Их хурлаа угтаж, хуралдсан АН-ын ҮЗХ ямар асуудал ярив...

Их хурлаа угтаж, өчигдөр АН-ын ҮЗХ хуралд­лаа. Энэ удаагийн хуралдаанаар Их хурлаараа хэ­лэл­­цэх  намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцсэн бай­на. Харин ҮЗХ-ноос баталсан шинэчлэлийг Их ху­рал­даа­наар хэлэлцүүлэх бөгөөд зарим асууд­лаар фрак­циудын байр суурийг нэгтгэхээр болсон гэнэ.Их ху­рал­даанд татвараа төлсөн төлөөлөгчийг орол­цуу­­лах юм байна. ҮЗХ-ны хурлын үеэр АН-ын за­рим гишүү­дийн байр суурийг сонссоноо хүргэе.

Л.Болд: Намын даргыг нийт гишүүдийн сонголтоор тодруулах хэрэгтэй
/УИХ-ын гишүүн/

  -Яг одоо Их хуралд бэлтгэх ажлын хэсгийн тайланг сонсч байна. Дүрэмд орох өөрчлөлтүүдийн талаар гишүүд саналаа илэрхийлж, ҮЗХ-аар саналаа нэгтгэж байна. Ийнхүү саналаа нэгтгээд орчихвол Их хурал дээр хэлэлцэх үйл явц арай хялбар байх болов уу гэдэг үүднээс хуралдаж байна. Намын дүрмийн хувьд олон санал гарч байгаа. Гэхдээ ажлын хэсгээс тодорхой дүрмийн өөрчлөлтийн санал гараад байна. Тиймээс яг түүн дээр тулгуурлан ажиллаж байна. Мэдээж хүн бүрийн анхаарал татаж байгаа асуудал бол намын гишүүнчлэлийг нээх асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, гишүүд цахимаар болон биечлэн ирэх гээд олон хэлбэрээр АН-д гишүүнээр элсэх асуудал нэлээд анхаарлын төвд байна. Түүнчлэн бүх шатанд дотоод ардчиллыг нэвтрүүлэх буюу нийт гишүүдээсээ намын удирдлагуудыг сонгох эсэх гээд олон асуудал хөндөгдөж буй. Ер нь намын даргыг нийт гишүүдийн сонголтоор тодруулах хэрэгтэй. Нийт гишүүдээр сонгуулах явцад дуртай хүн нь нэр дэвшээд явах уу, намын дээд шатны аль нэг байгууллага тодорхой шалгуур тавиад сонгон шалгаруулалт хийгээд, тодорхой тооны нэр дэвшигчийг сунгаанд оруулах уу гэдгийг хоёр тал нэлээд сайн ярилцаж байж шийдэх байх. Нэлээд маргаж байгаа.

Д.Зоригт: ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэхээр ярилцаж байна
/УИХ-ын гишүүн асан/

  -Намын Их хурлаар хэлэлцэх асуудлын тов, жагсаалтаа хэлэлцэж байна. Маргааш болох их хурал 1200 гаруй төлөөлөгчтэй том хурал учир хурлын зохион байгуулалтын асуудал буюу мандатын, редакцийн, тооллогын комиссуудаа байгууллаа.
 

Түүнчлэн маргааш /өнөөдөр/ хэлэлцэх гол асуудлууд болох намын даргын улс төрийн илтгэл, намын шинэтгэлийн ажил болоод үндсэн үзэл баримтлал ямар байх тухай асуудлыг өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаар хэлэлцэж байна. Намын даргыг улс орон даяар нийт намын гишүүдийнхээ дунд сунгаа маягаар явуулж олонхийн санал авсан хүнийг сонгох байх. Өөрөөр хэлбэл, хуучин Их хурлын 1200-1300 хүн эсвэл ҮЗХ-оос сонгочихдог байсныг болих гэж байна.Сонгууль өгөх эрхтэй АН-ын бүх гишүүдийн саналаар сонгогддог болно гэсэн үг. Тиймээс намын даргыг сонгох асуудал илүү нээлттэй болно.

Намын Их хурлаар дүрэм өөрчлөгдсөний дараа намын даргын сунгааны тов зарлагдах юм. Шинэ дүрмийн төсөлд ҮЗХ-ны гишүүдийн тоог 228-380 болгож нэмэгдэхээр тусгасан байсан. Ийнхүү гишүүдийн тоог нэмж, хоёр жил тутамд 50 хувьд нь шинэчлэл хийхээр яригдаж байна. Ийнхүү гишүүдийн тоог нэмж байгаа нь хувь хүнээс эсвэл цөөн хэдэн фракцийн хоорондоо яриад асуудлыг шийддэг байдлаас ангижирч байгаа юм.

С.Дэмчиг: Их хурлаар намын даргын асуудлыг ярихгүй
/АЗХ-ны дарга/

  -Маргааш /өнөөдөр/ манай намын Их хурал хуралдах гэж байна. Энэ удаагийн хурлаас хамгийн гол нь намын үндсэн дүрмийн шинэчлэлийг хүлээж байгаа. Энэхүү  хүлээлт  нь намын жирийн гишүүд дэмжигчдээс эхлээд төлөөлөгчид ч байх шиг байна. Ер нь бол сайн дүрэм батлагдаж байж, энэ намын дотоод эв нэгдэл, ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, санхүүжилтын журам гэх мэт олон асуудал сайжрах учиртай.

