
Пакистаны хойд этгээдийн Хайбер Пахтунхва мужид өчигдөр тус улсын иргэний агаарын тээврийн онгоц уулархаг хэсгийн нутагт сүйрчээ. Тухайн үед онгоцонд нийт 48 хүн зорчиж явсан бөгөөд бүгд амь үрэгдсэн байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр зорчигчдын дунд Пакистаны алдартай поп дуучин Жунайд Жамшед байжээ. Дуучин эрийг уг ослоор нас барсан талаарх мэдээлэл эдүгээ сошиал сүлжээнд эрчимтэй тарж, олон арван шүтэн бишрэгчид нь гашуудлын зурвас илгээж буй гэнэ.
Жунайд Жамшед тус улсын анхны хамтлагийн ахлагчаар ажилладаг байсан бөгөөд тус хамтлагийн дуулсан “Dil Dil Pakistan” дуу нь тус улсын албан бус төрийн дуулал гэж нэрлэгдэх хэмжээнд хүртлээ хит болж байжээ. Сүйрсэн онгоцны тухайд ATR-42 загварын онгоц бөгөөд Ситрал гэх бүс нутгаас нийслэл Исламабад хотыг чиглэн нисч явсан байна. Сүйрлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү