Б.Энх-Амгалан: Онгоц буулгасан гэх ташаа мэдээлэл аавыг минь л айхтар айлгасан юм билээ. Үүнд нь харамсдаг
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-МАН-ын бүлгийн хуралд Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулсан. Ямар асуудлууд гарсан бэ?

-Хэд хэдэн асуудал яригдсан. Хөгжлийн банкны тухай хуулиар бол УИХ-аар батлагдсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэсэн байдаг. Гэтэл УИХ-аар батлагдсан төсөл хөтөлбөрүүд гэхээсээ илүү таван сайдын удирдамж, журмын дагуу л явчихсан юм билээ. Дээр нь Зээлийн хороо протоколгүйгээр зээл гаргасан байна гэсэн. Энэ нь хууль зөрчиж байгаа юм. ТУЗ-ийн гишүүдийг гурван удаа Засгийн газрын зөвшөөрөлгүй сольсон байна. Мөн гэрээгээ 330 сая төгрөгөөр тохирсон замын ажлыг 1.5 тэрбум төгрөгөөр хийсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн зөрчил дутагдлууд байна. Үүнийг хуулийн байгууллагад өгсөн гэсэн. Хуулийн байгууллага нь шалгаад гэм буруутай этгээдийг олох байлгүй дээ.

 -Одоо бол ганцхан Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг л шалгаад байгаа. Цаана нь Эдийн засгийн хөгжлийн сайд орхигдоод байна гэж ярих хүмүүс байна?

-Би хурал дээр үүнд улс төрийн нөлөөлөл орсон уу гэдэг асуулт тавьсан л даа. Яагаад ийм асуулт тавьсан бэ гэхээр тендерийг нь яамнаас шалгаруулаад Хөгжлийн банк мөнгийг нь гаргасан ийм нөхцөл харагдаад байгаа юм. Буруутай этгээдүүд тодрох байх гэж найдаж байна. Мөн бид өмнө нь ч алдсан мөнгөө олж авах тухай ярихгүй байна гэж байсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ алдсан мөнгөө олж авах тухай ярих цаг нь болсон. Буруутай хүмүүст хариуцлага тооцох цаг нь болсон гэж бодож байгаа. Хэрвээ одоо хариуцлага тооцож чадахгүй бол дахиад хэзээ ч тооцож чадахгүй.

-Ажлын хэсгийн дүгнэлтээс холбогдох яамны хүмүүст хариуцлага тооцох боломж харагдаж байна уу?

-Ажлын хэсгийн дүгнэлт Хөгжлийн банктай холбоотой. Банкныхаа тухай хуулийг зөрчсөн. Гаргасан зээлийн нөхцөл байдал гээд олон зүйлүүд нь Монгол Улсын хуулийг зөрчсөн. Засгийн газрынхаа эрх мэдлээс даваад явчихсан ийм нөхцөл байдал бий. Яг тэгнэ, түүнд хариуцлага тооцно гэдэг хүмүүс нь бид биш. Түүнийг хуулийн байгууллага тогтоогоод гаргах байх. Миний хувьд гэм буруутныг олоосой, хариуцлага тооцоосой, үр дүнгүй, зориулалтын бус зарцуулагдсан мөнгийг буцаагаад улсын орлогод аваасай л гэж хүсч байгаа.

-Та их санаачлагатай, идэвхтэй харагддаг. Одоо ямар зүйлс дээр анхаарлаа хандуулж байна вэ?

-УИХ-ын гишүүн болоод би элэг бүтэн монгол хөтөлбөр, хөнгөн үйлдвэрийн технологийн паркын төсөл, олон улсын өндөр хурдны Ази Европыг холбосон мэдээлэл дамжуулах дата төвийн төслийг Ерөнхий сайдад өргөн барьсан. Удахгүй цайны замын төслийг өргөн барих гэж байна. Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хөгжүүлэх, валютын урсгал, ажлын байр нэмэгдүүлэх дээр бас тус нэмэр болъё гэсэн сэтгэлээр эднийг хөөцөлдөөд явж байна даа.

