман нар үг хэлсэн.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг  МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор П.Хашчулуун тавилаа. Тэрбээр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг хэрэгжүүлэх бодлогын зохицуулалтыг хэрхэн хийх, институцийн оновчтой хувилбарууд” сэдвээр хийсэн танилцуулгадаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх оновчтой институцийн бүтэц, зохион байгуулалтын талаар санал, зөвлөмж дэвшүүлсэн. Судалгааны үндсэн дээр дэвшүүлсэн санал, зөвлөмжид  манай улсын хувьд хөгжлийн бодлогыг төлөвлөх дээд түвшний бүтэц нь Ерөнхий сайдаар ахлуулсан Тогтвортой хөгжлийн Үндэсний зөвлөл байж болохыг тусгажээ. Мөн цаашид хөгжлийн бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлыг хариуцсан Үндэсний хөгжлийн яам байгуулах талаар судлах нь зүйтэй гэсэн зөвлөмж танилцууллаа. Бодлогын зохицуулалтыг оновчтой хийснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал амжилттай хэрэгжиж, Монгол Улсад урт хугацаанд тулгарч байгаа сорилтуудыг даван туулах боломж бүрдэхийг доктор П.Хашчулуун танилцуулгадаа онцолсон.

Танилцуулгын дараа оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид үндсэн илтэгчээс асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлэн үг хэлсэн.

Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ “Төлөвлөгөө, зорилгогүйгээр ямар ч улс хөгждөггүй, харин зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлээд явбал ямар ч тогтолцоотой улс хөгжиж болдог юм байна. Үүнийг ойлгохгүйгээсээ болоод бид алдаа гаргасан. Бид тийм юманд хүрнэ гэсэн зорилгогүй болсон. Үндэсний хэмжээний том зорилготой болж, түүнийг хүчилж хийдэг, хэрэгжүүлдэг институцитэй болох хэрэгтэй юм. Өнөөдөр институцийн оновчтой бүтэц, хувилбар ярьж байна. Яамтай байх уу, зөвлөл байх уу гэдэгт Засгийн газар санал гарган, УИХ-аар батлуулж нэг бүтэцтэй больё. Тогтвортой хөгжлийн бодлого, түүнийг дагасан институц бий болгоход тусалж дэмжиж ирсэн, цаашид ч энэ байр сууриа илэрхийлж байгаа олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье” хэмээн хэллээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.