
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа МАН юу хийсэн бэ? Засгаа байгуулсан цагаас хамгийн их анхаарал хандуулж, цаг зарсан зүйл бол томилгоонууд байлаа. Хамгийн сүүлд өчигдрийн чуулганы хуралдаанаар гадаад улсад Монгол Улсаа төлөөлөн суух элчин сайдуудыг томиллоо. Өнөөдөр ч мөн УИХ томилгоо хэлэлцэнэ.
Мөн УИХ өмнөх парламентийн баталсан хуулиудыг ёсчлоогүй нэрээр буцаах үзэгдэл газар авч байна. Энэ бол парламентийн түүхэнд анх удаагийнх. Цаашид энэ жишиг үргэлжлэх нь тодорхой болж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хугацааг сунгахаас өөр аргагүй байдалд хүрсэн гэсэн тайлбараар мөн буцаан татсан юм. Процессын таван хуулийг ёсчлон батлахад нэг цаг хүрэхгүй хугацаа шаардлагатай байсан ч хууль хэрэгжих бэлтгэл хангагдаагүй гэдэг тайлбараар хуулийг буцаан татсан.
Харин өчигдөр л гэхэд өнгөрсөн тавдугаар сарын 19-нд батлагдсан Хог хаягдлын тухай хуулийг буцаалаа. Энэ хуулиар хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар устгах, барилгын хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц, баялгийг хэмнэх эрх зүйн орчныг бий болгосон юм. Гэвч хуулийг буцаалаа. Гэхдээ дахин өргөн барина.Үүнийг сөрөг хүчний зүгээс хууль өмчлөх гэсэн хүслээс үүдэлтэй Төрийн залгамж чанарыг алдагдуулж байгаа хэрэг хэмээн сануулж байв.
Үнэндээ эдийн засаг хямарч ард иргэдийн амжиргаа өдрөөс өдөрт муудсаар байгаа энэ өдрүүдэд Төрийн ордонд баяр ёслол тэмдэглэх, амралтын өдрийг дахин сэргээх хуулийн төсөл өргөн баригдаж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд тохиодог Тусгаар тогтнолын өдөр бүх нийтээр амрахгүй байхаар АН эрх барих үедээ шийдвэрлэсэн. Харин МАН-ынхан энэ өдөр амардаг болгох хуулийн төсөл өргөн барьжээ. М.Энхболдын парламентад үүнээс өөр хэлэлцэх, шийдэх асуудал үгүй бололтой. Төрийн залгамж чанар гэдгийг мартаж өмнөх парламент, Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлуудыг үгүйсгэсэн өдрүүд энэ мэтээр үргэлжилсээр байх нь.
П.Анир
Оллоо.мн