 -Элэгний вирусыг эмчлэх эмний асуудал одоо ямар шатандаа явж байгаа вэ?

-Монгол хүн эрүүл байх ёстой гэдэг зарчим барьж байгаа. Эрүүл хүнээс саруул ухаан, бүтээн байгуулалт, амжилт гарна. Элэг бүтэн монгол хөтөлбөрийн маань үр дүн харагдаж байгаа. Өдөрт долоон хүн энэ элэгний хатуурал, хавдар, вирусээс болж нас барж байна шүү дээ. Энэ бол цөөхөн монголчуудын хувьд харамсалтай тоо. 150 мянга гаруй хүн бол яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгаа бол 450 мянга орчим хүн бол халдвар авсан байна. Тиймээс монголчууд, Монголын төр бүгдээрээ үүнд анхаарал хандуулах цаг нь болжээ. Би Энэтхэгийн элэгний Харвони эмийн үйлдвэрийнхэнтэй уулзсан. Мөн тэр эмийг хийсэн Стэнфордын их сургуулийн доктор, профессоруудтай уулзсан. Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл, “Оном” сангийнхан, мэргэжлийн эмч нартайгаа уулзаж байгаа. Эдгээр байгууллагууд маш идэвхтэй сайн ажиллаж байна. Миний хувьд төрийн хийх зарим үүргийг төрийн бус байгууллага дамжуулж их сайн хийж байна гэж дүгнэж байгаа. Үүний үр дүнд 750 ам.доллар байсан энэ эмний үнэ ямар ч байсан 450 руу орж ирсэн. Одоо 150 ам.доллар болгох боломж бүрдэж байх шиг байна.

-Эмний үнийг ингэж огцом буулгаж байна гэхээр хачин санагдаад байдаг юм. Цаанаа яг ямар үнэтэй худалдаалдаг юм бол?

-Эмний бизнес өөрөө их нарийн юм шиг билээ. Яг үйлдвэрлэлийн өртөг нь гайгүй мөртлөө патент буюу эрхийг нь эзэмшдэг хүмүүсээсээ шалтгаалдаг. Тийм учраас Орос, Америкт их үнэтэй худалдаалдаг. Харин манай эрдэмтэд, салбарын ажилтнуудын хүчин зүтгэлээр үнэ нь нэлээд бууж байна л даа. Ялангуяа энэ ажлыг гол хариуцаж байгаа Наранбаатар доктор яг энэ эмийг хийдэг хүмүүстэй ойр дотно нөхөрлөж, байнга уулзаж нөхцөл байдлыг тайлбарлаж явж байгаагийн утга учраар зөөлөрч байна гэж бодож байгаа. Цаашдаа бол ямар ч байсан 150 ам.доллар руу ороод тодорхой хэмжээний үнэ хөлс нь Эрүүл мэндийн даатгалын санд тавигдвал монголчууд маань элэг бүтэн, энх тунх, өнөр бүлээрээ амьдрах бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа.

-Эмийг хаагуур худалдаалах бол?

-Бүгдэд нээлттэй байна гэж үзэж байгаа. Хүлээлттэй хүн олон бий. Ямар ч байсан судалгаанд орчихсон эмчлэх шаардлагатай 150 мянган хүнд эхлээд өгье. Дараа нь халдвар авсан 450 мянган хүнээ тогтооё. Цаашдаа бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ шат дараалан хийгдэнэ гэж ойлгож байгаа.

-Та саяхан Новосибирск явсан. Ямар ажил амжуулаад ирэв?

-УИХ-ын даргын захирамжаар “Монгол-Оросын хамтын ажиллагаа 2016” эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын Монголын талын ажлын хэсгийг ахалсан. Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Монгол-Оросын парламентийн бүлгийн гишүүн Д.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ бид дөрөв ахалж оролцсон юм. Урлагийн 40 гаруй бүрэлдэхүүнтэй баг явж Монголын урлагийн ололт, амжилтуудыг тэнд харууллаа. Тэд Сибирийн найрал дуу бүжгийн чуулгынхан бас хамтарч нөхөрсөг тоглолт хийлээ. Мөн 30 гаруй тамирчин дасгалжуулагч явж ОХУ-ын шилдэг тамирчид оролцсон есөн төрөлтэй тэмцээн боллоо. ДУМ-ын долоон гишүүн ирж үзсэн. Арга хэмжээний нээлт дээр ОХУ-ын Сибирын бүсийн Ерөнхийлөгчийн онц бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч, Новосибирск мужийн амбан захирагч, Новосибирск хотын дарга оролцсон.
Эдийн засгийн чуулга уулзалтад бид нийтдээ 15 гэрээ санамжтай очсон. ОХУ-ын Төрийн зөвлөл Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагааны 20 заалттай санамжтай ирсэн. Үүн дээр бол гурван улсын коридор буюу цайны замаар тээвэрлэгдэх Тянжинээс Новосибирск хүртэл тээвэрлэгдэх авто замын асуудлыг онцолсон. Монголын агаарын тээврийн хөлөгийг Новосибирскээр дамжуулан явуулах маршрутын асуудал яригдсан. Дээрээс нь Монгол Улсад шаардлагатай байгаа нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх, дахин сургах асуудал дээр хамтарч ажиллахаар боллоо. Мөн манай ШУА, Сибирийн ШУА-тай гэрээ байгуулж судалгааны хамтын ажиллагаа хийхээр болсон. Эмнэлгийн байгууллагууд хоорондоо хамтын ажиллагааны гэрээтэй болсон. Нэлээд олон их сургуулиуд оюутан солилцоогоор хамтарч ажиллах үүд хаалга нээгдсэн. Баруун таван аймагт хилийн бүсийн худалдаа тэр дундаа оюутан солилцоо яригдсан. Арван жил төгсөж байгаа хүүхдүүдийг сургах тэгээд цааш нь сибирийн томоохон их, дээд сургуулиудад сургах, нарийн мэргэжил эзэмшүүлэх асуудлуудыг хөндсөн байгаа. Мөн түүнчлэн ХХААХҮЯ хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн угсралтын үйлдвэрийг Монгол Улсад байгуулах, цаашлаад малын гаралтай түүхий эдийг экспортлохын тулд ОХУ-ын мал эмнэлгийн салбар эмнэлгийг Монгол Улсад байгуулах асуудал яригдсан. Новосибирск, Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх тэр дундаа ЗХУ-ын үед баригдсан гурав, дөрөвдүгээр хорооллыг дулаалах асуудлыг ярилцсан. Хэрэв гурав дөрөвдүгээр хорооллыг дулаалах ажлыг ОХУ-ын хөрөнгөөр хийлгэх юм бол дахиад нэг хорооллын дулааны эх үүсвэр бий болох бололцоотой. Оросуудын хувьд нийтийн тээвэр, ногоон Улаанбаатар, аялал жуулчлал, оюутан солилцооны хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна лээ. Манай малын гаралтай бүтээгдэхүүн, үслэг, арьсан, ноолууран эдлэл, мах,сүүн бүтээгдэхүүнийг ялангуяа сибирийн бүсэд авах сонирхол их байна. Сибирийн бүсэд 50 гаруй сая хүн амьдарч байгаа. Зөвхөн Новосибирск хотод гурав орчим сая хүн бий. Тэгэхээр Монголын хамгийн тохиромжтой хэрэглээний зах зээл тэнд байна гэж үзэж байгаа.

-Хөнгөн үйлдвэр, технологийн паркийн төсөл өргөн барьсан гэсэн. Тэр талаараа сонирхуулахгүй юу?

-Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд намын бүлгээс есөн гишүүн томилогдож ажилласан. Миний хувьд хөнгөн үйлдвэр, IT салбарууд дээр ажиллаж байна. Хөнгөн үйлдвэрийн салбар дээр хэд хэдэн чухал зүйл тавьсан. Нэгдүгээрт малаа эрүүлжүүлэх асуудал дээр онцгой анхаарах зүйлийг оруулсан. Хоёрдахь нь малын гаралтай түүхий эдийг боловсруулдаг үндэсний үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэх юм. Ялангуяа хөнгөн үйлдвэрийн паркаа яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай. Монгол өөрийнхөө бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаад эргээд гадаадын зах зээлд өрсөлдөх бололцоог олгох ёстой. Манай улсын хэмжээнд жилд 10 сая ширхэг арьс зах зээлд нийлүүлэгддэг. Химийн бодис хэрэглэдэг учраас бид энэ арьсаа арван аймагт тараан боловсруулж болохгүй шүү дээ. Үүнийг шүүдэг шинэ технологийн цэвэрлэх байгууламж нь 25 сая ам.долларын өртөгтэй. Тэгэхээр төвлөрсөн нэг газар паркаа байгуулах ёстой. Ингэх юм бол арьсандаа боловсруулалт хийнэ. Мөн Туул голын бохирдолтой холбоотой асуудал дахиж яригдахгүй. Эко байгальд ээлтэй технологи хэрэглэнэ. Мөн цэвэрлэх байгууламж өртөг багатай, цөөн хүн ажиллана, бүрэн автомат, битүү технологитой, хаягдалгүй байна. Лагаараа эргүүлээд бордоо, авто замын доод талын бүтээц болгон ашиглах боломж бололцоо бий. Энэ бол дэлхийд нэвтэрсэн технологи л доо. Ялангуяа намгархаг, хөлддөг, зун хотойж гэсдэг тийм газруудад энэ технологи маш өндөр үр дүнгээ өгч байгаа юм билээ. Тэгэхээр манай улсаас жилд гардаг 10 сая арьс, зургаан мянган тонн ноолуур, 400-500 мянган тонн ноосоо бүрэн угааж боловсруулаад аймгууддаа эцсийн боловсруулалт буюу цүнх, хувцсаа хийдэг болох бололцоо боломж бий. Аймгуудад мах бэлтгэдэг, арьсаа давсалж бэлтгэдэг цехүүд байж явна гэж байгаа. Удахгүй Европын хөгжлийн банкныхантай уулзаж энэ төслийнхөө талаар санал солилцоно.  

-Та НИТХ-д байсан хүн нийслэлтэйгээ хэр холбоотой байдаг вэ?

-Би НИТХ-д найман жил төлөөлөгч, Тэргүүлэгчээр ажилласан. Нийслэлийн ажилд бас гүн гүнзгий ойрхон байсан. Тийм ч учраас Улаанбаатар хотод болж байгаа үйл явдалд оролцох юмсан гэж хичээдэг. Төлөөлөгч байхдаа Улаанбаатар хотыг Хятадын зүүн хойд Бугат хот, Хянган аймаг, Хөх хот, Манжуур, Хайлаартай холбох асуудалд нэлээд идэвхтэй ажилласан. Улаан үд, Эрхүү, Краснярск, Чита, Новосибирск, Санкт-Петербургтэй холбох ажилд бас идэвхтэй ажиллаж байлаа. Энэ бол ах дүү хотуудын хүрээнд явж байсан зүйлс л дээ. Өнөөгийн эдийн засгийн ийм хямралтай үед хотын төсвийг зөв хуваарилах, нэмэгдүүлэхэд анхаарах, ялангуяа Улаанбаатар хотод оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгцээ бий. Тэр дундаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчлөх асуудалд анхаарах хэрэгтэй байгаа. 60 мянган хүнтэй аймгийн статус Монгол Улсын хүн амын 50 хувь нь сууж байгаа нийслэлтэй адилхан байж болохгүй. Үүнд анхаарч байна. Мөн Улаанбаатар хот бонд босгох бололцоо бий. Тэгвэл Улаанбаатар хот өөрийнхөө хөрөнгөөр төсөл хөтөлбөрүүд бий болгоод энэ утааг бууруулах, хог боловсруулах үйлдвэр байгуулах, хөрсний ус ашиглах, далан суваг, зам харилцаагаа сайжруулах олон зүйлүүдийг хийх бололцоо бий. Улаанбаатар их том айл болохоор хөрс, ус, агаарын бохирдлоос эхлээд олон асуудал тулгардаг. Үүнийгээ шат дараатай шийдэх бололцоо байна.

