Ж.Эрдэнэбат: 55 мянган өрхийн амьжиргааг дээшлүүлж, ядуурлаас гаргана

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал,тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга аа,

УИХ-ын гишүүд ээ,

Монгол Улсын нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй  асуудлууд, Монгол Улсын Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулахаар энэ удаагийн Засгийн газрын мэдээллийг бэлтгэлээ.

Нийгмийн зүгээс зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэдийг төр ивээлдээ авч, амьдралын баталгааг нь алдагдуулахгүй байх зорилгоор 1995 онд Нийгмийн халамжийн анхны бие даасан хуулийг УИХ-аас батлан, хэрэгжүүлснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ.

Өнгөрсөн хугацаанд Нийгмийн халамжийн багц хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан ба  халамжийн чиглэлийн шинэ хуулиудыг ч  нэмж баталжээ. Одоо нийгмийн халамжийн чиглэлээр 5 хуулийг дагаж мөрдөж байна.

Эдгээр хуулийн хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, алдар цолтой ахмад настан, хүүхэд, эхчүүд болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд төрөөс тэтгэвэр, тэтгэмж олгож, тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

2016 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 73.0 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, 63.0 мянган хүн асаргааны тэтгэмж, 67.0 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж, 31.0 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж, 141.0 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тусламж үйлчилгээг, 4.0 мянган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг халамжийн сангаас аваад байна.

Түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 3.0 мянган хүн, “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа  олгох мөнгөн  тусламжид 207.0 мянган хүн, цаатан иргэнд олгох мөнгөн тэтгэмжид 3,0 мянган хүн, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид 134.0 мянган хүн хамрагджээ.Жилд дунджаар нийтдээ 730.0 мянга орчим иргэн халамжийн үйлчилгээ хүртэж байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ хүртэгчдийг хүн амын бүлгээр ангилан үзвэл тэтгэврийн насны иргэдийн 70 хувь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 87 хувь, 16-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний 63 хувь нь халамжийн хөтөлбөрт  хамрагдаж байна.

2015 оны жилийн эцсийн байдлаар хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээнд 260.6 тэрбум төгрөгийгзарцуулсан нь ДНБ-ий 1.1 хувь, хүүхдийн мөнгийг оруулан тооцвол ДНБ-ий 2,1 хувьтай тэнцэж байна.

Харин дундаж орлоготой гадны улс орнууд ДНБ-ийхээ 1.6 орчим хувийг, өндөр орлоготой улс орнууд ДНБ-нийхээ 1.9 орчим хувийг нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулж байна.

УИХ-ын гишүүд ээ,

Манай нийгмийн халамжийн салбарт өнөөдөр тулгамдаж байгаа зарим асуудлыг авч үзвэл:

