Ж.Эрдэнэболд: Улаанбаатар хотыг телекамерын бүрэн хяналттай болгоно
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдтой ярилцлаа.

-Улаанбаатар хотод эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар яриагаа эхэлье.

-Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд хоногт дунджаар 1500-2000 дуудлага мэдээлэл хүлээж авдаг. Баяр ёслолын болон ачаалалтай үеэр энэ дуудлагын тоо 2500-3000 хүрдэг юм. Хоногийн дундаж дуудлагын 60-70 нь гэмт хэргийн, 1000 орчим нь захиргааны зөрчлийнх байдаг бол 300-400 нь зам тээврийн ослынх байдаг. Тусгай дугаарын 102 утсанд ирж буй мэдээлэл, дуудлага бүрийг цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгана, шийдвэрлэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн алба хаагчид ачаалалтай ажиллаж байна. Хоёрдугаарт, статистик мэдээллээр улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 66.1 хувь нийслэлд гарсан байна. Мөн улсын хэмжээгээр нийт гомдол, мэдээллийн 72.1 хувийг хотын цагдаагийн газар, түүний харьяа хэлтэс хүлээж авч, шийдвэрлэсэн байна. Үүнээс л хотын цагдаагийн харьяа хэлтсүүдийн ямар ачаалалтай ажиллаж буй нь харагдаж байгаа байх.

-Үйл ажиллагаандаа орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Улаанбаатар хот байнгын оршин суудаг 1.3 сая хүнтэй, явуулын иргэдийн тоог оруулбал 1.5 сая орчим хүн аж төрж буй олон улсын хэмжээний мега хот болчихлоо. Энэ хотод бид өнөөдөр иргэдийн, хотын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журмыг сахиулах зэрэгт бие биетэйгээ харилцан хамааралтай үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэмт хэрэг гарсны дараа биш гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагаа. Гэмт хэрэг гарахгүй байх бүхий л боломжит үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлийг баримталж байна. Ингэхдээ сүүлийн үед олон улсын мега хотуудад хэрэгжүүлж байгаа гэмт хэргийн хяналтын цогц системээс Монгол Улсад, Улаанбаатар хотод таарч тохирохыг нь судалж, туршиж байгаа юм. Гэмт хэргийн газрын зураглалын системийг өнгөрөгч есдүгээр сарын 1-ээс Улаанбаатар хотын хэмжээнд туршаад явж байна. Цаашид ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс Гэмт хэргийн хяналтын цогц системтэй болно. Тухайлбал, энэ долоо хоногт ямар хэргүүд гарав, түүний өмнөх долоо хоногт нөхцөл байдал ямар байсан бэ гээд цаашдын төлвийг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолоод явах арга барилыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдөр бүртгэгдсэн дээрэм, булаалт, хулгайн гэмт хэргүүд 24 цагийн дотор цахим зураглалын системд шилжиж байгаа. Эндээс хаана ямар гэмт хэрэг, аль цаг хугацаанд гарч байгааг тогтоож, хүн хүч, камерын хяналт, гэрэлтүүлэг хаана хэрэгтэй байгааг тогтоогоод явчихна. Осол, хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг бид тогтоож чадсанаар гэмт хэрэгтэй тэмцэх ажил маань урьдчилан сэргийлэх тал руугаа түлхүү чиглэнэ гэж тооцоолж байгаа юм.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо чухал байдаг. Танай байгууллагын зүгээс иргэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж байна. Иргэн, цагдаагийн хамтын ажиллагааны хэтийн зорилт юу байна вэ?

