Л.Балхжав: Ард түмнээ дуугаараа даллаж, догдлол, баяр гунигаа хуваалцаж явна

Монголын орчин цагийн хөгжмийн урлагийг Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Л.Балхжавгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний “Миний дуунууд-2016” тоглолт энэ жил 18 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрэх гэж байна. Тэгэхээр энэ эрхэм 18 жил ард түмэндээ бүтээсэн ажлаа тайлагнаж, 40 жил Монголын хөгжмийн урлагт зүтгэжээ. Түүний хамгийн анх аялгуу зохиосон,  Төрийн шагналт, яруу найрагч Д.Пүрэвдоржийн үг “Амин нутаг” дуу 40 дэх жилтэйгээ золгож байна. Ингээд түүнтэй тоглолтын өмнө цөөн хором ярилцлаа.
 

- Бид “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг” зэрэгтэй эн дүйцэх контент хийж, гадаадын телевизүүд манай контентыг худалдаж авдаг болох ёстой- 

 

- “Миний дуунууд-2016” тоглолт үзэгч, сонсогчиддоо 18 дахь жилдээ хүрэх гэж байна. Энэ жилийн тоглолтын онцлогийн тухай яриагаа эхлэе?

-Тоглолт маань 18 жил тасралтгүй болж байгаагаараа онцлогтой. Жил жилийн тоглолтыг өөр өөр өнгө аястай болгохын тулд бид маш их хичээдэг. Дуу бол яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гэсэн гурван жигүүртэй. Харин тоглолт бол хичнээн ч жигүүртэй юм, бүү мэд. Олон хүний хүч хөдөлмөр, бүтээл шингэсэн байдаг. Зарим жилд симфони оркестр, Үндэсний морин хуурын чуулга, үндэсний урлагтай хослуулж хийдгээрээ онцлог байсан. Мөн дан гадаадын уран бүтээлчид оролцсон, эсвэл жүжиг, киноны дуу давамгайлсан гээд янз бүрийн л онлогтой байлаа. Дээрээс нь тоглолт маань “Би аавтай хүн”, “Цагаан шөнө”, “Сэтгэлийн хөг”, “Best&New”гээд олон өөр нэрээр нэрлэгддэг байсан. Энэ жилийн тоглолт болохоор “Миний дуунууд-2016” гэдэг нэрээрээ явж байна. Мөн дан рок попын уран бүтээлчид оролцоно. Тэр тусмаа Монголын шилдэг хөгжмийн баг бүрэлдэхүүн оролцохоор болсонд маш их баяртай байна. “My Songs” гэдэг утгаараа дан дууны уран бүтээлүүд оролцоно. Яагаад гэхээр манай тоглолтыг зохион байгуулж байгаа багийн зүгээс цагаан сарын дараа дан хөгжмийн уран бүтээлээрээ тоглолт хийвэл ямар вэ гэсэн санал тавьсан. Тэгэхээр дан рок, попын дуучид оролцож байгаагаараа л хамгийн онцлог юм уу даа.

- Тоглолтонд шинэ дуу хэчнээн дуулагдах бол?

-Харанга хамтлагийн Х.Лхагвасүрэн,  дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Наран, Б.Амархүү нар маань бүгд шинэ дуу дуулж байгаа.

- Рок, попын уран бүтээлчид гэхээр энэ жил гаднаас уран бүтээлчид ирж оролцохгүй гэсэн үг үү?

-Тийм ээ, дан Монголын маань уран бүтээлчид оролцоно.  Дээрээс нь хамгийн залуу уран бүтээлчээр “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Э.Анужин маань дуучин Б.Амархүүтэй хослон дуулж, нэгэн шинэ уран бүтээлийг толилуулах гэж байгаа.

- 18 жил ард түмэндээ өөрийн дуунуудаас бүтсэн тоглолтыг тасралтгүй хүргэлээ. Тоглолт бүрийн өмнө танд юу бодогддог вэ?

