Пак Гын Хед холбогдох “хэрэг” юу болов

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялсан гэх дуулианд дарагдсан сэдэв бол БНСУ-ын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хегийн нэр холбогдсон хэрэг байв. Улмаар америкчууд шинэ Ерөнхийлөгчөө эсэргүүцэн хот бүрт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах үед БНСУ-ын сая иргэн Сөүл хотын гудамжинд гарч сүрийг үзүүлснээр дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарал дахин Пак Гын Хед туссан гэж хэлэхэд хэтийдсэн болохгүй.
 
Тус улсын Ерөнхийлөгч Пак дотны найз Чой Сун Шилд улс төрийн нууц материалыг дамжуулж, хэлэх үгээ засуулж, улс төрийн үйл хэрэгтээ оролцуулж байсан гэх хэрэгт буруутгагдан ард түмний эсэргүүцэлтэй тулгарч, улмаар түүнийг суудлаас нь буулгахыг шаардсан жагсаал улам бүр хүчээ авах болсон. Гэхдээ БНСУ-ын хуульдаа Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй эрхэмд дайны гэмт хэрэг үйлдэх, эсвэл эх орноосоо тэрсэлснээс бусад тохиолдолд эрүү үүсгэн шалгах боломжгүй байдаг аж.
 
Гэвч Пак ард иргэддээ хандан мэдэгдэл хийх үедээ “Мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа”-гаа онцолж, тэдний итгэлийг эргүүлэн авахыг оролдсон билээ. Тэгвэл Чой Сун Шилд холбогдох хэргийг шүүх тусгай мөрдөх баг өнөөдөр, эсвэл маргаашдаа багтаан Пак Гын Хегээс мэдүүлэг авах хүсэлтээ Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн тухайгаа мэдэгдсэн байна.
 
Ингэснээр Пак тус улсын түүхэн дэх анхны мэдүүлэг өгсөн төрийн тэргүүн болох юм. Хуулиар үүнийг зөвшөөрөхгүй ч, Ерөнхийлөгч үнэхээр эл хэрэгт шууд холбоотой эсэх нь олны анхаарлыг ихээр татаж байгаа билээ. Гэхдээ өнөөдөр Пак Гын Хе тус улсын хамгийн том сөрөг хүчин болох “Минжу” намын төлөөлөлтэй уулзалт хийж, төрийн асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тиймээс Ерөнхийлөгч маргааш мэдүүлэг өгөх магадлал өндөр байна.
 
Түүнчлэн, орон нутгийн зарим хэвлэлд мэдээлснээр Пак ойрын хугацаанд дахин ард түмэндээ хандсан мэдэгдэл хийж магадгүй байгаа гэнэ. Учир нь Үндэсний ассамблей удахгүй хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчид бүрэн эрхийг нь олгож, “Ерөнхийлөгчийн улиран нэр дэвших” талаарх асуудлыг авч хэлэлцэх юм байна. Хэргийг мөрдөн шалгах тусгай багийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр бол мэдүүлгийг хэзээ өгөх тал дээр талууд тохиролцоонд хүрч амжаагүй байгаа аж.
 

ХЭРЭГ ИНГЭЖ ЭХЛЭВ     

 
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хед “Нууц зөвлөх” байдаг гэсэн цуурхал аль эрт л гарч байжээ. Гэсэн хэдий ч, эцэг эх нь буудуулан амь үрэгдэж, дүү нараасаа хол амьдран хэдийнээс бие даан бүхий л асуудлаа шийдвэрлэж ирсэн Ерөнхийлөгч Пак “Бүхнээ улсынхаа төлөө зориулж яваа” гэх ганц магтаалын үгээр тухай бүрт уг цуурхалыг үгүйсгэдэг байж.
 
Гэвч, даравч далдайна, булавч бултайна гэгчээр өнгөрсөн сарын 24-ний өдөр орон нутгийн телевизээр түүнтэй 40 гаруй жил найзалсан Чой Сун Шилд Ерөнхийлөгчийн тамгын газраас олон тооны нууц материалыг дамжуулж байсныг илчлэх таблет болон түүнд бичигдсэн агуулгыг мэдээлснээр хэрэг мандсан.
 
