Гурван гийгүүлэгч гэж хэн бэ?
Гэрийн эзэн хоймроо ханхайж, хүүхдийн инээд цалгиж, гэр гийгүүлэгчид галын бурхнаа хөгжөөн байх энэ л агшин бол мянга мянган гэр бүлийн хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг.

ТЭД БОЛ ГЭР БҮЛЭЭ ГИЙГҮҮЛЭГЧИД ЮМ.

Гэвч энэ аз жаргалыг хөглөж, амь оруулдаг гол хөгжим нь яах аргагүй юугаар ч дутахгүй, юунд ч санаа зовохгүй амьдрах гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Хэдийгээр та өглөөний нартай уралдан үдшийн бүрий болтол ажилладаг ч ямагт мөнгөөр дутагдаж, эсвэл гэр бүлээрээ аялах, сурч боловсрох зэрэг мөрөөдөлдөө хүрч чадахгүй байна уу?

Тэгвэл  “Гурван гийгүүлэгч”  реалити нийтлэлийн маань гол дүрүүд болох гурван бүсгүй өөрт болон гэр бүлдээ тохиолддог санхүүгийн хэрэгцээ, орлого, зарлага, хуримтлал, өр зээл зэрэг асуудлуудаа өөрсдийн амьдрал дээр хэрхэн шийдвэрлэж байгааг та тус нийтлэлээс унших боломжтой.

ТЭД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ БУСДАД ТҮГЭЭЖ, МЭДЛЭГ МЭДЭЭЛЛЭЭР ГИЙҮҮЛЭХИЙГ ХҮСЭГЧИД ЮМ.

Тэд онолдохгүй. Бусадтай л адил  эгэл жирийн амьдралтай эдгээр бүсгүйчүүдийн өөрийн амьдрал дээр хэрэгжүүлсэн туршлагыг хуваалцах “ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ” нэр нь хүртэл ГИЙГҮҮЛЭГЧ-ээр эхлэх бүсгүйчүүдтэйгээ юун түрүүнд уншигч таныг танилцуулъя.
 
ГИЙГҮҮЛЭГЧ-Н БУЮУ НОМИО

Тэрбээр нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Нягтлан бодогч мэргэжилтэй. Иймээс хувийн болон өрхийн санхүүгээ хэрхэн зөв оновчтой удирдах талаар бусдад мэдээлэл өгч, залуу гэр бүлд тулгамдаж байгаа санхүүгийн асуудлуудад нь зөвлөгөө өгөх дуртай. Үүнийгээ ч өөрийнхөө нийгэмдээ оруулж буй хувь нэмрээ гэж боддог. Өөрийн амьдралдаа хэрэгжүүлж ирсэн багагүй туршлага ч түүнд бий.

Таван жилийн дараа чи хэн байх вэ?

Номио 2011 онд дөнгөж сургуулиа төгсөн амьдралаа эхлүүлэхдээ нөхөртэйгээ хамт гэр бүлийнхээ ойрын 5 жилийн төлөвлөгөөг гаргаж, юун түрүүнд боловсролоо дээшлүүлэхээр зорьжээ. 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд түүний нөхөр болон өөрөө магистрийн зэргээ хамгаалж чадсан. Одоо үргэлжлүүлэн докторт суралцаж байгаа. Залуу гэр бүлд сургалтын төлбөр, байр орон сууц, хөл дүүжлэх унаатай болох гээд юу эс мундах вэ. Гэхдээ тэд өрхийн санхүүгээ зөв төлөвлөж чадсан учраас энэ бүхнийг даваад л гарсан.Амьдралаа босгож чадсан. Бас ч гэж хажуугаар нь 6 настай хүүхдээ хувийн сургуульд сургах, гэнэтийн тохиолдолд гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэх багахан хэмжээний хуримтлал үүсгэж ч амжсан байна.

Дараагийн таван жилд би хэн байх вэ? 

Номиогийн гэр бүл дараагийн 5 жилийн төлөвлөгөөгөө гаргаад буй.  Хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд болон гэр бүлийнхээ сайн сайхны төлөө тэд хуримтлал үүсгэх зорилт тавьжээ.  Зорилгодоо харин хэрхэн хүрэх бол?

