Үлэг гүрвэлийн олворуудыг хүлээн авлаа
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн 18 олдворыг АНУ-ын Засгийн газраас манай Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслол 7 дугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Хууль зүйн яамны Нью Йорк хот дахь салбарын байранд боллоо.

Олдворыг хүлээн авахтай холбогдсон АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг хүлээлгэн өгөх тухай Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Гэрээнд 2014 оны 6 дугаар сард Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл гарын үсэг зурсан юм. 
 

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Нью Йорк хотын Өмнөд дүүргийн Прокурор Прийт Бхарара болон албаны бусад хүн оролцов.
Элчин сайд О.Оч хэлсэн үгэндээ Монголоос гаралтай нэн эртний олдворуудыг олж буцаахад тусалж буй Америкийн хууль сахиулах албаныханд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, манай хоёр орны энэхүү  хамтын ажиллагаа нь зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд чухал туршлага болж байгааг онцлон тэмдэглэв.
http://www.mfa.gov.mn/images/123/20140716washington1.jpg

Прокурор П.Бхарара “Бид үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь буцаах түүхэн үйл явдалд оролцож байгаадаа баяртай байна” гэсэн бол Тусгай төлөөлөгч Ж.Хейз “Өнөөдрийн бидний буцаан өгч байгаа олдворууд хэн нэгний хувийн цуглуулгад байгаагүй зүйл. Эдгээр нь монголын ард түмний өмч бөгөөд өнгөрсөн жилийн бидний буцаасан Батаарын хамт үндэсний байгалийн түүхийн музейн үзмэрт тавигдах юм” гэв.

Олдворуудын дотор бүтэн шахуу Батаарын араг яс, Овирапторын чулуужсан өндөг, 5 үлэг гүрвэлийн хамтдаа чулуужсан яс зэрэг зүйл байна. Эдгээр нь 68-80 сая жилийн настай бөгөөд Монголын говиос олдсон гэдгийг судлаачид тогтоожээ. Судлаач Марк Норелл ийм төрлийн олдворууд нь нэн ховор бөгөөд шинжлэх ухааны чухал судлагдахуун болохыг тэмдэглэж байв.

АНУ-ын Засгийн газар 2007 оноос хойш л гэхэд уран зураг, гар бичмэл, олдвор зэрэг 7000 гаруй соёлын үнэт зүйлс, эртний эдлэлийг Австри, Герман, Камбож, Ирак Итали, Монгол, Перу Польш, Хятад, Франц зэрэг 30 шахам оронд буцаагаад байгаа аж.

Ёслолын үеэр Элчин сайд О.Оч АНУ-ын Цагаачлал, гаалийн хууль сахиулах албаны зарим төлөөлөгчид ССАЖЯ-ны хүндэт өргөмжлөлийг гардуулав.
 

Ёслолын ажиллагаанд мөн Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Гансүх, Консул З.Эрдэнэбаяр, ССАЖЯ-ны Палеонтологи, археологийн музейг шинэчлэх төслийн зөвлөх Др. М.Болорцэцэг, АНУ-ын Цагаачлал, Гаалийн хууль сахиулах албаны дотоод аюулгүй байдлын тусгай төлөөлөгч Жеймс Хэйз, мөн Албаны Олон улсын ажиллагааны газрын тусгай төлөөлөгч Люси Эскамилла, Эртний эдлэл, урлаг, соёлын өвийн асуудал хариуцсан төлөөлөгч Дебора Хардос, АНУ-ын Байгалийн түүхийн музейн палеонтологийн тасгийн дарга Марк Норелл, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов.    

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.