Д.Амаржаргал: Ханийгаа үүдээр ороод ирэх юм шиг үргэлж боддог
Одоогоос хоёр жилийн өмнө таксины жолооч хийдэг таван хүүхэдтэй залуугийн бичлэг цахим ертөнцөөр тарж, олон хүнд нэгийг бодогдуулж байсан билээ. Түүний амьдралын төлөө, эхнэр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж буй тухай эгэл яриа олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, “Мундаг аав” гэх алдар хайрлаж байсныг олон хүн санаж буй биз ээ. Гэтэл ажилч, хичээнгүй залуу бурхны оронд одсон талаарх таагүй мэдээ нэг л өдөр олныг цочирдуулж байсан. Тэгвэл насны эртэд бурхны оронд одсон “Мундаг аав”-ын тухай кино түүний эхнэрийн санаачлагаар хийгдэж эхэлжээ.  Ингээд Т.Даваасүрэн агсны гэргий Д.Амаржаргалтай ярилцлаа.
 
  -Өдрийн мэнд хүргье. Хэдийгээр таны хань энэ хорвоо дээр байхгүй ч гэсэн Монголчууд таван хүүхдийн сайн аав гэдгээр нь мэддэг болсон. Та ханийнхаа дурсгалд зориулж кино хийж байгаа гэл үү. Киноны талаар яриагаа эхлүүлэх үү?
 
-Талийгч ханийнхаа тухай бүрэн хэмжээний “Сайн аав” гэдэг уран сайхны кино хийж эхлээд байна. Миний ханийн мөрөөдөл кино найруулагч, жүжигчин болох байсан л даа. Тиймээс би  ханийгаа өнгөрснөөс хойш энэ талаар нэлээн удаан бодож явсан. Мөрөөдлийг нь гүйцээчих юмсан гэж.Ингээд хоёр сар гаруйн хугацаанд  эрэл хайгуул хийж явсны эцэст найруулагч Бүжинтэй уулзаж, хамтран ажиллахаар болсон. Бүжин маань дөнгөж сургуулиа төгсөөд өөр нэг кинон дээр ажиллаж байгаа ч гэсэн миний саналыг маш таатай хүлээн авч, маш эрч хүчтэйгээр киноны ажлаа эхлүүлсэнд нь талархаж байна. Ингээд 11-р сарын 1-нээс  кино багаа байгуулаад зураг авалтдаа орсон. Одоогоор зураг авалт 35  хувьдаа ороод байна.
 
-Нэлээд сонирхолтой кино хийгдэж байгаа болов уу гэж найдаж байна. Кинонд зохиол хамгийн чухал байдаг шүү дээ. Кино зохиолыг хэн бичсэн бэ?
 
-Мэдээж хэрэг кино маань  манай гэр бүлийн амьдрал, миний ханийн тухай гарах учраас бидний амьдралыг Монголчууд мэддэг болсон.  Гэсэн хэдий ч бодит амьдралыг кино хальснаа буулгана гэдэг асар том ажил. Зохиолын хувьд би өөрөө найруулагчтайгаа хамтран бичсэн. Өөрийнхөө амьдралыг ярьж өгөөд кино зохиол болгосон байгаа.
 

Үр хүүхдийнхээ төлөө нэг мөрөөдлөө орхисон ч  хэзээ ч харамсаж байгаагүй. Дахин шинэ мөрөөдөлтэй болсон

 
-Яагаад заавал кино хийхээр шийдэв ээ? Хөрөнгө мөнгөний асуудлаас эхлүүлээд маш том ажил шүү дээ.
 
-Дээр хэлсэнчлэн миний хань  бид хоёр урлагийн чиглэлээр суралцаж байсан болохоор кино бүтээх  мөрөөдөл нь байсан. Харамсалтай нь ар гэрийн амьдралаа бодоод бага насны мөрөөдлөө орхиж, өөр ажил хийх болсон. Гэхдээ бид хоёр урлагийн сургуулиа орхиж  хүүхдүүдээ төрүүлж, өсгөж өөр ажил хийх болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Яагаад гэвэл нэг мөрөөдлөө бид орхисон ч үр хүүхдүүдээ аз жаргалтай, сайн сайхан амьдруулах, халуун ам бүлээрээ сайхан амьдрах өөр нэгэн шинэ мөрөөдөл гарч ирсэн. Ингээд ханийгаа өнгөрснөөс хойш мөрөөдлийг нь биелүүлчих юмсан гэж бодож явсаар өнөөдөр нэг биелүүлэх боломжтой болж байгаадаа баяртай байна.

