Баян-Өлгийн Булган суманд өвөлжилт хүндэрч, малчид оторлохоор болжээ

Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах Шуурхай бүлэг энэ сарын 22-23-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Булган сум, Өлгий хотод  ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн 13 сумаас Булган суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн, Сагсай сум хүндэвтэр, бусад суманд өвөлжилт хэвийн байгаа аж. Энэ жил тус суманд нийт 730 гаруй өрхийн 150,613 толгой мал өвөлжиж байна. Агаарт өдөртөө -24-30 хэм, шөнөдөө -30-35 хэм хүйтэн байна.

Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, цасны зузаан тал газраа 25-30 см, уулархаг хэсэг, гуу жалгандаа 40-80 см-т хүрч мал бэлчээрлэх боломжгүй болжээ.

Мөн Булган сумаас Дэлүүн, Толбо сумд, Өлгий хот хүрэх чиглэлийн Улаагчины даваа 10-ны өдрөөс үргэлжлэн орсон их цасны улмаас 18-ны өдөр цасанд боогдсон тул Булган сумаас төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүрэн зогссон байна.

Тус сумын малчдын 30-40 мянган мал өвөлдөө Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутагт оторлодог, зуны улиралд Ховд аймгийн хойд сумдын малчдын 20-30 мянган мал Баян-Өлгий аймгийн Булган суманд оторлодог аж.

Энэ жилийн хувьд  Баян-Өлгий аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрч, мал бэлчээрлэх боломжгүй болсон тул Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хурал дээр өвөлжилт хүндэрсэн Булган сумын малчдыг отор нүүдэл хийлгэх асуудлыг танилцуулж шийдвэрлүүлсэн юм.



Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын хурлыг энэ сарын 22-ны өдөр Булган суманд хуралдуулж холбогдох үүрэг, даалгавруудыг өглөө.

 Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Булган сумын нутгаас Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумдын нутагт отроор өвөлжих малчдын асуудлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан дээрх сумдын Засаг дарга нар хамтран гэрээ байгуулж,  отроор өвөлжих малчид, мал сүргийг нэг коридороор гаргах ажлыг шуурхай зохион байгуулах, отор нүүдэл хийж байгаа малчдад зориулсан отрын штаб байгуулах, малчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, отроор өвөлжих малчид орон гэрээ орхиж нүүдэллэж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хяналт, шалгалтыг сайжруулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Ажлын хэсгийнхэн арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Увс аймагт ажиллана.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-23 05:55:16
    Малчид цас хайлаад хавар, зун, намар болохоор бүхнийг мартаад архидаад, наадамдаад, төвийн муусайн гуйлагчингууд гэж хараагаад л бааварлаад л дуусана даа