Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь, Баянхонгор аймагт газар хөдлөлт болж, чичирхийлэл нь 20 гаруй удаа давтагдаж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авлаа. Мөн АН-ын VI Их хурал есөн жилийн дараа болж, хоёр хоног хаалттай хаалганы цаана хуралдлаа.
 
Үүнээс гадна Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор адууг олноор тээвэрлэн, хил гаргахаар удаан хугацаанд өл хоолгүй байлгаснаас үүдэн 50 тооны адуу хорогдсон талаархи мэдээлэл, адууг машинаар хөөж, дайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, дуулиан дэгдээв.
 
Энэ мэтчилэн олон үйл явдал өрнөсний зэрэгцээ дээрх асуудлуудтай холбогдуулан хэн, хэн юу хэлснийг өнөөдрийн “Хэн юу хэлэв” булангаараа онцлон хүргэж байна.

 
М.ӨЛЗИЙБАТ: МУУ ЁРЛООД БАЙГАА ЮМ БИШ, БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

/Одон орон, геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлт судлах секторын эрхлэгч/
 
-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Тавантолгойн уурхайн орчимд газар хөдөллөө. Хүчний хувьд бага. Магнитудаар нь ярих юм бол хамгийн хүчтэй нь 3.6-тай хөдлөлт болсон. Яагаад шуугиан дэгдээв гэхээр газар хөдлөлт уурхайн дор болсон. Ерөнхий газар хөдлөлтийн гүн нь бага байсан гэсэн үг. Магнитудын 1.5-тай газар хөдлөлт гэдэг хүнд мэдэгдэхгүй шахам шүү дээ. Гэтэл уурхайнхан мэдээд байна гэсэн үг. Уурхайнхан ямар тохиолдолд мэдээд байна гэхээр, газар хөдлөлт бага гүнд болж байгаа учраас хүмүүст мэдрэгдээд байгаа хэрэг.
 
Тэнд болж байгаа газар хөдлөлтийн гүнийг маш нарийн тодорхойлох боломж бидэнд одоогоор байхгүй. Хамгийн ойрхон станц нь Тавантолгойгоос 80 км-ын цаана Өмнөговь аймгийн Ханхонгор суманд л байгаа. Ханхонгорт байгаа станцаараа бичээд, гаргаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэлээд хүчин чадалтай хоёр станц бичиж байгаа. Өмнөговь, Дундговьт байгаа хоёр станцид бичигдэж байгаа юм.
 
Яагаад шуугиан тарив гэхээр, газар хөдлөлт бүрийг Цогтцэций суманд амьдарч байгаа иргэд мэдрээд байхгүй юу. Бодоод үз дээ, гэртээ сууж байхад чинь 20 гаруй удаа газар хөдлөлт мэдрэгдвэл хэн ч сандарна биз дээ. Үүнээс гадна Улаанбаатар хотод сүүлийн 10-аад жил газар хөдлөлтийн өндөр идэвхжил ажиглагдаад эхэлчихсэн. Энэ бол уул уурхай, хүний үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Цэвэр байгалийн идэвхжил, өөрөөр хэлбэл хагарлууд нь идэвхжээд эхэлчихлээ гэдгийг судалгаагаар гаргаад ирсэн. Хэрвээ чи газар хөдлөлтийн аюултай бүсэд амьдарч л байгаа бол хэзээ ч газар хөдлөлт болж магадгүй гэж бодож, бэлтгэлтэй л байх ёстой. Энэ талаар л Ерөнхийлөгч яриад байгаа юм.
 
Тухайлбал, Гайтид болсон газар хөдлөлтийг дурьдаж болж байна. Тэр бол Чили, Японд болсон газар хөдлөлтөөс хамаагүй бага, 1000 дахин сул байсан. Гэтэл тэнд 300 мянган хүн үхчихсэн. Яагаад гэвэл, газар хөдлөлт болохыг тоохгүй явсаар байгаад тэр. Харин Чилид түүнээс илүү хүчтэй газар хөдөлж байхад бараг хүний амь үрэгдээгүй. 200 хүн л гэсэн тоо гарсан. Энэ жишээнээс харвал, хэрвээ бид сэргийлж, хамгаалж чадвал хохирол багатай гарч болж байгаа биз дээ. Энд газар хөдлөлт болох магадлал байна гэдгийг судлаачид нь тогтоогоод өгчихнө гэдэг чинь хүн бүр бэлтгэлтэй болохын л эхлэл. Улаанбаатар орчимд байгаа хавтангууд дээр долоон магнитудын хүчтэй газар хөдлөх боломжтой. Түүнээс биш Говь-Алтайд болсон шиг асар хүчтэй газар хөдөлнө гэж би хэлээгүй шүү дээ.
 
