Эрдэс, амин дэм ямар үүрэгтэйг та мэдэх үү

Оюунаа эмчийн булан

Эрдэс, амин дэм эсийн доторхи биологийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүний биед эрдэс, амин дэм дутагдвал эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар архаг эмгэг үүсгэх эрсдэлтэй. Тэр дундаа жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, нярай, бага, өсвөр насныхан, цагаан хоолтон, өндөр настнууд, архаг хуучтай хүмүүст илүү эрдэс, амин дэм дутагдалтай байдаг байна. Улс орны эдийн засгийн байдал, газарзүй, цаг агаар, зан заншил, хоол хүнсний бүтэц ялгаатай учир эрдэс, амин дэмийн хэрэгцээ, хоол тэжээлээр авч байгаа хэмжээ харилцан адилгүйг олон улсад хийгдсэн судалгаанаас харж болно.
 
Мөн биед шаардагдах хэмжээ нь тухайн хүний нас, хүйс, биеийн жин, өндөр, улирал, ажлын нөхцөл гэх мэт олон хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөнө. Жирэмсэн үед эмэгтэй хүний биед физиологийн олон өөрчлөлтүүд явагддаг. Эхийн хэвлийд ураг хэвийн өсч бойжиход шаардагдах хүчилтөрөгч, уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс давс, амин дэм эхийн цусаар дамжин жирэмслэлтийн хэвийн үйл ажиллагаа явагдаж, ураг хэвийн өсөх нөхцөл хангагддаг байна.

 
ЭРДЭС ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ. ЭРДЭС ДУТАГДАХ ҮЕД ЯМАР ШИНЖ ИЛЭРЧ БОЛОХ ВЭ?

 
ЭРДЭС бодис болох кальци, натри, кали, хлор, магни, төмөр, иод, зэс, цинк зэрэг нь эд, эсийн бүтцийн материал, ус, давсны солилцоог зохицуулах, хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалах, ферментүүдийн үйл ажиллагааг хангах үүрэг гүйцэтгэдэг. Хоол хүнсээр авах эрдэс, амин дэм дутагдахад жирэмсэн эхийн бодисын солилцоо, ихсийн үйл ажиллагаа хямарч улмаар ургийн хэвийн өсөлтөд сөрөг нөлөөтэй.
 
КАЛЬЦИ: Хүний кальцийн нэг хоногийн хэрэглээ нь дунджаар 800 мг байдаг. Нийт хүний биед байх ёстой кальцийн 99 хувь нь яс, шүдэнд, үлдсэн нь эсийн гаднах шингэн, эдэд агуулагддаг. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, хэвлий дэх ургийн яс, шүд, зүрх, мэдрэл, булчингийн хэвийн хөгжлийг хангах, зүрхний хэмнэл, цусны бүлэгнэх үйл ажиллагаа, хоргүйжүүлэх, саармагжуулах, эс хоорондын холбоос эд үүсэхэд хангахад кальци чухал үүрэгтэй. Ураг бүрэлдэн тогтох үеэс ургийн ясжилтын суурь тавигддаг. 1500-2000 мг кальцийг өдөрт хүнсний нэмэлтээр хэрэглэж байсан эмэгтэйчүүд дунд судалгаа хийхэд жирэмсний хожуу үеийн хордлогоор өвдөх, хугацаанаасаа өмнө төрөх магадлал бага байсан байна.

 Кальци дутагдахад гар, хөл бадайрч, хумс хугарамтгай болох, яс сийрэгжиж, хэврэгшиж, хугарах, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихдэх, нойргүйдэх, цочромтгой болох, булчин шөрмөс татах, тайван бус болох, шүд хэврэгших, хугарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хийжүүлсэн ундааны найрлага дахь фосфор нь кальцийн шимэгдэлтийг бууруулдаг учир кальци ихтэй хүнс хэрэглэх шаардлагатай. Кальцийг биед шаардагдах хэмжээнээс багаар хэрэглэвэл бие махбодь хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд кальцийг яснаас авч хэрэглэдэг.
 
КАЛИ, НАТРИ: Натри, кали эсийн гаднах шингэний хэмжээ, осмос даралтыг зохицуулна. Кали нь эд эсийн шингэнийг тэнцвэржүүлэх, булчин, зүрхний хэвийн ажиллагааг хангахад оролцоно. Натри нь цусны даралт тогтовортой байлгах, хүчил шүлтийг тэнцвэржүүлэх, биеийн шингэний алдагдлаас хамгаалах, булчингийн үйл ажиллагааг хангана.
 