-Тоглолт маань жил ирэх тусам шат ахиж явдаг. Тэр шатнаас буулгахгүй ахиад нэг шат ахиулах юмсан гэж боддог. Зөвхөн дуун дээрээ биш зохион байгуулалт, найруулга, үзэгчдийг уйдаахгүй байх тал дээрээ илүү анхаарах юмсан гэж бодогддог юм. Энэ жилийн шинэ дуунууд маань хүмүүст эхнээсээ хүрээд эхэлсэн. Яруу найрагч Ц.Хулангийн шүлгээр ханийн тухай нэгэн шинэ дуу төрсөн. Үүнийг дуучин Т.Ариунаа маань дуулсан. Мөн Харангын Х.Лхагвасүрэнгийн дуулснаар “Үзэсгэлэнт минь” хэмээх дуу хүмүүст  хүрээд эхэлчихсэн. “Үхэхээрээ чамайг айлгая, хөхөөрөө чамайг даллая” гэдэг шиг ард түмнээ дуунуудаараа даллан дуудаж байгаа хэрэг шүү дээ. Мөн дуучид маань ур чадвар сайтай болохоор дуунуудыг минь ард түмэнд сайхнаар хүргэчих юм. Тэгэхээр догдлолоос маань жаахан ч гэсэн хуваалцаж, өвдөлтийг минь багасгаж өгч байна даа.

- Нэрд гарсан, чадвартай уран бүтээлчдээс гадна та залуу үеэ үргэлж дэмжсээр ирсэн шүү дээ. Тэдэнтэй хамтарч ажиллахад ямар байдаг вэ?

-Орчин үеийн хөгжмийн урлаг орчин үе гэдэг үгтэйгээ адилхан дандаа залуу үе, залуу хамтран зүтгэгчдийг шаардаж байдаг. Тэгэхээр бид насыг тоо гэж үзээд сэтгэлгээгээ залуу байлгахын тулд хичээдэг. Залуу үе маань л Монголын хөгжмийн урлагийг авч явна. Тэгэхээр энэ хэдтэйгээ бид л ажиллахгүй бол өөр хэн ажиллах вэ.

-Дэлхийн хөгжмийн урлагтай үндэсний урлагийнхаа онцлогийг хослуулж  уран бүтээл туурвих хамгийн чухал байх. Энэ нь ч таны уран бүтээлүүд дээр нэлээд ажиглагддаг?

-Тэгэлгүй яахав. Бид төрөхдөө л тал нутагтаа морин хуурын аялгуу сонсож өссөн. Тэгэхээр энэ бол бидний цусанд байгаа зүйл. Бид үндэснийхээ элементийг шингээж орчин үеийн хөгжим бүтээж чадвал дэлхийд гарч чадна. Үүнийг манай яруу найрагч, хөгжмийн зохиолчид амжилттай хэрэгжүүлж яваа гэж боддог. Бас тэр хүмүүсийн нэг байдагтаа баярлаж явдаг юм.

-Яруу найрагч Ш.Гүрбазар та хоёр нэгэн биений хоёр тал шиг л байдаг шүү дээ. 2016 онд ямар уран бүтээл дээр хамтарч ажилласан бэ?

-Энэ жил нэгэн том бүтээл дээр хамтарч ажилласан нь “Миний монгол наадам” дуу байлаа. Ш.Гүрбазар маань сайхан үг зохиож, би бас хичээсэн. Хөгжмийн найруулгыг нь Б.Чинбат хийж, хоолойг нь “Star”, “Намуун” студид бичсэн.  Дууг нь сонгодог, рок поп, үндэсний урлагийнхан маань хамтарч дуулсан байгаа. Тэгэхээр энэ жилийн том уран бүтээл гэвэл энэ л байна даа.

-“Авьяаслаг Монголчууд”, “Яг түүн шиг” гээд дэлхийн хэмжээний шоунуудыг Монголын телевизүүд оруулж ирсэн. Харин та Монголын анхдагч телевизүүдийн нэг болох “UBS”телевизийн захирал. Маш олон үндэсний контентуудыг гаргаж ирсэн. Яагаад зүгээр л гадны том шоуг оруулж ирж болдоггүй юм бэ?