-Сүүлийн хэд хоног хамгийн их яригдсан асуудал нь цас л байлаа. Нийслэлийн удирдлагууд өмнөхөөсөө муу ажиллаж байна гэсэн шүүмжлэл нэлээд гарлаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Хэрвээ өмнөх хотын удирдлагуудтай харьцуулах гэж байгаа бол дөрвөн жилийнх нь үр дүнгээр харьцуулах болно. Ард түмний итгэлийг аваад гарсан хүнийг дөрвөн жилээр нь юу хийв гэж хардаг. Өмнөх удирдлагыг бас дөрвөн жилээр нь хараад ард түмэн юм хийгээгүй байна гээд нөгөө талд нь өгсөн байх. Цасны хувьд сүүлийн арван жил тохиогоогүй их орлоо шүү дээ. Нэгдүгээрт үүнд монголчууд бүгдээрээ бэлтгэлгүй байсан. Тийм учраас самгардлаа. Гэхдээ хот эрвийх дэрвийхээрээ л ажиллаж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд ч тусалж байна. Иргэд олон түмэн өөрсдөө санаачлагатай оролцож байна. Цасны хувьд цаг зуурын асуудал байх. Гэхдээ бид ийм юманд дараа бэлтгэлтэй байх ёстой юм байна гэдгийг бодох ёстой. Ялангуяа Улаанбаатар хотод цас цэвэрлэдэг машин, тоног төхөөрөмжүүдийг нэлээд их хэмжээгээр нэмэх шаардлага хэрэгцээ байна. Ганцхан Улаанбаатар нэгтгэл үүнийг дийлэхээргүй шинжтэй харагдаж байна. Мөн иргэд өөрсдөөсөө шалтгаалах бэлтгэлийг хийж байвал асуудал илүү амар болно. Зуны дугуйгаа солиогүй нь солих, шаардлагагүй бол унаа машинаа тавиад такси, автобусаар явах бололцоо бий. Мөн түүнчлэн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй гараад зам түгжих асуудал байна. Энэ бүгдийг бид өөрсдөө зохицуулах ёстой. Мөн даатгалын тухай хуулийг өөрчлөх шаардлага байгаа юм. Тэгэхгүй бол хоёр машин мөргөлдчихлөө гэхэд хөгжсөн орнуудад хоёр жолооч тохироод зургаа аваад даатгалын байгууллагад илгээгээд явчихдаг. Гэтэл манайх заавал замын цагдаа дуудаж, хэмжилт хийлгэж бөөн чирэгдэл болж байж мөнгө авдаг. Тийм учраас замын цагдаа ирэн иртэл байрнаасаа хөдөлдөггүй. Ард талд нь асар олон машин түгжрээд Улаанбаатар даяар чирэгдэл үүсдэг тийм асуудал байгаа юм.

-Хотын дарга муу ажиллаад байгаа юм биш үү?

-Яг өнөөдөр нэг хүн дээр асуудал байгаа юм биш шүү дээ. Мөн иргэдэд буруу өгөөд бүгдээрээ хариуцлагатай байх ёстой гэж болохгүй. Амьдрал үргэлжилж байна. Бид бас их зөв аргаар аль аль талаа бодолцож шийдэхгүй бол энэ дунд нэг жижигхэн улс төр яваад байгаа юм.  