-2016 оны наймдугаар сард НИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотын хэмжээнд хэв журмын урамшуулалт эргүүл ажиллуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар 2500 иргэн бүртгүүлээд ажиллаж байна. Энэ ажил одоохондоо эхлэл төдий байна. Ер нь тухайн гудамж, байр, орцонд амьдардаг энэ чиглэлийн үүрэг гүйцэтгэх боломжтой иргэдийг бүртгээд, цагдаагийн байгууллагатай хамтран өөрсдийн орчин тойрны аюулгүй байдлыг хангахад оролцоно гэсэн үг. Нийслэлээс тодорхой хэмжээний хөрөнгө санхүү шийдээд өгч байна. Боломжийн урамшлуулал олгож, хаяг дээрээ байнга оршин суудаг, хэв журмын эргүүлийн чиглэлээр цагдаатай хамтран ажиллах боломжтой иргэдийг ажиллуулж байна. Цаашид улам боловсронгуй болгож, бусад үйл ажиллагаатай уялдуулан, эргүүл хийж байгаа хүмүүсийнхээ чадавх, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлээд явна. Улаанбаатар хот хэмээх энэ том айлын аюулгүй байдлыг хангана гэдэг ганц цагдаагийн, төрийн байгуулагын ажил биш юм. Иргэд санал, санаачилга гаргах, бусад төрийн бус байгууллага оролцож байж аюулгүй байдлыг бий болгоно шүү дээ. Бидний зүгээс боломжтой бүх л ажлыг хийнэ. Эргүүлийн үйл ажиллагааг сайжруулах “Эргүүл” хөтөлбөрийг боловсруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагааг чадавхжуулах, алба хаагчдыг мэргэшүүлэх, эргүүлийн үйл ажиллагаа оновчтой, зөв зохион байгуулах, урамшуулалт эргүүл, олон нийтийн эргүүлийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллагатай уялдуулж өгөх зэргээр ажиллах юм.

-Энэ долоо хоногт Улаанбаатар хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний хувьд түүхэн ойгоо тэмдэглэсэн чухал үйл явдал тохиож байна. Ямар шинэ ажил, бүтээлээр тэгш ойн баяраа тэмдэглэж байна даа?

-Улаанбаатар хотын цагдаагийн газрын суурь 1926 онд тавигдсан байдаг. Тэр цагаас хойш 90 жилийн хугацааг элээж, түүхэн ойгоо тэмдэглэж байна. Тэгш ойг тохиолдуулан манай харьяа нэгжүүд маш олон ажил хийсэн. Тэр бүхнийг энд дурдвал нэлээн урт яриа болох байх. Бидний хийсэн ажлын үр дүн иргэдэд маань мэдэгдэж, мэдрэгдээд явж байгаа болов уу. Цаашид иргэд, олон нийт рүүгээ чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Энэ дашрамд Улаанбаатар хотын цагдаагийн газарт ажиллаж байсан ахмад үеийнхэн, өдгөө мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдадаа баярын мэнд хүргэе. Мөн бидэнд тусалж, дэмжиж байдаг ЦЕГ, НЗДТГ, НИТХ болон төр захиргааны байгууллагууддаа баярын мэнд дэвшүүлж байна.

-Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаасаа манай уншигчдад товчхон танилцуулвал?

-Би түрүүн ярьсан. Олон улсын мега хотуудад хэрэглэдэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх цогц системээс манайд тохирч болохыг нь судалж, заримыг туршиж байна гэж. Бид энэ системийг цогцоор нь нэвтрүүлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх, камержуулах, эргүүлийн үйл ажиллагаа гээд цогцоороо байдаг. Үүнийг хэрэгжүүлнэ. Мөн дээр “Эргүүл” хөтөлбөрийн тухай цухас дурдсан, хэрэгжүүлнэ. Цахим эргүүл, чадавхжуулах ажиллагаа, шинэ арга барил гээд олон зүйл орж ирнэ. Гуравдугаарт, телекамерын ажлыг шинэ түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Хотыг телекамерын хяналтад бүрэн шилжүүлэхээр судалгаа, бэлтгэлүүдийг хийж байгаа. 2017 оны 1 дүгээр сараас “Телекамер” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлнэ. Энэ асуудалд НЗДТГ, НИТХ-аас хөрөнгө санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлж байгаа. Бид Улаанбаатарыг хяналттай хот болгохын төлөө зорьж ажиллаж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-01 02:09:56
    Эхлээд гэр хороололоо камержуулаарай. ХХI зуунд тас харанхуй байгаа газар бол гэр хороололууд. Одоо ч тас харанхуй
    139.5.219.20
    Мэдэгдсэн Хариулах
  • d 2016-11-30 09:29:09
    dongodood bgaarai. humuusee soyoljuulj uz dee.
    202.179.23.62
    Мэдэгдсэн Хариулах