Монголд бол тийм хэмжээний газар хөдөлнө гэж хэлснийг эхлээд тодорхой хэлчихье. Гэхдээ долоон магниутад гэдэг чинь Гайтид болсон газар хөдлөлт байхгүй юу. Яагаад Улаанбаатарт газар хөдлөх нь гэж сандралдаад, яаралтай арга хэмжээ авахуулах гээд гүйгээд байна вэ гэхээр манайх Гайти шүү дээ. Байшин, барилга нь ямар ч замбараа байхгүй. Нэг л өдөр гэр рүүгээ орох гэхэд хаалга таглаад элдэв юм барьчихсан байдаг биз дээ, жаахан хэтрүүлэхэд. Ийм байхад гамшиг боллоо гэхэд яаж гал түймэртэй тэмцэх анги, түргэн тусламж очих вэ гэдэг асуудал байна.
 
Хоёрдугаарт, гэр хороолол гэж байна. Зуухандаа галаа түлдэг. Гэтэл газар хөдлөөд, гал гарвал энэ гэр хороололд хэчнээн айл галд автах билээ. Бидний хийх гээд байгаа гол ажил бол ийм аюул Улаанбаатарт байна, үүнийг багасгая л гэж байгаа юм. 100 мянган хүн галд шатаад үхэхээр байсныг 10 мянга болговол маш том амжилт. Тэр үүднээс л ярьж байгаа юм. Түүнээс биш муу ёрлоод байгаа даа ч биш.
 

Д.ЭРДЭНЭБАТ: АН НЭЭЛТТЭЙ НАМ БОЛОХ ХАМГИЙН АНХНЫ АЛХМАА ХИЙЛЭЭ

/АН-ын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн/
 

-АН нээлттэй нам болох хамгийн анхны алхмаа хийж байна. Тухайлбал, намынхаа даргыг нийт гишүүдээсээ сонгож, намынхаа бүтэц зохион байгуулалтаа дахиад шинээр зохион байгуулъя гэж байгаа. Ер нь бол намын даргаа нийт гишүүдээрээ сонгоно гэдэг нь фракцигүй болж байгаагийн хамгийн тод жишээ юм. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдээсээ сонгогдсон намын дарга хэн нэгний нөлөөлөлд автахгүй байх бүрэн эрх нь хэрэгжих бололцоо нь үүснэ. Энэ хүрээнд намыг тогтвортой удирдах боломж нь цааш үүсээд явна.
 
Манай гишүүдийн зарим нь бухимдаж байгааг буруутгахгүй. Бүх юмаа шийдээд гарчихья гэж боддог, нуулгүй хэлэхэд өдөөдөг хэсэг ч бий. Тэр болгон руу бид алхахгүй. Одоо энэ Их хурлын дараа намын даргын марафон явж дуусаад шинэ намын дарга сонгогдсоны дараа шинэчлэлийнхээ процессыг, үзэл баримтлалынхаа шннэчлэлийг шинэ намын даргын манлайлал дор хийх ёстой. Энэ шинэ намын дарга яаж харагдах вэ гэхээр бүх намынхаа гишүүдийг төлөөлж байгаа болохоос биш аль нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан ийм шинэчлэл рүү авч орж болохгүй юм шүү гэдгийг л өнөөдөр бид хийгээд байгаа юм. Тийм учраас хаа, хаанаа зөв ойлгох ёстой.
 
Мөн нэг хүнийг тойрсон эрх ашгийн нэгдэл битгий байгаасай. Үүн дээр манай намынхан бүгдээрээ санал нэгтэй, маргалдах юм байхгүй байгаа. Цаашдаа энэ нам дотор үзэл бодлынхоо бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэсэг бүлгээрээ нэгдэх, тэрийгээ лоббидох энэ хэмжээний зүйл аль ч намд байдаг, ийм эрүүл байгаасай гэж бодож байна.
 
Тиймээс дүрмийн нэмэлт өөрчлөлтөд орж байгаа нэг алхам нь шинээр байгуулагдах Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/, дунд шатны намын хороодууд намын даргаас үл хамааралтай болно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд ҮЗХ хуралдах бүрийд намын дарга ярьдаг байлаа. ҮЗХ нь намын даргыг огцруулах ч эрхтэй, томилох ч эрхтэй. Шинэ дүрмийн өөрчлөлтөөр нийт гишүүдээр сонгогдсон намын даргыг ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцээд огцруулах тухай ярих эрхгүй болно. Шинээр сонгогдох ҮЗХ бодлогын асуудлаа л ярина. Үүгээрээ том алхам хийж байгаа юм.
 

Б.БОЛОР: “ЭРДЭНЭТ”- ИЙН ШУУГИАН ХЭДЭН УЛСТӨРЧИЙГ Л ТЭЖЭЭЖ БАЙГАА ЮМ

/Сангийн сайд асан/
 
-Эрүүлээр бодоод үзэхэд “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад би оролцоно гэж байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, ОХУ 49 хувиа худалдаж байхад Монгол Улсын Засгийн газар оролцоно гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газар 49 хувийг худалдан авах саналаасаа л татгалзсан. Үүнийг би одоо ч зөв шийдвэр гэж үзэж байгаа. Учир нь Монгол Улс “Эрдэнэт”-ийн 51 хувийг эзэмшдэг. Нэмээд 49 хувийг эзэмшсэнээрээ “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь эзэмших нөхцөл байдал үүснэ. Хэрвээ ингэвэл улстөрчдийн саалийн үнээ л болно гэсэн үг. Сүүлийн 10 гаруй жил саалийн үнээ байсаар ирсэн.
 