Хоногийн натрийн хэрэгцээ 200-500 мг байна. Кали, натри, магни, хлор, кобальт, зэс зэрэг микроэлемэнтүүд ургийн хэвийн өсөлт, төрөлт, сүүжих үйл явдад тодорхой үүрэгтэй. Калий төмс, алим, үзэм зэрэг жимсэнд илүү агуулагддаг. Калийнхоногийн дундаж хэрэгцээ нас насанд өөр өөр байна. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйд 5100 мг байна. Кали дутагдахад арьс хуурайсч, гүйлгэх, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, өөх тос хуримтлагдах, цусны даралт ихсэх зэрэг шинжүүд гарна. Тун хэтрүүлсэн тохиолдолд зүрхний хэм алдагдах, булчин сулрах, зүрхний үйл ажиллагааны доголдлын шинжүүд илэрнэ.

 
ТӨМӨР: Дунджаар хүний төмрийн хоногийн хэрэгцээ 15-20 мг байдаг байна. Төмөр нь цусан дахь гемоглобины бүтцэд орж, эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөх үүрэгтэй. Жирэмсэн эмэгтэйн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний төмрийн агууламж жирэмсэн биш эмэгтэйд шаардагдах хэмжээнээс дунджаар 10 дахин их байх шаардлагатай. Учир нь ургийн өсөлт хөгжил хэвийн явагдахад төмрийн хэрэглээ нэмэгддэг. Төмөр нь улаан эс, гемоглобины үүсгэж, идэвхтэй хүчилтөрөгч уураг нийлүүлэх цусны улаан эсийг төлжүүлэхэд оролцоно.
 
Төмөр дутагдлын үед хоолны дуршил буурна, цус багадалт үүсэж, ургийн өсөлтийн саатал, зулбах, дутуу төрөх, бага жинтэй төрөх магадлалтай. Төмөр хүнсний ногоо, гүзээлзгэнэ, интоор, чангаанз, усан үзмийн дарс, байцаа, сонгино, улаан лоольд агуулагдах тул хоол тэжээлээр тодорхой хэмжээний хэрэгцээ хангагдах боломжтой. Хоол хүнсээр авах аминдэм С, жимс жимсгэнийг хэрэглэснээр төмрийн шимэгдэлт сайжирна.
 
ИОД: Хоногийн хэрэгцээ нь 100-120 мкг. Хүний нарийн гэдэснээс элгэнд шимэгдэнэ. Бамбай булчирхайн үйл ажиллагаанд оролцож, тироксин үүсэхэд оролцдог. Жирэмсэн үед иодын хэрэгцээ харьцангүй нэмэгддэг. Иод нь ургийн өсөлт хөгжлийн хангахад чухал үүрэгтэй. Иод дутагдахад бамбай булчирхай томорч, ялгарах дааврын хэмжээ бага болж, хүнсний бүтээгдэхүүний иодын агууламж бага байдаг учраас зарим тохиолдолд иоджуулсан давс хэрэглэх замаар нэмэлт хэрэгцээг хангадаг.
 
АМИН ДЭМ: Бодисын солилцоо хэвийн явагдахад АМИН ДЭМҮҮД чухал үүрэгтэй. Үүнд С, A, В1, Д, Е, К, РР чухал үүрэгтэй. С амин дэмийн хэрэгцээ ердийн үеийнхээс 2-3 дахин ихсэж, үр хөврөлийн бүрхүүл, ихэс үүсэх, ургийн хэвийн хөгжлийг хангана. А амин дэм ургийн өсөлт, В1 мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулахад, Д тулгуур эрхтэн, ясны хөгжилд, Е жирэмслэлт хэвийн явагдах нөхцөлийг тус тус хангахад оролцдог. Жирэмсэн үед цусны эргэлтийн тогтолцоонд өөрчлөлт гарч, зүрх цусаа шахах үйл ажиллагаа ердийн үеийнхээс 30-50 хувь нэмэгдэж, цусны сийвэнгийн эзлэхүүн нэмэгдэж, цусны улаан эсийн тоо харьцангуй цөөрснөөр уураг, микроэлэмент багасдаг байна. Эхийн биед жирэмслэлттэй холбоотой эрдэс, амин дэмийн хэрэгцээ ихэсдэг. Шаардлагатай эрдэс, амин дэмийг ураг эхийн цусны эргэлтээр дамжуулан авна. Тиймээс хүний хөгжлийн нарийн үе шат хөврөл, ургийн хөгжлийн үед эрдэс, амин онцгой үүрэгтэй учраас жирэмсэн үеийн эхийн хооллолт маш чухал асуудал байдаг.
 