 
-Киноны тухайд ямар төрөл жанараар бүтээж байгаа вэ?
 
-Би энэхүү киногоо  Монголынхоо бүх сайхан гэр бүлүүдэд зориулан бүтээж байгаа. Жирийн нэг залуугийн ард ямар амьдрал байдаг, тэр гэр бүлийнхээ төлөө өөрийгөө хэрхэн дайчилж байгаа гэх мэт амьдралын хамгийн сайхан нандин дурсамжуудыг харуулахыг зорьж байгаа. Ерөнхийдөө драм төрлийн кино. Гэхдээ маш их хөгжилтэй үзэгдлүүд ч байгаа. Манай гэр бүл чинь ер нь их хөгжилтэй гэр бүл байсан шүү. Бид хоёрын анх танилцаж байсан үеийн гэх мэт хөгжилтэй дурсамжуудаа ч мөн оруулж өгсөн байгаа.
 
-Хоёулаа урлагийн сургуульд суралцаж байсан, урлагийн хүн болох мөрөөдөлтэй байсан гэхээр нэлээд авьяаслаг байж таарах нь ээ. Танай хүүхдүүдээс урлагийн авьяастай хүүхэд бий юу? Магадгүй энэ кинондоо тоглож байгаа юу?
 
-Бид хоёр “Мюзик Халл” дээд сургуульд сурч байсан. Хоёрдугаар курсээсээ нэгэн студид ажиллаж эхэлсэн. Ер нь нэлээд авьяаслаг хүн байсан. Миний хань өөрийнхөө хүрч чадаагүй оргилдоо том охиноо хүргэнэ гэж ярьдаг байсан юм. Кино хийж, гол дүрд тоглуулана гэж ярьдаг байлаа. Өөрөөр хэлбэл өөрийнхөө мөрөөдлийг охиндоо өвлүүлнэ гэдэг байсан. “Сайн аав”  кинонд маань манай том охин өөрийнхөө дүрд тоглож байгаа. Шаггүй сайн жүжиглэж байгаа шүү.
 
-Тэгвэл бусад дүрүүдийн тухайд ямар жүжигчид тоглож байгаа вэ?
 
-Олон сайхан уран бүтээлчид миний ханийн тухай кино хийж байгаа гэхэд маш таатайгаар хүлээж авч, энэ уран бүтээлд оролцож байгаад үнэхээр их баярлаж байна. Миний ханийн дүрд С.Баттулга ах, миний дүрд буюу Амараагийн дүрд Маск-ын Жавхаа харин манай хүүхдүүдийн дүрд Ерөнхийлөгчийн туслах дээр тоглодог Мөрөн, SBN телевизийн Нахиа хөтөлбөрийн хөтлөгч охин  тоглож байгаа.
 
-Кино хэзээ нээлтээ хийх вэ?
 
-Киноны маань зураг авалт 35 хувьтай үргэлжилж байгаа. Шинэ жилийн өмнө нээлтээ хийхээр төлөвлөж байна.  “Сайн аав” нэртэй энэ киногоо би цаашид шинэ жил болгоноор айл бүрийн хойморт  цэнхэр дэлгэцээр гарч, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг, дурсамжтай ийм бүтээл байгаасай гэж маш их хичээн бүтээж байгаа. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн болохоор сайхан бүтээл болно гэж итгэж байна.Хүмүүс миний ханийн тухай гэхээр маш таатай хүлээн авч дэмжиж байгаад дахин баярлаж байгаагаа хэлмээр байна.
 

Манай гэр бүл их хөгжилтэй гэр бүл байсан

 
-За хоёулаа киноны тухай яриагаа түр хойш тавиад гэр бүлийн чинь талаар ярилцах уу. Ингэхэд та хэдэд маань “Шинэ толгойт” хорооллоос  орон сууц бэлэглэж байсан. Орон сууцандаа ороогүй байгаа гэж сонссон юм байна?
 
-Тиймээ . Байрандаа хараахан орж амжаагүй байгаа. Манай  сонголтоо хийсэн байр арай ашиглалтад ороогүй байгаа. Гэхдээ өнөө маргаашгүй  орох гээд догдлон хүлээж байна. “Стандарт проперти” ХХК-ийнхан маань бидэнтэй байнга холбоотой байгаа. Саяхан ханийнхаа төрсөн өдрөөр байрандаа очиж сүүтэй хадгаа өлгөсөн.
                                                
-Хүүхдүүдийн  хичээл ном сайн байгаа юу? Хааяа аавыгаа санаж үгүйлдэг л байх даа.
 