Улмаар маргааш нь буюу 25-нд Ерөнхийлөгч өөрийн биеэр мэдэгдэл хийж, найзаасаа тусламж авч байснаа хүлээн ард түмнээсээ уучлалт хүссэн нь ёстой л гал дээр тос асгасан хэрэг болсон байдаг. Энэ үеэр найзыгаа “Хүнд хэцүү үед тусалсан нөхөр” хэмээн магтаж байв. Чухам энэ нь хэдийнээс Пакад “Нууц зөвлөх” байсныг гэрчилж орхисон. Улмаар “Улс төр, гадаад бодлогын талаар ямар ч мэдлэггүй зүгээр л нэг шашны номлогчийн охин тус улс орныг залуурдаж байв уу, Пак Гын Хег удирдаж байв уу” хэмээн уурссан өмнөд солонгосчууд гудамжинд гарч, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн билээ.

 
ЧОЙН МӨНГӨ БОСГОСОН ЗАМНАЛ

 
Түүний найз Чой Сун Шилийг хоёр үндэслэлээр шалгаж буй. Нэг дэх нь, тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгчтэй дотно харилцаатай байдлаа ашиглаж, “Мир”, “К sport” гэсэн урлаг, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр сандаа их хэмжээний хөрөнгийг томоохон компаниудаас хандив нэрийдлээр төвлөрүүлж байсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Харин нөгөөх нь Чой Ерөнхийлөгчийн илтгэл болоод төрийн албаны хүний нөөцийн асуудалд оролцож, нэг үгээр улс төрд оролцож байсан гэх хэрэгт буруутгагдсан.
 
Эдгээрээс мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа хэрэг нь сантай холбоотой асуудал. Чой Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг 10 нарийн бичгийн даргын ахлагчаар ажиллаж байсан Ан Жон Бомтой хуйвалдаж, санхүүгийн байгууллагаар дамжуулан томоохон корпорациудад дарамт үзүүлж, дээрх хоёр сандаа 70 сая ам.долларыг төвлөрүүлсэн хэргээр шалгагдаж байгаа. Түүний “Мил” сан нь К пoп хөгжим хийгээд Солонгосын хоолны соёлыг гадаадын улс оронд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол “К sport” сан нь спортын салбар дахь бизнесийн дэмжих зорилгоор тус тус байгуулагджээ.
 
Үүгээр зогсохгүй Пак Гын Хе гадаад томилолттой үед тухайн улс оронд болох урлаг соёлын арга хэмжээг тус хоёр сан хариуцан зохион байгуулдаг байв. Үнэн хэрэгтээ энэ бүх үйл ажиллагааг Соёл, боловсрол, аялал жуулчлалын яам хариуцах ёстой ч, Чой Сун Шил Ерөнхийлөгчтэй дотны найз гэдгээ ашиглан тус арга хэмжээнд зориулагдах хөрөнгийг “Идсэн” хэрэгт мөн түүнийг буруутгаж магадгүй байгаа.
 
Дашрамд дурьдахад, санд хандив өгсөн корпорациудын дунд “Самсунг” багтаж байна.
 

ЧОЙ СУН ШИЛИЙН УЛС ТӨР ДЭХ ОРОЛЦОО ХЭДИЙ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭВ

 
Жирийн шашны номлогчийн гэр бүлээс гаралтай бүсгүй Бүгд найрамдах Солонгос улсын улс төрийн хэрэгт хэдий хүртэл оролцож байсан нь олны анхаарлыг хамгийн их татаж буй сэдвийн нэг байх нь гарцаагүй.
 
Ерөнхийлөгч Пак Гын Хе ард түмэндээ хандсан мэдэгдэл хийх үедээ “Зарим нэг илтгэлийн үг, материалыг илгээж, түүний бодлыг сонсдог байсан” гэж мэдэгдсэн удаатай. Гэхдээ агуулгыг нь төдийлөн дэлгэрэнгүй тайлбарлаагүй юм.
 
