“Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет өнөөдөр тоглогдоно
Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет өнөөдөр 17 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдоно.

Усан үзмийн тариалан, түнэр шугуйн завсарт эгэл жирийн хэр нь аз жаргал бялхсан бяцхан тосгон оршино. Ургацын баярын завгүй өдрүүд үргэлжилж, тосгоныхон инээд хөөр дүүрэн байх агаад хүн бүрийн хайрыг татсан хонгорхон бүсгүй Жизельд ойн цагдаа Ханс хором тутам сэтгэлээ илэрхийлэх ажээ. Гэвч Жизель тариачны дүрд хувирсан гүн Альбертад хэдийнээ дурласан байлаа...

Адольф Шарль Адан хэмээх нэрийг урлагийн түүхнээ мөнхөлсөн энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг 1841 оны 6-р сарын 28-ны өдөр Парисын Гранд Опера театрт ийнхүү амилж байжээ. Тэр өдрөөс хойш хоёр зууны турш хэд дахин үзсэн ч ханамгүй гайхалтай бүтээл хэвээр байж, олны талархлыг хүртсээр байна. Нөгөө ертөнцийн охин сүнснүүдийн гайхам сонин бүжгийг харуулахын тулд пуанты буюу хөлийн хуруун дээрээ явах үзүүлбэрийг илүү боловсронгуй болгосон, түүнчлэн хөнгөн сүнсний нисэх мэт хөдөлгөөн, жингүй мэт агаарт хөвж харагдах олон хүнд үзүүлбэрийг баяртай, гунигтай олон хөгжимтэй хослуулан бүжиглэж, мөн жүжиглэж болохыг анх харуулснаараа "Жизель" сонгодог урлагийн ертөнцөд балетын эзлэх байр суурийг өндөрт өргөсөн хүндтэй бүтээл юм.

19-р зуунд барууны орнуудад урлагийн хямрал болж байхад оросын тайзнаа "Жизель" улам бүр төгөлдөржин хөгжиж, өнөөдөр дэлхий дахинаа оросын сонгодог дэглэлтээр илүү мэдэх болжээ. Энэ хувилбараар 1979 оноос эхлэн УДБЭТ-ын тайзнаа тавигдаж байгаа билээ.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.