Дарга уу, дүрэм үү?

АН-ын ҮЗХ-ны хурал маргааш болно. Үнэнийг хэлэхэд энэ нам сонгуульд ялагдсанаасаа хойш эмх замбараагаа алдаад байгаа гэхэд болно.

З.Энхболд нь сонгуулийн дараа “...Би ажлаа өглөө” гээд яваад өгсөн. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх боловч тус намын дүрмэнд Намын даргын үүрэг гүйцэтгэгч гэх ойлголт байдаггүй юм байна.

Харин маргаашийн ҮЗХ-ны хурлыг товлосон Гүйцэтгэх зөвлөл нь одоогоор АН-ын шийдвэрүүдийг албан ёсоор гаргаж буй ганц байгууллага нь болоод байгаа.

Олон нийтийн зүгээс энэхүү ҮЗХ-ны хурлаар АН-ын шинэ дарга тодорч, цаашилбал дотооддоо хийх өөрчлөл­түүдээ эхэлнэ. Нэг үгээр, энэ хурал маш ширүүн болно гэх хүлээлт бий.

Харин байгаа, байхгүй гэдэг олон фракцийн лидерүүд нь ҮЗХ-ны хурлаар даргыг биш дүрмээ шинэчлэн баталъя гэдэг дээр санал нийлсэн гэх мэдээлэл байна. Одоогоор намын удирдлагын үүргийг гүйцэтгэж буй Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд ч ийм байр суурьтай байгаа гэнэ.

Намын шинэ дүрэм жинхэнэ утгаараа ардчилсан үзэл баримтлалтай болсон гэцгээж байна. Тухайлбал, одоогийн ҮЗХ-нд УИХ-ын гишүүдийн тоог гурваар үржүүлсэн тооны гишүүд бий. Тэгвэл шинэ дүрмээр таваар үржүүлсэн буюу 380 гишүүнтэй болно. Нийслэл, аймаг, дүүргийн намын хороо,  мөн гишүүдийнхээ тоог доошоо ч ийн таваар үржүүлснээр сонгох юм байна. ҮЗХ-ны хурлыг жил бүр, нэгжүүдийн хурлыг хоёр жил тутам хийж байх ажээ.

Үүнээс гадна Намын даргыг ҮЗХ юм уу, Их хурлаар сонгохгүй болно. Харин бүх шатны сонгуульд нэр дэвшсэн гишүүд болон ҮЗХ-ны 380 гишүүнийг саналаар сонгохоор болж байгаа юм байна. Хамгийн гол нь ийн сонгуульд оролцох, сонгуульт ажилд сонгогдоход гишүүний татвараа өгсөн байдал гол үзүүлэлт нь болохоор АН-ын шинэ дүрмэнд тусгасан байна. Ингээд харахаар энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар намынхаа шинэ дүрмийг хэлэлцэж батлах хачин сайхан дүр зураг харагдаж байна.

Гэхдээ өмнө хэлсэн мэдээлэл эргэж, хуучин дүрмээрээ хөтлөн, АН-ын даргыг сонгох процесс яваад эхэлбэл яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Одоогоор фракцын лидерүүд тохирсон гэсэн мэдээлэл байгаа болохоос яг таг дүрэм хэлэлцээд л болно гэх зүйл бас байхгүй. Тэгээд ч АН-д өнөөдөр тийм “эрүүл үйл явц” өрнөх бололцоо байхгүй болсон гэдгийг ажиглагчид хэлж байгаа.

