Жирэмсэн үедээ хэрхэн зөв хооллох вэ
Монгол эмэгтэй хүн бүр эрүүл, чийрэг хүүхэд төрүүлэхийн тулд гэр бүлээ зөв төлөвлөж, жирэмсэн үедээзөв хооллох хэрэгтэй. Ядрахгүйгээр ажлаа хийж, цэвэр агаараар амьсгалж, амралтаа  зөв зохицуулах, стресс, ядаргаанд орохгүй, эерэг зөв бодолтой байх гээд бүгд л хэвлийд өсөж байгаа хүүхдэд хамгийн чухал.

Жирэмсэн эмэгтэйчүүд зөв хооллосноор цус багадалт, жирэмсний хордлого, төрөлтийн хүндрэлээс, мөн тураал, цус багадалт, Д    аминдэм, иод дутлын эмгэгтэй хүүхэд төрөхөөс сэргийлнэ. Жирэмсэн үед тодорхой цагт тогтмол хооллож, олон төрлийн бүтээгдэхүүн оролцуулан хийсэн тэжээллэг, уураг, өөх тос, нүүрс усыг шаардлагатай хэмжээнд хэрэглэх хэрэгтэй. Аминдэм, эрдэс бодисын эх үүсвэр болсон жимс, хүнсний ногоог хоолондоо түлхүү хэрэглэх. Махан хоолыг хэтрүүлж хэрэглэхүй байх ба 14 хоногт 1 удаа загас,  тахианы мах, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэвэл тохиромжтой. Уух шингэний хэмжээ жирэмсний эхний саруудад хэвийн байх боловч жирэмсний дунд үеэс эхлэн 1-1,5л хүртэл багасгах хэрэгтэй.

Жирэмсний эхний саруудад ургийн эд эрхтэн тогтолцоо нь нарийн дэс дараатай, тодорхой хугацаанд бүрэлдэн тогтдог учир чанартай, хангалттай хоол чухал ач холбогдолтой. Учир нь уураг, илчлэг дутагдахад бүх эрхтэнд шаардлагатай эс хуримтлагдаж чаддаггүй. Жирэмсэн эх уураг, илчлэг багатай хоолоор хоолловол ургийн тархины хөгжил хоцордог. Энэ нь цаашид хичнээн сайн хооллолоо ч тархины дутуу хөгжлийг гүйцээж чаддаггүй. Эх дутуу хооллох нь ургийн хөгжил удаашрах, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрөхөд нөлөөлнө. Жирэмсэн болмогц эхчүүд эмнэлгийн хяналтанд орж, ОНБТБ /олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл/, фолийн хүчил, төмрийн бэлдмэлийг эмчийн зааврын дагуу заавал хэрэглэх шаардлагатай. Эдгээр бэлдмэл нь жирэмсэн эхэд болон ургийн хөгжилд чухал нөлөөтэй.

Эх төрсний дараа 1 цагийн дотор хүүхдэдээ ангир уургийг нь амлуулах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн дархлааг хангах трансфер фактор ангир уурагт 1 цагийн дотор ихэсдэг. Хүүхдийг 6 сар хүртэл нь дагнан эхийн сүүгээр хооллоно. Дагнан гэдэг нь эхийн сүүнээс өөр ус, жимсний шүүс, угжны сүү аль алиныг нь бага хэмжээгээр ч өгөхгүй байхыг хэлнэ. Эхийн сүү 6 сар хүртэл хүүхдийн хоол, унд хоёуланг нь орлож чадна. Хүүхдийг 6 сартайгаас нэмэгдэл хоолонд оруулж, 2 нас хүртэл хөхүүлнэ. Хүүхэд нэгээс дээш настай болсон ч эхийн сүү тэжээллэг чанараа хадгалдаг. Хүүхэд төрөөд 6 сар орчим болоход эхийн сүүнээс өөр хоолыг боловсруулж эхлэхэд бэлэн болсон байдаг. Нэмэгдэл хоол нь хөхний сүүг орлох хоол биш, хүүхэд 6 сартайгаас нэмэлтээр хоол заавал идэх шаардлагатай. Хүүхэд 6 сар болох үеэс эхлээд хүүхдийн өсөлт хөгжил, хөдөлгөөн гэх мэт олон үйл ажиллагаанд илчлэг илүү шаардлагатай болдог. Энэ үед хүүхэд хүн хоол идэхэд горьдож харах, түүнрүү тэмүүлэх зэргээр хоолны дуршил нь сэргэдэг. Хүүхдийг 3,4,5 сартайд нь буюу 6 сараас хойш анхны нэмэгдэл хоол өгөх нь тохиромжгүй гэдгийг ДЭМБ-ын мэргэжилтэнүүд судалгаагаар тогтоосон.

Хүүхдийг нэмэгдэл хоолонд орж эхлэхэд өөрт нь тохирсон аяга, халбага бусад хоолны хэрэглэлийг заавал бэлтгэх хэрэгтэй. Хоолыг өгч эхлэхэд амнаас ам дамжих, хүүхдийн хэрэглэж буй хоолны хэрэглэлийг ээж амандаа хийх зэрэг нь халдвар дамжих эрсдэлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хүүхдэд өөрийн аяга, халбагаар идэж сургах нь тэдэнд зөв дадал эзэмшүүлэхээс гадна өөрийгээ зарим эрсдэлээс хамгаалахад чухал ач холбогдолтой.

Нэмэгдэл хоолыг хүүхдийн нас, хоол боловсруулах шингээх чадварт нь тохируулан хоолыг жигнэх, чанах аргаар бэлтгэж өгнө.

  • 6 сартай хүүхдэд өгөх нэмэгдэл хоол нь хагас шингэн, зутан байдалтай байна.
  • 7-9 сартайд махыг 2-3 машиндаж, ногоо, жимс, жимсгэнийг жигнэж, чанаж, нухаш байдлаар бэлтгэн боловсруулна.
  • 10-12 сартайд махыг 1 машиндаж, ногоог жижигэвтэр хэрчинэ. Жигнэж, жижиглэсэн жимс, жимсгэнэ, зөөлөн боов, боорцог, гурилан бүтээгдэхүүн өгч болно.
  • 12 сараас дээш насны хүүхдэд өгөх хоолны нэр төрөл насанд хүрэгсдийн хоолтой ойртож ирэх ба гэрийн хоолонд аажмаар шилжин оруулна.

Хүүхдийн хоолыг бэлтгэхдээ 1 нас хүртэл чихэр, давсны амтыг мэдрүүлэхгүй байх хэрэгтэй. Тухайлбал, тарганд чихэр хийхгүй, бантанд давс хийхгүй байх нь цаашид тэднийг чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, чихрийн агууламж ихтэй ундаанд шуналтан донтохоос сэргийлж чадна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • биш 2016-11-29 03:48:06
    хэээх эээ заалгах юм биш. чи заах ч юм биш.
    202.179.23.62
    Мэдэгдсэн Хариулах