Тиймээс ирэх өдрүүдэд болох Их хурлаар дүрмээ сайтар хэлэлцэж байж батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. АН-ын ҮЗХ-оос АН-ын Үндсэн дүрмийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг сүүлийн 10 гаруй хоног хуралдсан. Ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж яг одоо танилцуулж байна. Улмаар эндээс гарсан дүрмийн тодорхой төслийг маргаашийн /өнөөдөр/ Их хурал руу оруулах байх.

Мэдээж Их хурлын төлөөлөгчид тэрхүү дүрмийн төслийг хэрхэн яаж батлах эсэх бүрэн эрх нь байгаа. Тиймээс дүрэм яаж ч батлагдаж болох юм. Надад ирсэн мэдээллээр Их хурлаар зөвхөн намын үндсэн дүрэм батлана. Тухайн үндсэн дүрэмд намын нийт гишүүдийн саналаар намын даргыг сунгаагаар тодруулна гэж заасан байгаа. Тиймээс маргааш намын даргын асуудлыг ярихгүй.

П.Галиндэв: АН дарга байхгүй ийм удаан хугацаанд явж болохгүй
/АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн/

  -Өнгөрсөн хугацаанд тал талд намын үндсэн дүрмийг боловсруулах, хүмүүс ажиллаж байсан. Үндсэндээ сар гаруйн хугацаанд ҮЗХ-оос байгуулагдсан АН-ын дүрмийн ажлын хэсэг сайтар ажилласан. Гэхдээ АН-ын шинэчлэл гэдэг зүйл ганцхан сарын хугацаанд эсвэл хоёр сар боловсруулаад хийх ажил биш.

Тиймээс илүү урт хугацаанд сууж, ажиллах шаардлага тулгарч байгаа. Маргааш /өнөөдөр/ намын Их хурлаар намынхаа гишүүдтэйгээ дүрмийнхээ асуудлыг нэлээд сайн ярилцах болно. Цаашид ч намын шинэчлэлийн асуудал бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх ёстой гэж харж байгаа. Намын даргын хувьд маш олон байр суурь яригдаж байгаа юм. Тухайлбал, намын нийт гишүүдээс намын марафоноор даргыг сонгох ёстой.

Эсвэл намын Их хурлаар сонгох ёстой гэх зэргээр яригдаж байна. Миний хувьд Их хурлаар намынхаа даргыг тодруулах ёстой гэж үзэж байгаа. АН дарга байхгүй ийм удаан хугацаанд явж болохгүй. Дарга байхгүй орон нутгийн сонгуульд оролцоод амжилт үзүүлж чадсангүй. Хэрвээ энэ байдлаараа удаан үргэлжилбэл нам эзэнгүйдэх байдал харагдаж байна. Тиймээс Их хурлаараа намын даргыг сонгох нь зөв. Түүний дараа намын шинэчлэлийн ажлыг сонгогдсон дарга нь үргэлжлүүлээд явах нь зүйтэй.

Г.Баярсайхан: Шинэчлэл хийж чадна гэж найдаж байгаа
/АН-ын ҮЗХ-ны гишүүн/

  -ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар маргааш /өнөөдөр/ болох Их хурлын тооллого болоод мандатын комисс гээд зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж байна. Түүнчлэн ҮЗХ-ны татварын асуудлыг ярилцаж байна. Өөр онц содон зүйл яриагүй. Их хурлаар намын даргын асуудлыг ярихгүй. Энэ удаагийн Их хурлаас намын дүрмийн шинэчлэлийг хийх, нэгдсэн шинэ зохион байгуулалтад орохыг л хүлээж байна. Ер нь АН-ын шинэчлэлийг боломжийн хэмжээнд хийхийг л оролдох болно.

Шинэчлэл хийж чадна гэж найдаж байгаа. Манай намын дүрэм болоод үндсэн зохион байгуулалтад дорвитой өөрчлөлт хийхгүй бол болохгүй байна. Болохгүй байна гэдгийг өнгөрсөн сонгуулиудын үр дүн харуулчихлаа шүү дээ. Тиймээс шинэчлэлийг нэлээд анхаарах хэрэгтэй. Залуучууд, эмэгтэйчүүд болоод ахмадууд гээд бүх намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудын гээд бүх гишүүдийн саналыг үндэслэх болно. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг зарчим дээр тулгуурлан өөрчлөлт хийж байгаа.

А.Бакей: Намын даргын сунгааг зохион байгуулах журмыг ярилцаж байна
/УИХ-ын гишүүн асан/

  -Өнөөдрийн хурлаар АН-ын шинэчлэлийн хөтөлбөр гэх бодлогын баримт бичгийг батлахаар хуралдаж байна. Түүнчлэн АН-ын үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, төслийг хэлцэж батлана. Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор зарим нэмэлт дүрэм, журмыг хэлэлцэж байна. Онцлох зүйл гэвэл намын даргад нэр дэвшигчдийн сунгааг зохион байгуулахтай холбоотой дүрэм, журмыг мөн ярилцаж байна.


 

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.