Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийн талаар хэлэлцлээ.

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд УИХ-аас Жамсрангийн Бямбадоржийг томилуулах саналыг тавьж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэр дэвшигчийн намтрыг танилцуулав. Ж.Бямбадорж нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Оросын холбооны улсын Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор. Тэрбээр 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010-2016 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна. Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй тул Ж.Бямбадоржийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр томилох нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.



Дараа нь УИХ-ын даргын арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн захирамжид Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Доржийн Одбаярыг томилуулах саналыг хэлэлцсэн юм. Д.Одбаяр нь 1967 онд Дорнод аймагт төрсөн, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2013 оноос “Альтернатив Энерги” ХХК-д зөвлөхөөр ажилласан байна. Түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь нь дэмжсэн юм.



Мөн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд УИХ-ын даргын арваннэгдүгээр сарын 16-ны захирамжид Отгонбатын Батбилэгийг томилуулах саналыг хэлэлцлээ. О.Батбилэг нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны болон төрийн удирдлагын магистр. 2004-2005 онд УИХ-ын Байнгын хорооны нарийн бичгийн дарга, 2005-2006 онд УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтэст зохион байгуулагч, референт, 2006-2015 он хүртэл Санхүүгийн зохицуулах хороонд ахлах мэргэжилтэн, улсын байцаагч, эрх зүйн хэлтсийн дарга, Эрсдэлийн удирдлага, зохицуулалтын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Түүнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Үргэлжлүүлэн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 15 дахь илтгэлийг хэлэлцлээ. Уг илтгэлийн талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулав. Тэрбээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэж, УИХ-д өргөн барьж байна. Энэхүү илтгэл нь эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, баривчлах, цагдан хорих арга хэмжээ, ахмад настны эрх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэсэн дөрвөн бүлгээс бүрдэж байгаа. Эдгээр дөрвөн бүлэгт нийт 17 санал тусгасан. Гишүүд та бүхэнд ном болгон хэвлүүлж тараасан тул илтгэлийн талаар дахин танилцуулах нь илүүц гэдгийг онцоллоо.

Илтгэлтэй холбогдуулж, асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй. Тиймээс Хууль зүйн байнгын хорооноос гаргах тогтоолын төслийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа. Гэвч Засгийн газраас уг хуулийн төслийг нягтлах шаардлагатай гэж үзсэн байна. Иймд байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй тул буцаах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 80 хувь нь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссын даргаар Ж.Бямбадоржийг томилох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-17 01:05:22
    ҮХЦ-д Баабарыг оруулчих. тэгээд л болох юм биш үү?????????????