-Таныг онгоц дураараа буулгасан саваагүй нөхөр л гэх юм. Тэр ер нь юу болоод өнгөрчихсөн юм бэ?

-2015 онд Улаанбаатар, Новосибирск хотууд ах дүүгийн харилцаатай болж байлаа. Энэ үйл явдлын Монголын талын ажлын хэсгийн ахлагчаар би НИТХ-ын төлөөлөгч байхдаа ажиллаж байсан. Новосибирск хотын удирдлагуудаас өөрийнхөө хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийн арга хэмжээг хийхийг зөвшөөрлөө. Ингээд бэлтгэлийг 2015 оны гуравдугаар сараас эхэлж хийгээд аравдугаар сард явсан. Энэ уулзалтад бэлтгэж байхдаа бид МИАТ компанид хүсэлтээ албан ёсоор тавьчихсан. Үүний дагуу МИАТ компани цаашаагаа ОХУ-ын агаарын тээврийн компаниудтай холбогдож нисэх буух эрхээ авдаг. Түүнээс олон улсын байтугай орон нутгийн онгоцыг буулгадаг, суулгадаг эрх надад бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчид ч байдаггүй зүйл шүү дээ.  

-Тэгээд яагаад ийм асуудал үүсчихсэн хэрэг вэ?

-Яахав дээ ажлаа мэдэхгүй хүмүүсийн хар гай гэх юм уу даа. Сайд нь хүртэл нэг дураараа НИТХ-ын төлөөлөгч хэдэн ажилчдаа аваад тэнд буучихсан тухай ярьж, твиттерт жиргэснээс болоод онгоц буулгадаг, суулгадаг асуудал гарсан. Нэг зүйлд харамсаж байгаа. Тэр үед аавыгаа би их айлгасан юм билээ. Хүүгийнх нь зураг телевизээр мэлийтэл гараад энэ хүн дураараа бараг л МИАТ-ийн онгоцыг хулгайлж авч яваад, буу тулгаж байгаад буулгачихсан юм шиг ойлголт ард түмэнд өгчихсөн. Аав маань их сандарсан, даралт нь ихэссэн “юу дутлаа гэж ийм юм хийв” гэж манай гэр рүү утасдсан байдаг юм. Гэтэл тэрний ард болсон арга хэмжээг хүмүүс мэдээгүй. Маршрутын дагуу л явж байсан юмыг намайг буулгасан асуудалд оруулсан.

-Цаад талд ямар арга хэмжээ болсон бэ?

-100 гаруй төлөөлөл оролцож анхны суурийг тавьсан. Тэнд маш олон гэрээ хэлэлцээрүүд хийж, Монголын 50 оюутныг сургах асуудлыг шийдсэн. Одоо 60 болсон байна лээ. “Мэдрэлийн мэс заслыг та нар гадаад оронд асар өндөр өртгөөр хийлгэж байна. Манайд ирээд даатгалаараа хийлгэ” гэдэг асуудлыг хүртэл оросууд ярьж байсан. Шинжлэх ухааны байгууллагуудын чинь судалгааны ажил дээр хамтарч ажиллая, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд чинь оролцоё гэж байлаа. Маш олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурчихаад ирж байхад бидэнд зөрүүлээд онгоц буулгасан асуудлыг хамгийн том асуудал болгож байсан. Новосибирскийнхэн Монголын тал гээд маш сайхан хүлээж авч байхад бид зөрүүлээд Новосибирскд онгоц буулгасан асуудал яриад сууж байсан. Энэ бол төр бас их харалган, залгамж чанаргүй, ажлаа мэдэхгүй байгаагийн л шинж. Тэнд юу болсон тухай ярихгүй бид сенсаациар амьдардаг болсны илрэл юм даа.

