Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 13 мянган галт зэвсэг бий

“Зэвсэг-2016” үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Лхагвадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-“Зэвсэг-2016” үйл ажиллагаа эхэлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Жил бүр улсын хэмжээнд галт зэвсгийн нэгдсэн тооллого явуулдаг “Зэвсэг” үйл ажиллагаа энэ сарын 14-нд эхэллээ. Энэхүү нэгдсэн тооллогод галт зэвсэг эзэмшигч иргэд, хуулийн этгээдүүд өөрийн эзэмшилд байгаа галт зэвсгийг цагдаагийн газрын болон харьяа сум, баг хариуцсан хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарт авч ирж бүртгүүлэх ёстой байдаг.

-Гэртээ бүртгэлгүй галт зэвсэг хадгалах тохиолдол байдаг. Тэр дундаа хөдөө орон нутагт их шүү дээ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-Энэ арга хэмжээний нэг онцлог нь гэвэл бүртгэлгүй галт зэвсгийг бүртгүүлэх юм. Өөрөөр хэлбэл, бүртгэлгүй болон гэрчилгээгүй нуугдмал галт зэвсгийг энэхүү арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага бүртгэлжүүлдэг. Хэрэв “Зэвсэг-2016” үйл ажиллагааны үеэр бүртгэлгүй зэвсэг хадгалж байсан иргэд галт зэвсгээ бүртгүүлэхээр ирсэн тохиолдолд ямар нэгэн захиргааны арга хэмжээ, торгууль, шийтгэл, хураах барих зүйлгүйгээр хууль ёсны дагуу бүртгээд гэрчилгээг нь олгодог байгаа.

-Эзэмшигчээс эзэмшигчид шилжүүлдэг. Энэ тохиолдолд яах вэ?

-Энэ бол шинэ хуулийн дагуу явна. Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдсан байгаа. Тус хуульд хэд хэдэн зүйл шинээр орсон. Тухайлбал, насны хязгаар заасан. Мөн галт зэсвгийн сургалтад суух болсон. Иргэд галт зэсвсэг эзэмшиж ашиглах болон аюулгүй ажиллагааны гэсэн хоёр янзын сургалтад суух ёстой. Энэ сургалтад суусан иргэд галт зэвсэг бусдаасаа эзэмшиж, шилжүүлж авах, гадаад улсаас импортоор оруулж ирэх боломжтой.

-Бүртгүүлэхдээ хаана хандах вэ. Шаардлагатай бичиг баримт бий юу?

-Иргэд Зэвсэг-2016 үйл ажиллагааны хүрээнд өөрсдийн гар дээрх бүртгэлтэй галт зэвсэг болон адилтгах хэрэгслийг бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэхдээ журмын дагуу галт зэвсгийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбарыг авч ирнэ. Мөн албан байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээ болон галт зэвсгээ биет байдлаар авч ирж бүртгүүлдэг байгаа.

-Ер нь улсын хэмжээнд бүртгэлтэй хэчнээн галт зэвсэг байдаг вэ?

-Улсын хэмжээн дэх нарийн тоог мэдэхгүй байна. Би нийслэлийн галт зэвсэгийн бүртгэл хариуцсан. Нийслэлийн хэмжээнд нийт 13 мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг. Ер нь энэ үйл ажиллагааны гол зорилго нь улсын хэмжээнд байгаа галт зэвсгийн тоог гаргах, галт зэвсгийг бүртгэх, хэрэв иргэн бүртгүүлээгүй нуугдмал галт зэвсэг хадгалж байвал түүнийг бүртгэх юм.

-Хэдэн хүртэл үргэлжлэх вэ?

-Энэхүү үйл ажиллагаа маань энэ сарын 14-нд эхэлсэн байгаа. Нийт 36 хоногийн хугацаанд зохион байгуулагдах юм. Тэгэхээр ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэд өөрсдийн гар дээр байгаа галт зэвсгээ бүртгүүлэх боломжтой. Хэрэв зэвсгээ бүртгүүлээгүй бол тэрийгээ яаралтай авч ирж бүртгүүлэх хэрэгтэй. Үйл ажиллагааныхаа хүрээнд ямар нэгэн захиргааны хариуцлага тооцохгүй гэсэн байгаа.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ажлаа хийгээч 2016-11-21 04:27:05
    жил болгон үзлэгт оруулж, татвар төлнө. тэгээд тэрнээс тусдаа жил болгон ийм арга хэмжээ нэртэй үзлэгт оруулна. нэг ажлыг давхардаж хийхээ болиоч ээ.