ГИЙГҮҮЛЭГЧ-БЯМБАТОГОО БУЮУ ТОГОО  /Олон нийтийг төлөөлнө/

 Хоёр найзыгаа бодвол эгчмэд. Социализмын үеийн сүүлийг мушгиж, картын бараанд дугаарлаж үзсэн нэгэн. Түүний үеийнхэн зарим нь амжилттай бизнес эрхэлж яваа. Ихэнх нь мэргэжлээрээ ажилладаг. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй. Улс орны эдийн засаг,  төсөв, тодотгол гээд өч төчнөөн мэдээ сурвалжлага бэлтгэж байсан хэдий ч саяхнаас өрхийн зарлага орлого, санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх вэ? зэргийг сонирхон судлах болжээ. Нэг ёсондоо санхүүгийн боловсролын салбарт анхлан суралцагч. Судлах тусам түүнд олон боломж нээгдэж байгааг бусадтай хуваалцахыг хүсэж буй.  

ГИЙГҮҮЛЭГЧ-С БУЮУ СЭРЖЭЭ  /Гадаадад амьдарч буй Монголчуудыг төлөөлнө/

Сэржээ нөхөр охины хамт Солонгос улсад сурч, ажилладаг. Эдийн засагч, хүүхдийн сэтгэл зүйч мэргэжилтэй. Хүүхдийн сэтгэл зүйч мэргэжлээрээ ажиллаж, эдийн засагч мэргэжлийнхээ үр шимийг өрх гэр, амьдрал ахуйдаа  түлхүү ашигладаг нэгэн.

Мөнгөний үнэ цэнийг ойлгоогүй хүн их мөнгөтэй байсан ч бага мөнгөтэй байсан ч адилхан л үрдэг гэж тэрбээр хэлэх дуртай. Учир нь Сэржээ 6 жилийн Монголд нэгэн банкинд ажиллаж байхдаа монголдоо л гайгүйд тооцогдох цалин авдаг байсан. Гэсэн ч ямар нэгэн хуримтлалгүй, өр зээлгүй л амьдардаг байж.

Өдөр хоногийг өнгөрүүлж, илүү ч үгүй дутуу ч үгүй  тааруулаад амьдардаг хэвшил нь айлын гэргий болж, хүний нутагт амьдарч байхад нь ч хэвээрээ л байсан. Гэхдээ хэвшлээ зөв зуршил болгож чадсан учраас өөрсдийн гэсэн юм юмтай болж чаджээ.

Зөв зуршил гэж юу юм бол?

Хамгийн гол нууц нь гэр бүлийн зардлаа бүрэн хянаж, үр дүнтэй хуримтлал үүсгэж чадсан гэж тэрээр хариулж байна. Тэр ч байтугай хуримтлалаа төрөлжүүлж сурсан бөгөөд хамгийн дуртай хуримтлал нь “Аяллын хуримтлал”. Энэ хуримтлалынхаа ачаар өнгөрсөн зун Солонгос улсын зүүн эргээр аялжээ. Дараагийн аялах газар бол Япон улс хэмээн тэрээр итгэл төгс ярих.

Товчхон өгүүлбэл ийм л  түүхтэй, ийм л амьдралын туршлагатай бүсгүйчүүдийг эрхэм уншигч тантай  танилцуулсандаа баяртай байна. Эдгээр бүсгүйчүүд маань хэмнэнэ гэхээр л горойж амьдрахын нэр биш харин ухамсартай зарцуулж байж  ухаалаг хэмнэлт хийж чадна гэдэгт санал нийлдэг юм.
 
 “АЛИВАА ЗҮЙЛИЙГ ХИЙЖ ЧАДНА ГЭДЭГТЭЭ ИТГЭХЭД ТУУЛАХ ЗАМЫН ХАГАС НЬ АРД ҮЛДДЭГ” хэмээдэг. Та ч бас ГУРВАН БҮСГҮЙТЭЙ хамтдаа байж, тэдний туршлагаас суралцан, өөрийн амьдралдаа цоо шинэ хуудсыг нээгээрэй.
 
Дараагийн дугаарт:  Номио нэг өдөрт -3500 Тогоо 100,000 мянга гаруй төгрөг үржээ. Харин Сэржээ 21,500 төгрөг зарцуулсан байна. Яагаад? 2016.11.24-ны дугаараар эргэн уулзацгаая/
 
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.