Цэцэрлэгийн 200 орчим барилгын насжилт хэтэрсэн

“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” бодлогын чуулган өчигдөр “Чингис”зочид буудалд боллоо. Энэ үеэр БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмараас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Сургууль, цэцэрлэгийн орчин дахь аюулгүй байдал өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болсон. Энэ талын мэдлэг, мэдээллийг хүүхдүүдэд хүргэх тал дээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
 
-Дэлхий нийтээр гамшиг, онцгой байдлын давтамж сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байгаа талаар улс орнуудад анхааруулах болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн орчин дахь аюулгүй байдлыг хангах, хүүхдүүдэд амьдрах ухааны чадвар сургах чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
 
Энэ хүрээнд БСШУСЯ-аас Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” бодлогын чуулганыг зохион байгууллаа. Боловсролын салбар 830 мянга гаруй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа учраас байгалийн гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарах ёстой.
 
Тэр дундаа 2-18 насны хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Энд нэг дор хүүхдүүд зэрэг суралцдаг. Хэрвээ онцгой нөхцөл, гамшгийн эрсдэл учрах юм бол хүүхдүүдийн амь нас олноор эрсдэх, түүнчлэн барилга байгууламж нурвал сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах зэрэг олон эрсдэл нэг дор учрах магадлалтай. Тиймээс бид барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангахаас гадна хүүхдүүдийг аюул ослоос өөрийгөө хамгаалах, найз нөхдөө эрсдлээс хамгаалах чадварт сургах нь чухал.
 
Өнөөдрийн чуулга уулзалтаар цэцэрлэг болон ерөнхий боловсролын  сургуулийн сургалтаар дамжуулан хүүхдэд амьдрах ухаан, аюулгүй орчин бүрдүүлэх, эрсдлээс өөрийгөө хамгаалж байгаа чиглэлээр олгож буй сургалтын үр дүнг ярилцаж байна.
 
Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсролын төвшинд 2-6 насны хүүхдэд гараа зөв угааж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээс эхлээд тэмдэг тэмдэглэгээг зөв мэдэх, замын хөдөлгөөнд эцэг, эхийн тусламжтайгаар оролцох, ямар нэгэн осол гэмтлийн үед эцэг, эхийнхээ дугаарыг мэддэг байх зэрэг наад захын чадваруудыг бид эзэмшүүлж байгаа юм. Тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан сургалтын агуулгаар дамжуулж аливаа осол гэмтэл, байгатайн гамшгийн үед өөрийгөө хамгаалах талаархи мэдлэгийг хүргэдэг.
 
Цаашид боловсролын салбарт ажилладаг удирдах ажилтан, багш, эцэг эхчүүдийг энэ талын мэдлэг мэдээлэлтэй болгох шаардлага бий. Тиймээс бид энэхүү чуулганаас бодлогын зөвлөмж гаргана. Өөрөөр хэлбэл, аливаа гамшиг ослын үед боловсролын салбарын байгууллагууд нэн тэргүүнд бодлогын төвшинд юу хийх вэ гэдгийг тодорхойлж гаргах юм. Мөн дөрвөн жилийн төлөвлөгөө гаргаж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана.

-Сургуулийн анги дүүргэлтээс болж, тоосжилт үүсэх, агаарын солилцоо багасах зэрэг асуудал гардаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ?
 
-Бид өнөөдөр байгалийн урьдчилан таамаглах аргагүй гамшиг ослын үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр илүү анхаарч ярих юм. Сургууль, цэцэрлэгийн орчин дахь эрүүл, аюулгүй байдал гэдэг тусдаа асуудал. Нийслэлийн сургууль цэцэрлэгүүдийн дунд бүлэг дүүргэлт их байдаг. Тэр хэрээр дуу чимээ, агааржуулалт, орчны эрүүл аюулгүй байдал тодорхой хэмжээнд бидний санааг зовоож байна. Үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны төлөвлөгөөнүүдэд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг байхгүй болгох, бүлэг дүүргэлтийн асуудлыг багасгах замаар энэ асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөгөөнд тусгасан.
 
-Сургууль, цэцэрлэгийн барилгын насжилт хэтэрсэн гэх асуудал бий шүү дээ?
 

Өнөөдрийн байдлаар 150 ерөнхий боловсролын сургууль, 200 орчим цэцэрлэгийн барилгын насжилт нэлээд хэтэрсэн байна

 
-Хичээлийн шинэ жилийн эхэнд сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй, анги дүүргэлт их байна гэдэг мэдээлэл их гарч байсан. Өнөөдрийн байдлаар 150 ерөнхий боловсролын сургууль, 200 орчим цэцэрлэгийн барилгын насжилт нэлээд хэтэрсэн байна. Барилгын аюулгүй байдлыг хангах чиглэлээр Дэлхийн банк, “ЖАИКА” олон улсын байгууллага судалгаа хийсэн. Эхний ээлжинд 25 сургуулийг хүчитгэх ажлыг ирэх онд үе шат шаттайгаар хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Тэгэхээр сурууль, цэцэрлэгийн барилгын аюулгүй байдлын стандартыг нэлээд сайн хангах, шаардлага хангахгүй сургууль, цэцэрлэгийн хүчдэлийг сэргээн засварлах, шинээр барих гээд тодорхой ажлууд тусгай төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа.
 
-Манай улсын сургууль, цэцэрлэгийн барилгууд газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэй вэ?
 
-Үүнд Мэргэжлийн хяналтын байгууллагатай  хамтарч түргэвчилсэн үнэлгээ хийгдэнэ. “ЖАИКА” олон улсын байгууллагаас нийслэлийн сургуулиудад үнэлгээ хийсэн.

Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-11-29 01:34:46
    Тэнэгүүд минь 1800 онд баригдсан Богд хааны ордон музей байж байхад 40 жилийн өмнө барисан барилга одоо нураах болсон гээд л тэр чиний сайн мэдэх гэр биш