  • Өнгөрсөн 6 дугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн дараа буюу 2016 оны 7 дугаар сарын байдлаар улсын төсөвт хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэр нь бүрэн зарцуулагдаж, 2016 оны батлагдсан төсөв болох 144.0 тэрбум төгрөгийг 6 дугаар сард зарцуулж дууссан байсан. Өнгөрсөн жилүүдэд хүний хөгжил санд хангалттай орлого төвлөрөөгүй, Засгийн газраас бонд гаргах замаар хөрөнгө босгож хүүхдийн мөнгийг санхүүжүүлж иржээ. Иймд хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг цаашид улсын төсөвт шилжүүлж, шийдвэрлэх асуудал тулгамдаж байсныг Засгийн газар  шуурхай шийдвэрлэж, улмаар хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээний нэр төрөл олон, хамрах хүрээ хэт өргөн, жилд 730,0 орчим мянган хүнийг хамруулж, 4 хүн тутмын нэгд төрөөс халамж үзүүлж байгаа нь халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт чиглээгүйг илэрхийлж байна. Тухайлбал, 2015 онд хийсэн судалгааны дүнгээс харахад нийт халамжийн үйлчилгээний 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй 40 хувь нь хүртжээ.  
  • Нийгмийн халамжийн нийт зардал өндөр хэдий ч ядуу, амьжиргаа багатай зорилтот бүлгийн хүн амд очих халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээ бага байна. Тухайлбал,5 ам бүлтэй нэн ядуу өрхөд (2 том хүн, 3 хүүхэдтэй) сард 45,5 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичгийн дэмжлэг үзүүлж байна. Халамжийн сангаас олгох тэтгэмж, тусламжийн хэмжээ нь ядуу өрхийн сарын амьжиргааны хэрэглээний дунджаар 9.8 хувьтай тэнцэж байна. Энэ нь дэлхийн ихэнх улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин, Европ, Төв Азийн зарим улс орнуудтай харьцуулахад 5-6 дахин бага байна. 
  • Нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнүүд ядуурлыг бууруулахад чиглэгдэж буй боловч эдийн засгийн өсөлтийг дагаж ядуурлын хамрах хүрээ дорвитой буурахгүй, харин ч ядуурал олон хэлбэртэй болж хүн амын зарим хэсэг нь орлогын төдийгүй боловсролын, сэтгэлгээний ядууралд нэрвэгдэж, ядууралтай эвлэрч, түүнээс гарах эрмэлзлээсээ няцах хандлагатай болж байгаа нь санаа зовоох асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэгт нийгмийн халамжийн мөнгөн тэтгэвэр, тэтгэмж олгохоос гадна нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлж, үе дамжсан ядуурлаас сэргийлэх шаардлагатай  байна.
  • Хөдөлмөр эрхлээд амьдралаа авч явах бололцоотой зарим нь ч халамж хүртэх сонирхол өндөртэй байна. Иргэдийн дундах бэлэнчлэх, халамжлуулах сэтгэлгээний хандлагыг өөрчилж, халамжийг зөвхөн төрийн туслалцаа зайлшгүй шаардлагатай ядуу, эмзэг хэсэгт хүргэх учиртай гэдэг ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх шаардлагатай байна. Нийгмийн халамжийн хууль тогтоомжид халамжийн хөтөлбөрт хамруулах хугацаа, дараагийн хөтөлбөрт шилжүүлэх тухай зохицуулалтууд ч дутагдалтай байна.
  • Хүн амын хэрэглээнд үндэслэн амьжиргааны түвшинг тодорхойлдог “орлогыг орлуулан тооцох аргачлал”-ыг нэвтрүүлж, зорилтот бүлгийг тодорхойлж байгаа хэдий ч уг аргачлалыг тойрсон шүүмжлэл нийгэмд их байгаа нь цаашид аргачлалыг боловсронгуй болгож орлогын үзүүлэлтэд үндэслэх шаардлагатайг харуулж байна.
  • Нийгмийн халамжийн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн дийлэнх хэсгийг 2013 оноос эхлэн орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг болсон. Энэ нь төсвийн төвлөрлийг сааруулах, орон нутагт төсвийн эрх мэдлийг олгох зорилготой байсан. Гэвч зарим тохиолдолд орон нутгийн төсөвт ачаалал үүсгэх, төсвийн хөрөнгийг дамжуулах шат дамжлага нэмэгдэх, эмзэг ядуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгохгүй байх зэрэг хүндрэлийг үүсгэж байна.
  • Нийгмийн халамжийн арга хэмжээг 100 хувь улсын ба орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байна. Гадна, дотны төрийн бус багууллагууд, компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн өрх, иргэдэд туслах зорилгоор зарцуулсан хөрөнгө, хандивийг хүлээн авч бүртгэх, зохих эзэнд нь хүргэх, хяналт тавих нэгдсэн зохицуулалтууд үгүйлэгдэж байна.