-Миний хүүхдүүд их эвтэй найртай бие биенээ маш сайн харж ханддаг. Ээжийгээ ажилдаа яваад ирэхэд хоол ундаа хийчихээд сууж байдаг. Би  гурван ажил давхар хийж байгаа учир нэлээд зав муутай байдаг. Манай бага нь таван настай том нь 14 настай. Бүгд л тус тусынхаа сургууль, цэцэрлэгтээ явж байгаа. Мэдээж хэрэг хүүхдүүд маань аавыгаа санаж үгүйлж, яг л үүдээр ороод ирэх юм шиг санаж хүлээж байдаг.Бага хоёр маань нэлээд санаж бэтгэрч байх шиг санагддаг. 
 
-Бидний мэддэгүй таны ханийн тухай сайхан зүйлийг ярьж өгөөч
 
-Хань минь гэрийн минь дэндүү том орон зайг эзлэж байсан. Багаасаа мөрөөдөж байсан туйлын хүслээ хүртэл бидний төлөө зориулж гэр бүлд аав гэдэг хүний үүрэг хэр байдгийг жинхэнэ утгаар нь үзүүлж чадсан тийм л эр хүн. Олноо танигдсан мундаг аав. Бидний хувьд хайртай аав. Нэг өдөр гэрийнхээ үүдээр муухай аашилж орж ирж үзээгүй тийм л хүн.
 
-Ханьтайгаа хамт өнгөрөөсөн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
 
-Дээр хэлсэнчлэн манай гэр бүл их хөгжилтэй гэр бүл байсан. Залуу хүмүүс хүүхэд гаргасан ч гэсэн гарч орж кино үзэх гэх мэт зүйл байдаг байсан л даа. Нэг удаа жирэмсэн байхдаа бид хоёр хүүхдүүдээсээ шургаж гараад кино үзэхээ явж байгаад хальтирч унаад, тэр оройдоо эмнэлэгт очоод төрж байлаа. Анх үерхэж эхэлж байхдаа бие биетэйгээ хамт байх гээд автобусны мөнгөө нуугаад Энхтайваны гүүрнээс Дамбадаржаа хүртэл алхаж байсан гэх мэт дурсамжууд зөндөө бий.
 
 
-Бидний хүндэлж хайрлаж явсан “сайн аав” маань юуны учир гэнэт хорвоог орхисон талаар ярьж өгнө үү?
 
-Хань минь урьд нь авто осолд орж байсан юм. Бусдын буруугаас болж тухайн үед өвчин нь илрээгүй байж байгаад жилийн өмнөөс гэнэт бөөр нь эрс муудаж даралт нь огцом ихсэх болсон.Түүнээс хойш эмнэлэгээр байнга явж маш олон газарт эмчилгээ хийлгэж,  онош тодруулахаар явсан. Тэр хооронд бүхий л төрлийн эмийг байнга ууж байлаа. Хоёр ч удаа харвалтын бага зэргийн реякци өгч байсан. Яг онош нь тодроод байж байтал даралт нь огцом ихсэж харвалт өгсөн. Эмнэлэгт яаралтай очиж оношлуулахад нэгэнт оройтсон байсан. Хоёр цагийн дотор бүх биеийн үйл ажиллагаа зогссон.Би болон манай хүүхдүүд бүгд шоконд орж,  хүүхдүүдээ салах ёс хий гэж  би хэлсэн юм.  Эмчийн үгэнд итгэлгүй дахин босоод ирнээ гэж өөрсдийгөө хуурч байлаа. Хорвоо хатуу болохоор ханийг минь аваад явсан даа. Түүнээс хойш хүүхдүүд минь одоог хүртэл ороод ирэх юм шиг санаж хааяа чимээ чагнаж байдаг даа.

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saraa 2016-11-18 16:42:25
    neeree ene horvoo denduu hatuu bna shuu saihan sain ulsuud yavaad uguh uim hunii muu adag ni urt naslaad l hund gai bolood yavah uimdaa
  • irgen 2016-11-16 10:52:12
    Samsaa sharhirj bn ene horvoo gej yaatsan horvoo vee hamgiin saihan humuusiig tuuj avaad hamgiin yalgadasuudiig ni uldeeh yum