Гэсэн хэдий ч, түүний мэдэгдлүүдэд аль эртнээс гэнэтийн гэнэтийн өөрчлөлтүүд орж байжээ. Тухайлбал, БНАСАУ-ын улс төрийн бодлогыг шүүмжилсэн агуулга бүхий илтгэлдээ Ерөнхийлөгч гэнэт л “Өмнөд Хойд нэгдсэн нь том амжилт” гэх үгийг ашиглаж байсан аж. Тухайн үед албаныхан “Мөрийтэй тоглоомын тухай ярьсан бололтой” гэх зэргээр шүүмжилж байв.
 
Түүнчлэн, телевизийн нэвтрүүлгээр Чой Ерөнхийлөгчийн илтгэлийн үгийн эх хувилбарыг бичиж, түүнийгээ Пакад илгээдэг байсан гэдгийг онцолж байсан юм. Тэр бүү хэл Ерөнхийлөгчийн тамгын газрын хүний нөөцийн асуудал, Японтой харилцах харьцаа гэх мэт гадаад боддогын талаарх баримт материалыг ч Чой гартаа оруулж байжээ.
 
Энэ мэт хэрэг ил болсноор Пак Гын Хе залуучууд төдийгүй, эцэг болох Ерөнхийлөгч Пак Жон Хегийн үеэс эхлэн Сэнүри намыг тууштайгаар дэмжиж ирсэн өндөр настнуудын итгэлийг ч алдаж эхэлсэн.
 

ПАК, ЧОЙ НАРЫН НӨХӨРЛӨЛИЙН ТҮҮХ


Ард түмнээсээ уучлалт гуйх үедээ Пак “Хүнд хэцүү цаг үед тусалсан найз нь” гэдгийг тодотгодог. Тэгвэл Пак Гын Хед тохиолдсон тэрхүү хүнд хэцүү үе хэдийнээс эхэлснийг энэ сөхье.
 
1974 оны наймдугаар сарын 15. Энэ бол тэр үе нь. БНСУ-ын төрийн тэргүүний албыг хашиж байсан Пак Жон Хе БНСУ-д амьдарч байсан японы иргэнд буудуулсан. Ерөнхийлөгч тэр үед гэмтээгүй ч, ээж нь тэнэсэн суманд оногдон амиа алджээ. Өмнөд Солонгосын Засгийн газрын зүгээс эл хэргийг Хойд Солонгосын захиалгаар үйлдсэн гэмт хэрэг гэж үздэг.
 
Тухайн үед Пак Гын хе 22 настай байлаа. Тэр үеэс хойш эхийнхээ халааг авч, тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж эхэлсэн байдаг. Гадаад томилолтод эцэгтэйгээ хамт явж, эцэгтээ тусалдаг байлаа. Гэсэн ч, хамгийн хайртай ээжийгээ цаг бусаар алдсан шархаа эдгээж чадаагүй л байжээ.
 
Харин тэр үед шашны нэгэн номлогч “Зүүдэнд ээж чинь үзэгдсэн” гэх захидлыг илгээсэн бөгөөд тэр нь Чой Сун Шилийн эцэг Чой Тэ Мин байжээ. Түүнээс хойш тэдний харилцаа гүнзгийрсээр Чой Сун Шилтэй ч найзлах болсон байна. Гэвч Пакт тохиосон гашуудал үүгээр дууссангүй, 1979 онд эцэг нь амь үрэгдсэн байдаг. Улмаар Пак дахин улс төрийн тавцанд гарч ирсэн 1997 оныг хүртэл хүнд хэцүү цаг үеийг туулсан. Тиймээс ч Чой үргэлж түүний хажууд байж тусалж дэмжиж иржээ.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-15 00:56:08
    П.Очирбатын зөвлөх Дашцэрэн Ерөнхийлөгчид юугаа зөвлөдөг байсан юм бол, одоогийн хүзүүгүйн зөвлөх ч гэж ямар амьтан байдаг юм, Америкаас зөвлөдөг байх аа даа