  УИХ-ын гишүүд ээ,

  Нийгмийн халамжийн салбарт тулгамдаж байгаа дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэж,  эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд халамжийг эмзэг, ядуу зорилтот бүлэгт чиглүүлэхийн тулд Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

  • Нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, өнөөгийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийж, халамжийн туслалцаа хамгийн их шаардлагатай ядуу иргэдэд чиглэсэн дэмжлэгт илүү хөрөнгө хуваарилна. Энэ зорилгоор халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний нэр төрлийг оновчтой тогтоон зарим хөнгөлөлт, тусламжийг нэгтгэн багцалж, халамжийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлнэ. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлнэ.
  • Хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийг бэлэн мөнгөөр тэтгэх бус хөдөлмөр хийж орлого олоход саад болж байгаа бэрхшээлийг нь хамтын дэмжлэгтэйгээр арилгаж, хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлж, ядуурлаас гаргах олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. “Халамж хүртэгчээс- хөдөлмөр эрхлэгч” болгох бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Нийгмийн халамжийн зорилтот бүлгийг тодорхойлж байгаа аргачлалыг дахин сайжруулж, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлохдоо цалин, тэтгэвэр зэрэг мөнгөн орлогод тулгуурлах, өрхийн мэдээллийг үл хөдлөх хөрөнгө, авто тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сангуудтай тулган сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мөн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг боловсрол, эрүүл мэнд, түлш, эрчим хүч, хөдөлмөр эрхлэлт, хууль, барилга, орон сууц зэрэг бусад олон салбарт ашиглаж, зорилтот өрхүүдэд чиглэсэн нийгмийн цогц үйлчилгээг хэрэгжүүлж ажиллана. 
  • 2016-2020 онд зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг орон нутгийн байгууллага, ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлж, жилд 13.0 мянга, 4 жилийн хугацаанд 55.0 мянган өрхийг сонгон, амьжиргааг нь дээшлүүлж, нийгмийн үйлчилгээнд бүрэн хамруулан, хөдөлмөр эрхлүүлэх зэргээр тэднийг ядуурлаас гаргана.
  • Зорилтот бүлгийн өрх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагууд, нийслэл, орон нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлага, салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах зорилгоор Ядуурлыг бууруулах үндэсний стратегийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлнэ.
  • Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн төсөвлөлт, зарцуулалт, тайлагналтыг ил тод, нээлттэй болгож, хяналтыг сайжруулна. Түүнчлэн нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн өрх, иргэдэд зарцуулсан хөрөнгийн бүртгэл мэдээллийг сайжруулж, хувийн хэвшилд татварын хөнгөлөлт эдлүүлэх замаар халамжийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бололцоог судална.

  Эрхэм гишүүд ээ,

Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх дээрх бодлогын шинэчлэлийн зэрэгцээ хүн амын бүлгүүдийн хөгжлийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас дараах арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого гаргаж, Ач санах тухай хуулийг батлуулж, азай буурлуудад "Насны хишиг" тэтгэвэр олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ” гэсэн зорилтын дагуу ахмад настанд “Насны хишиг”-ийг жилд 2 удаа олгож байхаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан. 

Энэ хуулийн хүрээнд 120,0 орчим мянган ахмад настанд жилд 2 удаа 50.0-250.0 мянган төгрөгийн тэтгэмж олгох нөхцөл бүрдэж, азай буурлуудын амьжиргаанд нь дэмжлэг үзүүлсэн нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдлээ.

Засгийн газраас ахмадууддаа насны хишиг олгох төдийгүй тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, хуримтлуулсан мэдлэг, ур чадварыг нь хойч үедээ өвлүүлэх зорилгоор ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байна.

Хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг хүн амын цонх үе буюу төрөх насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байгаа одоо үед л хэрэгжүүлэхгүй бол цаашид ахмад настны тоо нэмэгдэж, төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсан үед төрөөс төрөлтийг дэмжих бодлого боловсруулаад үр дүнгүй байх болно.