-Та эмзэглэж байв уу?

 -Би үүнд нэг их эмзэглэдэггүй. Юм чинь хоёр талтай юм билээ. Намайг харин “онгоц” Энх-Амгалан гэдэг болсноос хойш би жаахан алдартай болсон юм шиг байна лээ. Юу хийсэн нь сонин биш, онгоц буулгасан нь л сонин байсан шиг билээ. Сая тэгвэл бид бас л МИАТ-ын онгоцыг Новосибирскт буулгаад ажил хийгээд ирлээ. Ярихгүй л байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • xan-yylchyyd 2016-11-30 14:55:36
    Osuh ureefuitei, zuv xun yum baina gej urged hundetgej baidag shuu gushiinee.
  • HEHE 2016-11-30 08:07:59
    MISHEEL EXPO ENKHAMGALAN GEJ, HUVI HUVISGALAA YALGAARAI DAA.
  • зочин 2016-11-30 06:08:53
    эвдрэхгүй, биеэ тоохгүй, үнэнч зангаараа байгаарай
  • чука 2016-11-30 02:02:16
    ажил хийж,бүтээж байгаа нэгнийгээ бүү муу л.хэрэв хийсэн ажил нь үнэн бол цаашид хэрэгжүүлэхэд нь тус дэм болооч дээ
  • Ганаа 2016-11-30 01:37:45
    Юу хийсэн ямар ажил амжуулсныг нь сонирхож мэдэх хэрэгтэй байж дээ.Ажил хэрэг болоод явахаар хэрэгтэй зүйлс хйижээ.Нээрээ энэ хүнд онгоц буулгах эрх юу байхав д...
  • нисэхэд анхаараач 2016-11-29 13:39:03
    онгоц буулгасан гэх мэдээллийг тараасан хүн нь батхүүгийн шадар хүн болох ИНЕГийн хэвлэлийн төлөөлөгч алтантуул одоо чажлаа хийсээр байна
    • Хариу хэлэхэд... 2016-11-29 13:45:14
      Тэр хүн юугаа хийж бичих вээ. Өөрөө онгироо зангаасаа болж хүний идэш болж байгаан наад Энх амгалан чинь
    • Зочин 2016-11-29 13:43:38
      Төрийн хүн төлөв түвшин, үнэнч шударна байдаг зарчим үнэнхүү алдагджээ, өнөө үед. Шал сонин, худлаа их зан гаргасан гар байна лээ шдэ.
  • Irgen 2016-11-29 13:27:58
    Sain ajillaarai
  • ttr 2016-11-29 09:49:53
    Батхүүг ХУД-т унагасан нь маш сайн хэрэг болсон шүү. Амжилт.
  • TS Jargalsaihan 2016-11-29 09:16:22
    зм Em gej yag uy um ooroo medhyy em bol eroosoo l bohir biznes naad emni chini oorin ortog ni ochvvhen l bgaa uyn 150 neg ch togrog zartsuulahgvi bo
  • Зочин 2016-11-29 08:31:36
    Батхүүг унагасан явдал нь ХУД-ын 9,10,16,14-р хорооны сонгогчтой сайн ажилласны үр дүн МАН-д итгэл өгсөн ард түмэн таныг илүү сайн ажиллан гэж итгэж байна.
  • СЭРД 2016-11-29 06:37:15
    ЭНХ-АМГАЛАН ГИШУУН ЭЭ ТАНЫГ БАТХУУГ УНАГАСАН МУНДАГ ГИШУУН ГЭЖ ОЙЛГОЖ ЯВАА!!!! БИТГИЙ БУУЖ ЕГЕЕРЕЙ!!! ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫХАН ТАНЫГ ИХ ГОМДООЖ БАЙНА ШУУ!!!
  • Иргэн 2016-11-29 05:52:48
    Сайн төрийн түшээ юм байна. Танд ажлын амжилт хүсье.