СЗХ-ны  орон тооны гишүүнээр О.Батбилэгийг  томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т “Хорооны гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас томилно” хэмээн заасан байдаг.
 
Иймээс хуульд заасны дагуу УИХ-ын Төсвийн, Хууль зүйн, Эдийн засгийн байнгын хороо болон Монголбанкнаас Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилж, чөлөөлүүлэхээр нэр дэвшүүлжээ. Энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар танилцуулсан юм. Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр тус банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдавааг томилуулахаар нэр дэвшүүлж, энэ тухай саналаа холбогдох Байнгын хороонд хүргүүлснээ танилцууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Х. Бум-Эрдэнийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан тус хорооны орон тооны гишүүнээр О.Батбилэгийг томилуулахаар Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн бол тус хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байгаа Л.Энхтайваныг улируулан томилохоор Төсвийн байнгын хорооноос нэрийг нь дэвшүүлж дэмжсэн байна. Харин Эдийн засгийн байнгын хорооноос Б.Батхишигийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж дэмжжээ. Мөн тус Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигч О.Батбилэгийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны, нэр дэвшигч Б.Баярдаваа, Л.Энхтайван нарыг тус хорооны орон тооны бус гишүүнээр томилуулах, Х.Бум-Эрдэнийг тус хорооны орон тооны, Д.Ганболд, Д.Ганбат нарыг орон тооны бус гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн байна.

Байнгын хороодын санал, дүгнэлт, танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эдийн засаг сайнгүй, төгрөгийн ханш тогтворгүй байгаа ийм үед санхүү, эдийн засгийн байгууллагууд ажлаа уялдуулж хамтарч ажиллах, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шуурхай ажиллах шаардлагатай, УИХ-ын гишүүн Н.Оюундарь үнэт цаасны зах зээлд бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэхэд анхаарах, хууль эрх зүйн орчноо тодорхой болгох, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Б.Жавхлан нар эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр чиглэлээ яаралтай гаргаж бүтээлч, санаачлагатай, хурдтай ажиллах, хөрөнгийн зах зээлийг тэлэхэд анхаарах, цаашдаа Санхүүгийн зохицуулах хороо нь бодлогын байгууллага болж ажиллах шаардлагатай гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сумъяабазар нар нэр дэвшигчид болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
 
Ингээд санал хураалт явуулахад Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигч О.Батбилэг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувийн, орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Б.Баярдаваа 86.5, Б.Батхишиг 84.6 хувийн саналаар дэмжигдэв. Мөн нэр дэвшигч Л.Энхтайваныг тус хорооны орон тооны бус гишүүнээр улираан томилохыг гишүүдийн 88.5 хувь нь дэмжив.
 
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Г.Бум-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны, Д.Ганболд, Д.Ганбат нарыг тус хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.8 хувь дэмжлээ.
 
Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.