Иймд хүн амын өсөлтийг дэмжих, 2 хүртэлх настай хүүхэдтэй болон олон хүүхэдтэй  өрхийг дэмжих  зорилготой “Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцүүлээд байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Дээр дурдсан зорилт, арга хэмжээг Засгийн газраас нийгмийн халамжийн салбарт авч хэрэгжүүлснээр Монгол Улсад халамжийн үр дүнтэй тогтолцоог цаашид бий болгож, үйлчилгээг сайжруулахаас гадна Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх боломжтой болно.  

 Анхаарал тавьсанд баярлалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-04-17 12:39:05
    2000 ond l MAN ..tvmnee yduurlaas gargana gej amlaad chadaagvi.Odoo. ch Erdenebat eniig xiine gedeg estoi vlger bailgvi. MAN iin darga boloxiin tuld busdad
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkkk 2016-12-05 02:40:18
    ESTOI HUDALAA AMALLAA, 55- n MYNGAN URHIIG YADUURALAAS GARGANAAAAAA ... HUN ITGEJ BOLOH UM AMALAJ BAIGAACH UBMGL NAIZAA. AMALHAASAA BOLOMJIIG NE OLG...
    182.160.33.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-04 18:47:58
    Huuhed, hugshid, hugjiliin berhesheeltei humuusee l sain harj uz, busdad ni unelemjtei ajiliin bair gargaad ugchih!
    66.181.185.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Гарамжав 2016-12-04 01:16:26
    Эцэг эх нь ямар ч орлогогүй, зөвхөн хүүхдийн мөнгө харж суудаг, өлөн зэлмүүн олон хүүхэд бий болгохоос сэргийлж 5-аас дээш хүүхэдтэй, өрхөд олгохгүй байх нь зөв...
    103.212.118.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнхбат 2016-12-04 01:05:00
    Зарим ядуу өрхүүд 5-6 хүүхдийн мөнгөөр буюу 100,0-120,0 мянган төгрөгөөр сардаа хүргэж амьдраад, байгаа болохоор ажил хийх сонирхолгүй, хагас зэрлэг хүүхдүүд бо...
    103.212.118.102
    Мэдэгдсэн Хариулах
  • ТББ 2016-12-03 01:28:47
    Нийслэлд 3000 орон гэргүй тэнэмэл иргэд байна гэж тоолж хөтөлбөр хэрэгжүлсэн. Үр дүн гараагүй. Учир нь мэргэжлийн боловсон хүчин байхгүй, тэдэнтэй нүүр тулан аж...
    103.50.206.40
    Мэдэгдсэн Хариулах
  • шударга бай 2016-12-02 23:12:24
    Улсад 30-40 жил нийгмийн даатглаа төлж ажилласан ахмадууд тэтгэвэр нэрээр энэ хадгаламжийнхаа талыг авч буй. Жинхэнэ ардчлсан орнуудад төлсөн даатглыг нь жилийн...
    202.9.41.198
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2016-12-02 18:14:41
    ene 2 yu gej balairaad bna.Xarin ch yadyy xvmvvs xvn chanartai vnench ajilsag xvmvvs.Bayn nowshnyyd xydalch zalxyy ylsaas ix xemjeenii möngö lyiwardax
    79.226.78.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Давгадорж 2016-12-02 15:12:33
    Өнгөрсөн хугацаанд ядуу өрхүүдийг сайн тэжээсэн, үр дүнд нь тэдний төрөлт нэмэгдсэн.Ядуу өрхөөс ядуу, амьдрах чадваргүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс төрдөг.
    103.57.95.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Жамъяндорж 2016-12-02 14:55:10
    Ядуу өрхөд хүүхдийн мөнгө өгөөд байхаар ядуу айлд хүмүүжиж хагас зэрлэг байдалтай өссөн иргэдийн тоо олширч, Ирээдүйд үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө.
    103.57.95.123
    Мэдэгдсэн Хариулах