
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх оны нэгдүгээр сард Цагаан ордны тэргүүнээр томилогдон тангарагаа өргөснөөсөө хойш 100 хоногт хийх ажлаа танилцууллаа. Тэрбээр төлөвлөгөөгөө бичлэг хэлбэрээр нийтэлсэн байх бөгөөд эхний өдрөө л “Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрээс гарах болно” гэж мэдэгдсэн байна. Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрт /ТPP/ 12 орон нэгджээ. Тэдгээр улсууд дэлхийн эдийн засгийн 40 хувийг бүрдүүлдэг байна.
Мөн тэрбээр нүүрс олборлолтод тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлж, визийн зөрчлийг таслан зогсоохоо амласан билээ. Харин “Obamacare” гэдэг эрүүл мэндийн хөтөлбөр болон Мексиктэй залгаа хил дээр хана барих талаар ямар нэгэн зүйл яриагүй байна. Хоёр долоо хоногийн өмнө тэрбээр Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан нь олон хүнийг цочролд оруулж, АНУ даяар эсэргүүцлийн жагсаал одоо ч өрнөсөөр байгаа юм.
Номхон далай дамнасан худалдааны түншлэлийн хэлэлцээрийг 2015 онд байгуулсан бөгөөд Япон, Малайз, Австрали, Шинэ Зеланд, Канад, Мексик зэрэг орнууд нэгдсэн боловч хэлэлцээрийг одоогоор соёрхон батлаагүй байгаа аж. Энэ хэлэлцээр нь эдийн засгийн харилцааг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой боловч уг хэлэлцээрийг эсэргүүцэгчид “хэлэлцээрийг нууцаар, томоохон корпорациудад ашигтай байдлаар хийсэн” гэж шүүмжилдэг билээ.
Монголын мэдээ
Б.Даваа