М.Ананд: Хоёр жилийн өмнө зогссон цаг хугацаа хөдөлж эхэллээ

Японы мэргэжлийн сумогийн 71 дэх ёкозуна Какүрюү М.Ананд Кюүшюү башёд түрүүлсэн билээ. Тэрбээр энэхүү башёг 14 даваа, нэг унаатайгаар өндөрлүүлсэн бөгөөд башё өндөрлөхөөс нэг хоногийн өмнө түрүүлэх болзлоо хангасан байсан юм. Тэгвэл эзэн хааны цомыг гурав дахь удаагаа өргөсөн ёкозуна Какүрюү М.Ананд ялалтын дараах сэтгэгдлээ хэрхэн хуваалцсаныг орчуулан хүргэж байна.
 
-Долоон башёгийн дараа эзэн хааны цомыг атгалаа. Сэтгэгдэл ямар байна?

 
-Баяртай байна. Өнгөрсөн нэг, хоёр жилийн хугацаанд бэртэлдээ гутарч, шаналж байсан. Гэхдээ байнга л энэ талаар бодож шаналахаас урьдаар, бие, сэтгэлээ аль болох тайван байлгахыг хичээсний дунд амжилтад хүрч чадлаа. Эцсийн эцэст ийм дүн гарч, сайн үр дүн авчирсанд баяртай байна.
 
-Энэ жил нэг ч түрүү аваагүй шүү дээ?

 
-Юуны түрүүнд миний шаналж байсан хамгийн гол шалтгаан нь ёкозүнагийн үүрэг хариуцлагаа биелүүлж чадаагүй явдал байлаа. Тун хэцүү байсан.
 
-Тэгээд хэн таныг дэмжиж, урамшуулж байв даа?
 
-Үргэлж дэмжиж байдаг сүмо бөх сонирхогчид та бүхэн минь, бас миний гэр бүлийнхэн, найз нөхөд гээд бүх л хүмүүс дэмжиж тусалж байсан учраас өнөөдөр би ийм амжилт гаргаж чадлаа.
 
-Бэлтгэлийн өрөөнөөс гарах үед эхнэр тань үнсэж баяр хүргэсэн байх аа?
 
-Тийм шүү. Сайхан байсан.
 
-Башён эхний өдрөөс л ялалтын буухиа үргэлжилж эхэлсэн?
 
-Сэтгэл тайвширч, өөрийгөө сүмоч болжээ гэх сэтгэгдэл төрж байсан.
 
-Гэтэл 10 өдөр дараалж давсныхаа дараа, 11 дэх өдрийн барилдаан дээр ялагдах үед хоёр жилийн өмнөхтэй яг ижил бодол төрсөн үү?

 
-Тийм шүү. Яг л тийм зүйл болсон. Тэр үед тэгсхийгээд л барилдаанаа дуусгасан. Гэхдээ энэ удаа яасан ч өмнөх алдаагаа давтаж болохгүй гэсэн сэтгэлээр бэрхшээлийг даван туулсан минь зөв алхам байжээ.
 
-Ганц удаа ёкозүнад унасан шүү дээ?
 
-Энэ удаагийн башёд гурван ч ёкозүна байсан учраас бүх чадлаараа барилдана л гэж бодсон. Түүнийгээ ч гүйцэлдүүлж чадсандаа баяртай байна.
 
-Кюүшюү башёд түрүүлсэн сэтгэгдлээ хуваалцвал?
 
-Хоёр жилийн өмнө зогссон цаг хугацаагаа эцсийн эцэст дахин хөдөлгөж чадлаа. Энэ амжилтаа бататгаж, илүү сайн амжилт үзүүлэхийг хүсч байна.
 
-Ер нь башёг тэргүүлнэ гэсэн бодол өмнө байв уу?

-Заавал түрүүлнэ гэж бодсон зүйл байгаагүй. Хамгийн сайнаараа л барилдая гэж бодож байлаа. Тэр нь ч дээр байсан байх.

Монголын мэдээ
Орчуулсан Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.