В: В1,В2,ВЗ,В5,В6 багтана. В1 дутагдлын үед хоолны дуршил буурах, жин хасагдах, цочромтгой, тайван бус, хүнд хэлбэрийн дутагддын үед булчин сулрах, хавагнан зурхний үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж илэрч болно. В1 гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурдаг, талх, их агуулагддаг байна.
 
А: Амин дэм нь эрхтэн, эд хэвийн өсөлтөд чухал ач холбогдолтой. Арьс, салтын нөхөн төлжих үйл ажиллагааны явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дархлаа идэвхжүүлэх, нүдний хараа, сонсгол, үнэрлэх, хүрэлцэх эрхтэн зөв үйл ажиллагаа. харааны пигмент үүсэх, өөх тос, уургийн нийлэгжилт нь бодисын солилцоонд оролцдог. Жирэмсэн үед цусны улаан эсийг нөхөн дэмжих, амьсгалын зам, нарийн гэдэсний салстын үйл ажиллагааг хангана. Загасны тос, элэг, бөөр, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагдана. Жирэмсний үед витамин А илүүдэл төв мэдрэлийн тогтолцоо, зүрх, бөөр, нөхөн үржихүйн ургийн эрхтэн, мөчид нь гажиг үүсгэх эрсдэлтэй.
 
Д: Биед хоол тэжээлийн хамт, нарны гэрлийн нөлөөгөөр үүсч, ясны солилцоонд оролцон сийрэгжилтээс хамгаална. Д амин дэм дутагдсанаас хоол боловсруулах замаар кальци, фосфорын шимэгдэлт  буурч, бие махбодын яс зөөлрөх өвчин юм. Д амин дэмийн дутагдлын үед умайн гөлгөр булчинд нөлөөлж ураг өсөлтгүй болох, яс үүсэн хөгжих үйл ажиллагаа алдагдан яс зөөлрөх, мөчид тулгуур эрхтний хөгжлийн гажиг үүсэх эрсдэлтэй байдаг.
 
ФОЛИЙН ХҮЧИЛ: Ургийн мэдрэлийн системийн эсүүд хөгжихөд оролцоно. Эд эс, үр хөврөлийн болон ургийн хэвийн өсөлт, цусны улаан эс, цусны цагаан эс үүсэхэд чухал үүрэгтэй. Фолийн хүчлийн дутагдлын үед мэдрэлийн гуурс гажиг, тархи хөгжихгүй байх эмгэгээс гадна хүүхдийн оюун ухааны хөгжил саатна Ургийн тархи нугасны ивэрхий үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтын доор хэрэглэдэг.
 
К: Цус бүлэгнүүлэх тогтолцоонд чухал үүрэгтэйгээс гадна жирэмсэн, төрөх үед чухал ач холбогдолтой юм. К зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал амин дэмүүдийн нэг бөгөөд тодорхой хэмжээгээр хэрэглэж байсан хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар зүрх судасны нас баралтын эрсдэл багатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. К дутагдсанаас цус бүлэгнэх үйл ажиллагаа алдагдаж цус гарамтгай, цус багадалтын шинж илэрч, ясны сийрэгжилт явагдана. К амин дэм навчит ногоон хүнсний ногоо, улаан лооль, цэцэгт байцааны, хөх тариа, улаан буудайнд агуулагддаг байна.
 
АНХААРУУЛГА: Хүний биед эрдэс, амин дэм хэрэгцээ ИЛҮҮДЭХ, ДУТАГДАХ аль аль нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас та бүхэн зөв зохистой, эрдэс, амин дэмийн тэнцвэржүүлсэн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
 
Гэвч зөв хооллолт гэсэн ойлголт нь өөр газар орны онцлогт суурилагдсан хооллолтыг сохроор дагаж мөрдөх гэсэн ойлголт биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ та жирэмсэн, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эхлээд цусанд байх эрдэс, амин дэмийг тодорхойлуулсны дараа нэмэлтээр хэрэглэх эсэхээ шийдэх нь таны жирэмсний явц болон ирээдүйн хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөд чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.