Залуусын 50 орчим хувь нь эрүүл мэндийн мэдээлэл хаанаас авахаа мэддэггүй

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс их, дээд сургуулийн багш болон оюутны зөвлөлтэй хамтран уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Ж.Энхзулаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Энэ жил ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ. Ямар арга хэмжээг зонхилон зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
 
-Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамны төлөвлөгөө, стратегид тусгагдсан бэлгийн замын халдварт өвчин буюу ХДХВ-ын эрсдлээс сэргийлэх талаар өсвөр үе, залуучуудад зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлийн хүрээнд өнөөдрийн сургалт болж байна. Ер нь 15-25 насны залуучуудад эрүүл мэнд болон ХДХВ-ын талаархи зөв мэдээлэл, сурталчилгааг түгээхийн тулд Скайтел, Юнител, Мобиком компаниар дамжуулан 395 мянган хэрэглэгчдэд мессэжийг илгээнэ.
 
Мөн мэдээлэл, сурталчилгааны материалуудыг түгээхээр төлөвлөсөн. Сургуулийн оюутны дотуур байранд сургалт явуулна. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн эмч нарын уулзалт болж байна. Энэ уулзалтаар бид 150 гаруй эмч болон оюутны холбооны төлөөлөлтэй хамтран ХДХВ-ын чиглэлээр хийх үйл ажиллагаагаа хэлэлцэх гэж байна.
 
Ингэснээр оюутны холбоод нь сургуулийн эмч, эмнэлгийн ажилтнаа дэмждэг, хамтарч үйл ажиллагаа зохион байгуулдаг сүлжээг бий болгох гэж байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн эмч нарын фэйсбүүк хаяг нээгээд Нийгмийн эрүул мэндийн хүрээлэн сургуулийн эмч нартай хамтраад илүү ойр ажиллах боломж нээгдэх юм.
 
-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хүн амд эрүүл мэндийн талаархи зөвлөгөө зөвлөмж хүргэдэг шүү дээ. Энэ чиглэлээр ирэх онд үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
 
-Ер нь оюутны “Эрүүл мэндийн дэмжих өдөр”-ийг жил бүр Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулдаг. Мөн арванхоёрдугаар сарын 1-нд ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх дэлхий нийтийн өдөр байдаг. Тиймээс энэхүү өдрийг тэмдэглэн, олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэр үйл ажиллагааны эхлэл нь энэхүү сургалт гэж ойлгож болно. Их дээд сургуулийн эмч нартай энэ удаад уулзлаа.
 
Мөн бид 21 дүгээр сургууль дээр Ерөнхий боловсролын сургуулийн эмч, оюутны холбоонд сургалт, уулзалт зохион байгуулна. Бид зөвхөн ХДХВ-ын талаархи мэдээлэл гэлтгүй хүн амыг шууд үхэлд хүргэж буй бөөрний дутагдал, тархинд харвалт, зүрхний шигдээс зэрэг асуудлаар иргэдэд дараах хуваарийн дагуу уулзалт сургалт хийж, хүн амд өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, брошур хуудас тараах юм.
 
Түүнчлэн энэ сарын 24-нд өглөө 11:30- 12:30 цагийн хооронд мэдээлэл сурталчилгааны материал тараана. Тэгэхээр олон төрлийн сургалт, уулзалтыг цаашид хийхээр төлөвлөсөн.
 
-Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд чиглэсэн судалгааг танайхаас гаргадаг уу?
 
-Өсвөр үе, залуучуудын дунд явуулсан мэдлэг хандлагын судалгаанаас харахад нийт залуучуудын 50 орчим хувь нь эрүүл мэндийн мэдээллийг хаанаас авахаа мэддэггүй гэж хариулсан байдаг. энэ маань юу гэж байна вэ гэвэл залуучууд мэдээлэл сурталчилгаагаар дутмаг байна. Тэдэнд мэдээллийг сайн хүргэх ёстой, мэдээллийн эх сурвалжуудыг сурталчилж өгөх ёстой юм байна гэж бид үзсэн.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.