Гал түймэрт өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд өртөж байна

Сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гал түймэр гарсаар байна.

Эдгээр ахуйн орчинд гарсан гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд амь насаа алдах тохиолдол эрс ихсэх хандлагатай байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ахуйн гал түймэрт өртөж таван хүн амь насаа алджээ.

Иймд: Иргэд та бүхэн гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд,

  • Пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх
  • Шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байх
  • Асрамжид байдаг өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Пийшин зуухны галлагааны зарчмыг мөрдөх
  • Халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах
  • Хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох
  • Эзэнгүй  гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх /шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах/-ыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж  хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй. Орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг  заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөе.

Түлсэн гал түймрийн үнс нурамыг тагтай төмөр саванд хийж, шатах материалаас зайтай байлгах, цахилгаан хэрэгслийн хүчдэлд тохирсон чанар стандарт хангасан залгуур, разетка ашиглах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, цоожлохгүй байх, хөлдсөн, хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвших сануулж байна.

Улсын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 3456 удаагийн обьектын гал түймэр гарч иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчид 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирч 46 хүн амь насаа алдаж, 31 хүн түлэгдэж гэмтсэн. Үүнээс гал түймэрт өртөж 13 хүүхэд амь насаа алдсан бөгөөд долоон хүүхэд түлэгдэж гэмтжээ.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын аврагч гал сөнөөгч нар нийт 1035 эрдэнэт хүний амь нас, 21,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.