Бүр аль ч нам нь Засаг барьж байсан ийм байсаар ирсэн. Та бүхэн захирлуудыг нь харж байгаа байх. Захирлаар нь үеийн үед дандаа улстөрч очдог. Улс төрийн томилгоогоор очсон хүмүүс улс төрийнхөө хүчний төлөө л ажилладаг. Тэгвэл 49 хувийг Засгийн газар аваагүй гэдэг нь энэ зүйлийг л зогсоох юм. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн ажил доголдоод, асуудал гараад байгаа зүйл байхгүй шүү дээ. Харин ч нөгөө шахаа энэ тэр гэсэн асуудал нь зогсож байгаа байх. Ажил хэрэг нь хэвийн сайн явж байна гэдгийг Ерөнхий сайд очиж танилцаад үзээд ирсэн.
 
Энгийн жишээ хэлэхэд өнөөдөр “Эрдэнэт” үйлдаэр 2-3-хан дэд захиралтай ажиллаж байна. Гэтэл өмнө нь 7-8 дэд захиралтай нэлээд өргөн хэмжээний удирдлагын багтай байлаа. Бүр зэсийн үнэ 10 мянга болж байхад зардлаа долоон мянга болгочихсон явж байсан ч үе бий. Улс төр гэдэг зүйлээ “Эрдэнэт” үйлдвэр рүүгээ оруулаад, тэр нь ард түмэнд таалагдахгүй байна. Тиймээс ч ард түмний нэр барьж яриад байгаа асуудал үүсээд байна. Ер нь хамгийн хялбараар ярихад ОХУ өөрийн ззэмшлийн 49 хувиа худалдсан л асуудал шүү дээ. Дэлхийн маш том олон улсын компаниуд ТУЗ-ийн дарга дандаа цөөнхөөсөө тавигдаж, хяналтаа тавьдаг тогтолцоо үйлчилдэг. Ер нь төр хяналтгүй болно гэж байхгүй. Төр Эрдэнэтийн 51 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд бүх шатандаа хянах бүрэн боломжтой.
 
Тухайлбал, татварын шалгалт оруулаад хянаж болно. Дээр нь мэргэжлийн хяналт, орон нутгийн засаг захиргаагаараа дамжуулаад хянах ч боломж бий. Тэгэхээр төрийн хяналтгүй боллоо гэдэг бол зүгээр нэг улс төрийн зүйл яваад байгаа юм. Миний хувьд компанийн засаглал ийм байх нь зөв гэж л шийдсэн хэрэг. Би Сангийн сайд хийж байхдаа төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга нар болж өгвөл хараат бус эсвэл цөөнхөөсөө байх ёстой гэдэг зарчмыг барьж ажиллаж байсан. Ингэснээрээ тухайн компаниудыг улс төрийн нөлөөнөөс гаргаж байсан юм.

 
П.СЭРГЭЛЭН: БИЧЛЭГҮҮДИЙГ ШАЛГАЖ, ҮНЭН ЗӨВИЙГ НЬ ТОГТООНО

/XXAAXҮ-ийн сайд/
 
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Миний бие сүлдэндээ залсан монгол адуугаа хүннй нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулж байхыг тэвчихгүй. Энэ асуудлыг бүрмөсөн шийдэж таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт дахин үүрэг болголоо” хэмээн мэдэгдсэн юм.
 
Тэгвэл энэ талаар ХХААХҮ- ийн сайд П.Сэргэлэн “Адуу экспортод гаргах гэж байгаа зарим хүмүүсийн болчимгүй үйлдлүүдийг харуулсан бичлэг олон нийтэд тархсан. Энэ бичлэгүүдийг шалгаж үнэн зөвийг тогтоох болно. Тиймээс сүүлийн үед үүсч байгаа нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар адууг амьдаар экспортлохгүй байх шийдвэр гаргасныг албан ёсоор мэдэгдлээ.

Бичигтийн Боомт дээр байгаа 800 гаруй тооны адууг буцаан татах шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад үүрэг өгсөн. Мал амьтныг хуурай газраар тээвэрлэх журам гэж бий. Мал амьтныг тээвэрлэхдээ бэртээхгүй, гэмтээхгүй, шахаж унагахгүй, дулааны улиралд тээвэрлэх, зэрэг журмыг баримтална. Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас гаргасан мал амьтны тавлаг байдлын тухай зөвлөмж бий. Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын гишүүн улс орон үүнийг дагаж мөрдөх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.


Монголын мэдээ
Э.Туул


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-09 01:47:40
    Энэ сэргэлэн гэдэг нөхөр моринд сонирхолтой морь сойдог хүн юм билээ. Сайд байх чадваргүй, Энхбөлд л томилсон. Найз нөхдөөрөө төрд байхаар яаж улс орон хөгжихөв...
    139.5.216.172
    Мэдэгдсэн Хариулах
  • солор 2016-12-09 01:14:10
    болор худлаа шааж байна, ямар ч ЗГ эрдэнэтийн 49 хувийг авахаас буцахгүй
    150.129.140.104
    Мэдэгдсэн Хариулах