-Монгол HD телевиз “Авьяаслаг Монголчууд”, Боловсрол суваг телевиз “Яг түүн шиг” зэрэг дэлхийн хэмжээний шоунуудыг оруулж ирсэн нь маш бахдалтай зүйл. Яагаад гэвэл бидний залуудаа мөрөөдөөд чадаагүй, гадаадын олон оронд хийгдчихсэн шоуг Монголын хөрсөнд суулгана гэдэг монголчуудын нүдийг нээж байгаа зүйл шүү дээ. Бид болохоор арай өөр зүйл хийхийг хүсдэг. Нэгдүгээрт, эдийн засгийн хувьд боломжгүй, хоёрдугаарт, өөрсдийн үндэсний контент, брэндийг бий болгохын төлөө зүтгэж байна. Тэгэхээр телевиз болгон өөр өөрийн онцлогтой. Бүгдээрээ гадаадын шоу авчраад байвал хөгжихгүй байх л даа. Тэр орон зайг залуу хүчирхэг телевизүүд нөхчихөж байгаа юм чинь бид “Universe best songs”, “My Voice”, “To be or not to be”, “Хөхөө намжил” гээд үндэснийхээ контентыг бий болгочихвол одоо биш юм аа гэхэд ирээдүйд залуу үе маань үргэлжлүүлж хийгээд гадаадын телевизүүд манай контентыг худалдаж авах хэмжээний суурийг тавьж өгөх хэрэгтэй. “Авьяаслаг Монголчууд”, “Яг түүн шиг” зэрэг дэлхийн хэмжээний контентууд шоу ямар байдаг вэ гэсэн тэр босгыг өндөрлөж өгч байна. Энэ бол маш сайн хэрэг. Би үүнийг өрсөлдөөн биш Монголын телевизийн салбар яаж хөгжиж байгааг харуулж байна гэж үздэг. Тэдэндээ баяр хүргэдэг. Танай сайтаар дамжуулаад ч гэсэн баяр хүргэмээр байна.
 

-Цалин мөнгөгүй ядарч болох ч хүн оюуны цангаанд хэзээ ч орж болохгүй-

 

-UBS телевиз нэвтрүүлэг, дуу, хөгжмийн уран бүтээлээс гадна Монголын кино урлагийн салбарт хүч үзээд нэлээд хугацааг өнгөрүүллээ. Анхны киногоо хэдэн онд бүтээж байсан бэ?

-Манай телевиз 1992 онд “Теле кино” үйлдвэрийн бааз суурин дээр байгуулагдсан. Кино хийдэг уламжлалыг өнөөдрийг хүртэл авч явж байна. Бид Монголын хамгийн анхны телевизийн сериалыг санаачилж, 1992 онд “Эзэнгүй айл” гэсэн нэртэйгээр хүргэж байсан. Анхны видео уран бүтээл болох “Шувууд буцах намар” гээд киног хийж байлаа. Баримтат кинонууд хийдэг. Сүүлд 2009 оноос “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама Миа” гээд мюзикл кино, “Мартагдашгүй намар”, “Содура” гээд кинонуудыг хийгээд байна. “Содура” кино маань “Канн”-ын кино фестивальд амжилттай оролцсон. Одоо “Говийн домог” гээд уран сайхны кино хийж байна. Энэ бүгд миний түрүүний яриад байдаг монгол контентийг бүтээж байгаа хэрэг шүү дээ.

-“Содура” кино Монголын кино урлагт дэвшил авчирсан уран бүтээл болсон. Та энэ киноныхоо тухай ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

 -Тийм ээ, бид “Содура” киногоороо Хөвсгөлийн тайгын эздийн тухай өгүүлэхийг зорьсон. Тайгад очиж зураг авалтыг нь хийсэн. Энэ хүмүүс маань маш цөөхүүлээ үлджээ. Одоо л бид эднийхээ зан заншил, дуу хуур, ахуй амьдралынх нь тухай кино болгож, хальсан дээр буулгаж Монголын залуучууд, залуу үедээ үлдээхгүй бол болохгүй нь ээ гэж харсан. Бид энэ зорилгодоо ч хүрсэн. Зураг авалт өвлийн -40 хэм, зуны халуун гээд жилийн дөрвөн улирал хийгдэхэд маш хүндрэлтэй байсан.

-Киноны төгсгөлийг үзээд хоёрдугаар ангитай юм байна гэж бодогдсон шүү?

-Манай залуу уран бүтээлчид энэ тухай ярьдаг. Гэхдээ Монголын маань эдийн засаг ямар байгаа билээ. Яахав, бүх зүйл сайхан болсон үед дахиад тайгадаа очиж, амьдарч, кино хийхийг үгүйсгэхгүй.

-“Говийн домог” хэзээ нээлтээ хийх вэ?

-“Содура” кино маань ерөнхийдөө ногоон өнгө зонхилсон, тайгын өнгөтэй шүү дээ. Говь бол шаргал өнгөтэй. Кино маань Өмнөговь аймагт зураг нь авагдсан. Өвлийн хэсгээ Дорнод аймагт очиж авсан. Тэгэхээр натур дээрх зураг авалт маань дууссан гэж ойлгож болно. Одоо павилонд зураг авалтаа эхлэх гээд бэлтгэл ажилдаа ороод явж байна. 2017 он гаргаад нээлтээ хийнэ дээ. Энэ хоёр киноныхоо хөгжмөн дээр ажиллалаа. “Содура” киноны дууг Б.Сарантуяа дуулсан бол “Говийн домог” киноны маань дууг Т.Ариунаа дуулж байгаа.

