Шинэ парламент хуулиудад дахиад ”гар хүрдгээ” болимоор байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох, үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг оролцсон юм. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох, үндсэн чиглэлийн жагсаалтаас Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр хууль, тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах 18 төслийг хэлэлцэх юм байна.
 
Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Ц.Нямдорж, Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн, Монгол Улсад 560 орчим хууль байгаагаас ирэх дөрвөн жилийн хугацаанд 260 хуульд гар хүрэхээр болж байна. Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулиуд өнгөрсөн жил гараас гарсан байхад дахиад нэмэлт оруулна гэж байна. Ойр ойрхон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хууль эрх зүйн орчин тогтворгүй болж хөрөнгө оруулагч нар үргэнэ гэж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч парламентын нэг бүрэн эрхийн хугацаа дуусаад шинэ парламент бүрдэхээр дахиад хуулиудад гар хүрдгээ болимоор байна. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хийх шаардлага байхгүйг би энэ хууль дээр ажиллаж байсны хувьд сайн мэдэж байна гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан шинэ парламентын бүрэн эрхийн хугацаа эхлэхээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох тогтоолын төсөл батлуулах хуультай. Ирэх дөрвөн жил хэлэлцүүлэн батлуулах эдгээр 260 хуулийн шинээр батлагдах 75, шинэчилсэн найруулга хийх 85, нэмэлт өөрчлөлт оруулах 99, нэг хуулийг хасахаар төсөлд тусгасан. Хууль зүй, дотоод хэргийн яам төрийн байгууллага, яам тамгын газар нийт 43 байгууллагаас төсөлд тусгах санал авсан. Ингээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлж үндсэн чиглэлд тусгасан гэж хариулав.

Ингээд байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. УИХ-ын Ц.Нямдоржийн гаргасан “Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэмэлт, өөрчлөлт болгох” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь нь дэмжив. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын гаргасан “Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн тухай, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хасах” санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүд зүйтэй гэж үзэн дэмжлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх жагсаалтаас хасах” санал ч дэмжигдэв. Тогтоолын төслийг хэлэлцсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар болов.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.