Д.Эрдэнэбат: АН-д хэн нэгэн хүнийг дагасан ашиг сонирхлын бүлэглэл байх ёсгүй
Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох АН-ын Их Хуралд 1210 төлөөлөгч оролцоно. АН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хуралд оролцох төлөөлөгчдийг сонгох журмаа баталсан талаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдэгдлээ.

Төлөөлөгчдийг сонгох журамд бүх орон нутгийн намын анхан шатны байгууллагаас сум бүрээс нэг төлөөлөгч, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид, ҮЗХ-ны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагын төлөөллүүд оролцоно гэж тусгажээ.

Их хурлын гол зорилго нь АН-ын үзэл баримтлал, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах гэдгийг тэрбээр онцоллоо.

Энэ мэдээллийн дараа Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат зарим  асуултад хариулт өглөө.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар намаас ямар байр суурьтай байгаа вэ? 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа эхлэхэд эрт байна. Хамгийн эхэнд намын шинэчлэлээ маш шуурхай хийх хэрэгтэй. АН хэрхэн шинэчлэгдэн зохион байгуулж, хэр нээлттэй болох вэ, гэдгээс хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлнө. Н.Алтанхуягийн хувьд нэр дэвшихээ илэрхийлж байгаа нь хувь хүний байр суурь. Бидний зүгээс ямар нэг хориг саад тавихгүй.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн намын дарга байх ёстой юу. Энэ талаар намын дүрэмд хэрхэн тусгаж байгаа вэ?

-АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг горилж байгаа хүмүүс нэг биш байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг албан ёсоор сунгаа хэлбэрээр шалгаруулж байсан. Ингээд нийт зургаан нэр дэвшигчээс ҮЦХ-оор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ шалгаруулаад Их хурлаар ёсчилсон. Шинэчлэлийн хүрээнд байгаа нэг асуудал нь намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх нөхцөл тухай намын дүрэмдээ тусгасан байгаа. Үүнийг намын шат шатны байгууллагууд хүлээн зөвшөөрсөн. Намын дарга бол намаа дөрвөн жил тогтвортой авч явах намын тэргүүн буюу гол менежер байх ёстой гэдэг нь АН-ын шинэчлэлийн дүрмийн гол утга санаа нь.

-АН-ын ялагдалд хүргэсэн хүмүүст хариуцлага тооцох асуудал ҮЗХ-ны хуралдаанаар яригдсан уу?

-Энэ асуудлыг ҮЗХ-ны хуралдаанаар “хэлэлцэх шаардлагагүй” гэж үзсэн. ҮЗХ-ны гишүүдэд зарчмын зөрүүтэй санал байсныг үгүйсгэхгүй. Гэвч ҮЗХ-ны гишүүдийн олонх энэ асуудлыг “хэлэлцэх шаардлагагүй” гэдэг дээр санал нэгдсэн учраас энэ шийдвэр эцсийнх.

-Намын дарга, Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийг тойрсон баривчилгаанууд явагдах боллоо. Энэ асуудалд АН ямар байр суурьтай байна вэ?

-Ганц Н.Алтанхуягийн тухай ч биш АН-ын лидерүүдийг янз бүрийн үндэслэлтэй, үндэслэлгүй нь мэдэгдэхгүй шалтгаанаар баривчлан саатуулж, олон нийтэд сенсаци дэгдээх асуудалд манай намын гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудлаар АН ойрын хугацаанд байр сууриа илэрхийлнэ.

-Ардчилсан намын зарим фракцууд татан буугдаж байгаагаа зарласан. Фракцын асуудлыг намын дүрмэндээ хэрхэн тусгаж байгаа вэ?

-Фракц гэдгийг нэг талын ойлголтоор хүлээж авах нь хэт өрөөсгөл. Мэдээж хувийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө нэгдсэн фракцыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгтэй миний бие санал нэг байна. Бодлогын хэмжээнд нэгдээд, саналаа илэрхийлэх нь хаана ч түгээмэл. АН-ын шинэчлэлийн дүрэмд албан ёсны ашиг сонирхлын фракцыг байлгахгүй байхаар асуудал тусгасан. АН бодлогын хэмжээнд нэгдсэн нам байх ёстой болохоос биш  хэн нэгэн хүнийг дагасан ашиг сонирхлоор нэгдсэн бүлэглэл байхыг тэвчихгүй.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Novshnuud 2016-11-23 13:12:52
    Elbegdee heldeee
  • нам  2016-11-23 07:47:21
    цөөн хүнтэй байж нам болж шоудаад монголоо устгах нэг арга биздээ хөөрхий
  • иргэн 2016-11-23 05:51:41
    ПАНИР чи хов живийн өгүүлбэрээ л зөв хэлхэж бай, улс төрийн намын бодлогын асуудал чамд хүндэнэ, чи учрыг нь олж бичиж чадахгүй