-Үндэсний контент үйлдвэрлэх, үндэсний урлагаа хөгжүүлэх тал дээр нэвтрүүлэг, кино, дууны уран бүтээл дээр ажиллаж байгаа юм байна. Санхүүгээ хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Энэ тал дээр бид их азтай. Эдийн засаг гайгүй байх үед бид эдгээр төсөл, хөтөлбөрөө эхлүүлж байсан. Одоо ард түмэн мэддэг болчихсон. Мөн урлагийг дэмждэг гэгээлэг, сайхан сэтгэлгээтэй хүмүүс олон байна. Цалин мөнгөгүй ядарч болох ч хүн оюуны цангаанд хэзээ ч орж болохгүй.

-Эдийн засаг хүнд байна, амьдрал хэцүү байна гэж ярьж байна. Үүнийг зарим уран бүтээлч өөрсдийн уран бүтээлээрээ дамжуулж хүмүүст хүргэх тохиолдол ч байдаг. Харин таны уран бүтээлүүд үргэлж сайн сайхан, гэгээлэг зүйлийн тухай байдаг шүү дээ?

-Амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Тэгэхээр аливаа зүйлийг гэгээлэг, сайхнаар ярьж байвал тэр зүйл нь биелж байдаг. Шүүмжлэх зүйл зөндөө байна. Гэхдээ хүн бүр л хичээх хэрэгтэй. Ямар ч нийгмийн үед муухай эх орон, ээж, аав, хайр гэж байгаагүй. Энэ бол мөнхийн сэдэв. Дуу хөгжимгүй ертөнц гэж байхгүй. Хүн анх төрөхдөө л бүүвэйн дуу сонсож, бурхны орон руу хөгжмөөр л үдэгддэг биз дээ. Тэр байтугай тухайн орны хөгжлийг орчин үеийн хөгжмөөр нь тодорхойлдог болсон байна. Гэхдээ үндэсний урлаг, сонгодог урлагаа орхи гэж байгаа юм биш. Орчин үеийн урлагийг үндэсний урлагтайгаа хоршуулаад дэлхийн хаана ч байхгүй уран бүтээл туурвих хэрэгтэй. Энэ бол урлагт зүтгэж байгаа хүн бүрийн мөрөөдөл.

-Таны хүү Б.Чингүүн кино найруулагч мэргэжлийг эзэмшээд, одоо уран бүтээлээ туурвиад явж байна. Аав хүний хувьд хүүгээ хэрхэн дэмжиж ажиллаж байна, бас ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Саяхан Б.Чингүүний нэгэн киноны уран бүтээл дээр хөгжмийн тал дээр нь хамтарч ажилласан байгаа. Хүн өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар явж байхад би аав хүний хувьд дэмжилгүй яахав. Гэхдээ өөрөө л ажлаа хийдэг байх хэрэгтэй. Хүү маань янз бүрийн хэлбэрээр зүтгэж л байна, зарим кинонууд нь амжилттай болдог. Тэр үед нь баярладаг л юм. Зарим зүйл дээр нь шүүмжлэлтэй хандах үе ч байдаг. Гэхдээ тэр алдаагаа өөрөө олж хараасай гэж боддог. Найруулагч хүн мэдрэмж сайтай байх хэрэгтэй л дээ. Миний хувьд богино хэмжээний кинонуудад нь дуртай.

-Залуу үедээ хамгийн их хэлмээр санагддаг үг тань юу вэ?

-Бид өөрсдийнхөө хийсэн зүйлийг эргээд харахаар бахархах ч юм байна, ичих ч юм байна. Гэхдээ хүн насан туршдаа суралцаж байдаг. Амжилтаа ахиулж байдаг. Хэлэхийг хүсдэг зүйл гэвэл аливаа зүйлд чин сэтгэлээсээ л ханд. Чин сэтгэлээсээ хийсэн зүйл заавал хүнд хүрдэг. Тэгэхээр энэ бүхэн жижиг зүйлд хэрхэн хандахаас эхэлнэ шүү дээ. Хүний нүднээс далд ч гэсэн үнэн байх, сэтгэлээсээ байх гэдэг л хамгийн чухал.

Б.Энх-Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bold  2016-11-16 03:13:06
    Odoo boloichee Jil bolgon xeden duugaa nuguu l xeden duuchdiig daramtalj duuluulaad l Byyr chamaas zalxaj baina