Төв цэвэрлэх байгууламжийн засварт 8.1 тэрбум зарцуулна
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны өчигдрийн хуралдааны эхэнд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсов.

 Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат танилцуулав. Тэрээр, Өргөдлийн байнгын хороонд сүүлийн 2 жилийн хугацаанд Туул голын усан дахь бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрч, цэнгэг усны загас жараахай устаж, голын урсац зарим үед тасалдаж байгаа тул Туул голыг хамгаалах арга хэмжээ авах, Туул голын сав газар, энгийн хамгаалалтын бүсэд элс, хайрга олборлож газрын хөрсийг эвдэж байгааг зогсоох, арьс ширний үйлдвэрүүд стандартын шаардлага хангаагүй бохир усыг Туул голд урсгаж голын усыг бохирдуулж байгаад хяналт тавих, нөхөн сэргээлт хийлгүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар өргөдөл ирүүлсэн.  Ажлын хэсгийн хүрээнд 2016 оны 11 дүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, Үйлдвэрийн урьдчилсан цэвэрлэх “Харгиа” байгууламж болон ойролцоох арьс ширний үйлдвэрүүд, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин элс, хайрга, дайрга олборлон үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлын хэсэг хуралдсан гэлээ. Түүнчлэн Туул голын усны бохирдлын түвшин, шалтгаан, Туул голын бохирдолд голлон нөлөөлж буй хүчин зүйлс, Төв цэвэрлэх байгууламжийн ус цэвэршүүлэлтийн байдал, Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн хэрэглээнээс гарсан бохир усны талаар болон бусад үйлдвэрүүдийн хэрэглээнээс гарсан бохир усны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

 Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд холбогдох яам, газар болон ажлын хэсэг, дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлахад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар энэ асуудлыг бодитойгоор шийдвэрлэхийн тулд хариуцлагын асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар тодруулсан юм.  Өөрөөр хэлбэл ус, гол бохирдуулсан аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцдог ямар механизм үйлчилж буйг тодрууллаа. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд цэвэрлэх байгууламжид олон тэрбум төгрөг зарцуулсан хэрнээ өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдсэн бодит арга хэмжээ харагдахгүй байгааг шүүмжлэв.
 Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан өгсөн тайлбартаа, арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах УИХ-ын тогтоол гарсан. Энэ ажлыг хот тогтоосон хугацаанд гаргахаар ажиллаж байгаа төдийгүй нэгдмэл байр суурьтай байгааг онцолсон юм. Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламжид засвар хийх зорилгоор 8.1 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Нийт 25 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 12 ажил хийгдсэн. Бусад ажил хийгдээгүйн шалтгаан болон хөрөнгө мөнгөний зарцуулалтад ажлын хэсэг ажиллаж байгаа. Эцсийн дүгнэлт гармагц албан хариу хүргүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.
 Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг танилцуулсан юм. Тогтоолын төсөл нь 11 заалттай ба биелэлтийг 2016 оны намрын чуулганы хугацаанд багтаан тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг даалгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат Туул голыг хамгаалах тусгай хуультай болох санал хэлж байсан бол бусад гишүүд хариуцлагын асуудлыг онцгой анхаарах хэрэгтэйг дурдаж байв.

 Ингээд Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг тусган Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 84.6 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.
 
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өөөөөөөөөөөө 2016-11-24 00:54:37
    Хэдэн цаасаар зогоосон болж мөнгө идэж байхаар шинээр хий дээ. идэх уух завхруулах юман дээр мөөн ч сайхан толгой нь ажиллах юм даа.
  • Баагий 2016-11-24 00:42:22
    Туул голоос ус ууж байгаа УБ-аас доошхи сумын иргэд Улаанбаатарын засаг захиргаанаас хохирлоо/мал хүн ургамал байгаль учруулсан/ нэхэх хэрэгтэй