Одоогоор намын даргад нэрээ сойчихсон 4-5 хүн байна. Д.Эрдэнэбат, П.Цагаан, Лу.Гантөмөр, Г.Батхүү, н.Чимэддорж гэх хүмүүсийн нэр яригдаад байгаа. Д.Эрдэнэбатын хувьд одоо байгаа дүрмийн бус албан тушаалаа дүрмийн болгоод аваад үлдчих сонирхол бий. П.Цагаан бол “...Ийм цаг үед надаас өөр хүн АН-ыг удирдаж чадахгүй” гээд мэдэгдчихсэн. Түүнийг П.Цагаан гэдэг хувь хүнийх нь хувьд бус Ерөнхийлөгчийн өмнөөс явж байгаа гэж АН-ынхан ч, нийгэм ч харж байна. Г.Батхүүд АН-ын дарга болох туйлын зорилго дөнгөж өнөөдөр бүрэлдээд байгаа юм биш. Тэр байнга хүсдэг. Гэхдээ болдоггүй. Энэ удаад ч өмнөх шиг нь байж магадгүй гэдгийг олны ам, нийтийн хүслээс харж болно. Чухамдаа хэрэв маргааш АН-ын ҮЗХ намын дарга сонгоно гэвэл хамгийн “эвгүй” өрсөлдөгч нь Лу.Гантөмөр болоод байгаа. Тэр залуучууд, хуучин “Нэг ардчилал”-ынхны гэхээсээ АН-ын бүх шатныхнаас жигдхэн дэмжлэг авах магадлал өндөр байгаа юм. Тэднээс гадна өөрсдөө нэрээ дэвшүүлж, хүслээ илэрхийлээгүй ч “заал”-наас нэр дэвших магадлалтай хүн бол Р.Амаржаргал юм. Тэгж гэмээнэ түүнийг тогтооход бас л хэцүү болно. Түүнчлэн намын даргын бус Ерөнхийлөгчийн сонгуульд сонирхолтой эрхмүүд бас ил болоод эхэлсэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдчихсэн. Үүнийг нь янз бүрээр л тайлбарлаж байна. Ямартай ч энэ хүн өнөөдөр ч “дарьтай торх” хэвээрээ байгаа гэдгийг намынхан нь ч, МАН-ынхан ч маш сайн мэддэг. Түүнээс болгоомжилдог нь Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн мэдэгдлийнх нь дараа гаргаж буй зарим хүний  хандлагаас харагдсан гэхэд болно.

Мөн Э.Бат-Үүл байна. С.Зоригийн хэргийн сэжигтэн боллоо гээд нэг хэсэг ихээхэн сенсаац тарьсан. Одоо харин хэрэг шүүхэд шилжсэн, түүнд холбогдох асуудал байхгүй гэх мэдээлэл яригдаж байна. Багахан мөнгөний хулгайн хэргээс мултарч байгаа юм шиг тийм их дуулиан шуугиан огт болоогүй юм шиг нам дарагдаж, улмаар Э.Бат-Үүл ерөөсөө сэжиглэгдээгүй юм шиг хоцорсон нь олон хүний гайхшийг төрүүлээд байгаа. Одоогоор ямар ч хариулт алга.

З.Энхболд одоо хэрэгжиж буй дүрмээр бол АН-ын дарга. Даанч сонгуулийн дараа энэ ажлаа хаяад явсан гэж байгаа. Гэхдээ тэрээр ҮЗХ-ны хуралд урьд өмнөх шигээ “морилоод”, бас өөрийнхөөрөө ярьж, шийдвэр гаргах нөлөө нь алга болсон гэхэд болно. Аягүйдвэл, оймс байтугай шидэх олон гишүүн байгааг намынхан нь ярьж байна. Тийм болохоор маргааш болох ҮЗХ юу ч хэлэлцсэн, З.Энхболдын “роль” бараг үгүй болов уу.

Ийн намынхнаа удтал хүлээлгэсэн ҮЗХ-ны хурал болох өдөр ирлээ. Харин тэд намын даргаа сонгоод үлдэх үү, намын дүрмээ шинэчлээд цаашаа явахаа шийдэх үү гэдэг замын салаан дээр ирээд байгаа юм.

Зууны мэдээ
Б.Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gutalchin 2016-11-15 12:18:30
    ta nar bitgii gorid
  • иргэн 2016-11-15 05:46:34
    энхболд хэзээ ч АН дарга бгаагуй, тэр зовхон дээрэмдэж л дарга болсон шуу дээ, дурмээрээ бол Алтанхуяг л дарга хэвээр бгаа, одоо эдэнд тарах л улдсэн
  • эрка 2016-11-15 05:14:46
    АН одоо тар даа.Ингэж шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байгаад яахав.
  • Mngol 2016-11-15 05:13:04
    Иймэрхүү нийтлэлийг уншдаг хүн байдаг юм уу? 20 гаруй жил худлаа ярьцгаалаа, одоо хэн нь дарга хэн нь шоронгийн хоригдол болох нь ямар ч ялгаагүй санагдаж бн
  • Батаа 2016-11-15 03:25:55
    АН үхрийн бөөр л гэсэн үг намайг хүүхэд байхад үхрийн бөөр ийм байсан өвгөн болсон хойно бөөр тийм байна АН мөн л тийм байх болно