Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэгдэв
Нийслэлийн онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын цаг агаарын байдлын тойм, нийт нутгийн хүйтний улирлын урьдчилсан төлөвийн талаар танилцуулав. ЦУОШГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Оюунжаргал “Энэ сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул зам даваанд тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байна. Маргааш буюу 17-нд баруун ба төвийн нутгаар, 18-20-нд ихэнх нутгаар, ирэх 7 хоногийн дунд үеэс нутгийн хойд хэсгээр цас орж, говь тал хээрийн нутгаар 16-18 м/с, зарим газраар 24 м/с хүрч хүчтэй салхилж, цасан шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, хальтиргаа гулгаа үүсч зам тээвэрт нэлээд хүндрэл үүсэх нөхцөл бүрдэх төлөвтэй байна. 18-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа 20-д гартал бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Дархадын хотгороор -42..-47, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -35...-40 градус хүрч хүйтэрч мал бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч дулааны шугам сүлжээнд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна” гэлээ. Мөн тэрбээр “Хэвлэл мэдээллээр сүүлийн 10 жилд болоогүй хүйтэн болох гэж байна гэсэн ташаа мэдээлэл явж байна. Энэ жилийн 11 дүгээр сар нь өмнөх жилүүдийн 11 дүгээр саруудаас хүйтэн болох нь гэдгийг буруугаар ойлгож тайлбарлаад байна”  гэж тодотголоо.  

Үүний дараа Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Улаанбаатар хотод ойр ойрхон их хэмжээний цас орсонтой холбогдуулан зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хүйтний улирал эхэлсэнээс хойш Улаанбаатарын нутаг дэвсгэрт их, бага хэмжээний цас ороод байна. Хот тохижилтын газар нийслэлийн 6 дүүргийн 116 гудамжны 337.5 км авто зам буюу нийт 4936554 мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж байна. Дүүргүүдийн Тохижилт, цэвэрлэгээний компаниуд өөрсдийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, замын байгууламжийн цас, мөс хальтиргаа гулгааг арилгаж байгаа. Цаашид Цаг уур орчны шинжилгээний газраас 2016-2017 оны өвөл олон жилийн дунджаас хүйтэрч, цас ихээр орох тухай мэдээлж байна. Иймд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн цас хайлуулах бодис, давсны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн иргэдийг хальтиргаа гулгаа, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-нууд орчныхоо 50м газрын цас, мөс хальтиргаа гулгааг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлан ажиллах шаардлагатай байна” гэдгийг хэллээ.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж магадгүй байгаа тул байнгын бэлэн байдалд байж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо. Улаанбаатар хотод үүссэн гудамж замын цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх, түүнээс үүдэлтэй автозамын түгжрэлийг бууруулах, цаг агаарын хүйтрэлтэй холбоотойгоор цахилгаан, дулаан зэрэг инженерийн байгууламжуудын бэлтгэл ажлыг дахин шалгах, онцгой байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар дадлага, сургууль зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Мөн нийслэлээс орон нутаг руу зорих авто замуудыг цасанд хаагдахаас сэргийлэх чиглэлээр онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах, дүүргүүдийн шинээр томилогдсон Засаг дарга нар үйл ажиллагаагаа жигдрүүлж, цаг агаарын хүндрэл үүссэн үед нэгдсэн удирдлагаар хангах, дүүргийн төсвөөс цас хайлуулах бодис нөөцлөхийг даалгалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.