Өнөөдөр бүрэн эрхт улсаа тунхагласан өдөр
Өнөөдөр Монгол улс тунхагласны баярын өдөр. Эдүгээгээс 92 жилийн өмнө Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж эрх чөлөөгөө дархалж байжээ. Он цагийн урсгалд балартаж гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал энэ өдөр тохиож байсан юм.

Түүх сөхвөл Улсын анхдугаар их хурал 1924 оны 09 дүгээр сарын 08-нд нийслэл хүрээнд болж халхын 4 аймаг, Дөрвөдийн 2 аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцжээ. Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 15 минутанд санал нэгтэй баталжээ. Анхны Үндсэн хуулийн 1-р зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ.
 
Ийнхүү монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан энэхүү өдрөөс хойш 91  жил болж байна. Анхдугаар Үндсэн хууль нь бүхэлдээ Монголын түүхэнд анх удаагаа хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, бүгд найрамдах улсыг тунхаглан зарласнаараа түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. 

Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ өдрөөс эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарсан билээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг юм. Үндсэн хуульд "...улсын дээд эрхийг жинхэнэ ардад..." эдлүүлж, "Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ" хэмээн заажээ. 

Тиймдээ ч хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хууль мэндэлсэн баярыг монголчууд бид хотол олноороо тэмдэглэсээр олон жилийг үдэж байна. Дэлхийд данстай бүх улс дотоодын хэм хэмжээг зохицуулах тулгуур хуультай, тэрхүү хуулийг батлан мөрдсөн өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард Улс" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгасныг ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би монгол  2016-11-26 06:45:44
    Анх удаа улс болсон юм биш ээ. Зовхон хаант засгийг халж БНУ болсон явдал.омно нь бурэн эрхт улс л байсан. Туухийг битгий гуйвуул
    • шүү 2016-11-28 03:14:08
      тийм ээ: ямар со шиг хятадын эрхэнд явж байгаад тусгаар улс болсон биш. харин хаант засагтай тусгаар улсаа байгаад засгаа солисон хэрэг шүү дээ