Дэлхийд эх орноо төлөөлөх гагнуурчныг шалгаруулна
“Монгол ур чадвар-2016” тэмцээний гагнуурын төрлийн тэмцээн маргааш Монгол-Германы МСҮТ дээр эхэлнэ. Өнөөдөр манай улсад мэргэжлийн боловсрол, сургалтын 36 байгууллага гагнуурчин мэргэжлээр сургадаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд 27 оролцогч сургуулиа төлөөлөн оролцох юм. Тэднээс шалгарсан нэг л оролцогч 2017 оны аравдугаар сард 44 дэх удаагийн “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д гагнуурын төрөлд эх орноо төлөөлөх эрхтэй болно. Одоогоор дээрх тэмцээнд 76 орноос 50 мэргэжлээр ур чадвартнуудаа сойж байгаа аж.

Манай улс 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад гишүүнээр элссэн. Өнгөрсөн жил анх удаа “Дэлхийн ур чадварын мэргэжлийн тэмцээн”-д есөн мэргэжлээр оролцсон билээ. Харин энэ жил таван төрлөөр оролцохоор бэлдэж байгаагийн нэг нь гагнуурын төрөл. Урьд нь дэлхийн тэмцээнд оролцсон туршлагадаа үндэслэн энэ жил үндэсний тэмцээний даалгавар, гүйцэтгэл, шалгаруулалтыг дэлхийн зэрэгт хүргээд байна.

Гагнуурын мэргэжлийн онцлог нь ажлын байрны хүнд нөхцөлд багтдаг. Тэмцээний оролцогч 4-5 цагийн турш гагнуурын утаа, хэт ягаан туяаны нөлөөнд даалгавраа гүйцэтгэдэг. Тиймээс нэйш, хөнгөн цагаан гагнуурыг оролцуулалгүйгээр, оролцогчдод хамгийн сөрөг нөлөө багатай ган метал дээр гүйцэтгэл хийхээр болжээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад гагнуурын мэргэжлээр элсэгчдийн тоо жилээс жилд өсч буй гэнэ. Жилд 620-730 суралцагч төгсөн гарч байгаагаас 87.5 хувь нь ажлын байртай болж байгаа статистик гарчээ. Хэдийгээр энэ мэргэжил нь хүнд нөхцөлд тооцогддог ч үнэлгээ өндөр, маш нарийн агуулгаар ур чадварыг эзэмшүүлдэг учраас эрэлт ихтэй мэргэжлийг тэргүүлдэг байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.