Ирэх жил хэн хэдэн төгрөг зарцуулах вэ

УИХ ирэх оны төсвөө 2,4 их наяд төгрөгийн алдагдалтай баталлаа. Хэдийгээр Аудитын ерөнхий газраас 2017 оны төсвийн хуульд дүн шинжилгээ хийгээд төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай байгаа тухай зөвлөгөөг өгсөн ч, УИХ үл тоов. Үл тоогоод  зогсохгүй зарим яам агентлагууд  төсөв хөрөнгө, захиран зарцуулах хөрөнгөө нэмүүлээд авч. Ирэх онд хэн хэдэн төгрөг зарцуулах вэ? Энэ онд эдгээр салбаруудад хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга энэ онд 3,7 тэрбумыг зарж байсан бол энэ онд 4,5 тэрбумыг зарцуулахаар төсөвт тусгажээ.

УИХ-ын дарга З.Энхболд 18,1 тэрбум төгрөгийг зарцуулж байсан бол ирэх онд М.Энхболд дарга 23,5 тэрбумыг захиран зарцуулах нь.


Ерөнхий сайд Ч. Сайханбилэг 78,6 тэрбум төгрөгийг захиран зарцуулж байсан бол “Мэргэжил”-ийн Засгийн газрыг тэргүүлэгч Ж. Эрдэнэбат хямралын үеийн төсөвт өөрийн захиран зарцуулах мөнгийн нэмж  83,9 тэрбум болгожээ.


Шадар сайдын багцад энэ онд 92,3 тэрбум төгрөг тусгагдаж байсныг ирэх онд Шадар сайд У. Хүрэлсүх 92,2 тэрбумыг хэвээр нь үлдээсэн байх юм.
У.Хүрэлсүхийн нэгэн адил Ж.Мөнхбат даргын мэдлийн төсвөө нэмэгдүүлээгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга энэ онд 11,8  тэрбумыг зарсан бол. Ирэх онд Засгийн газрын "гал тогоог" гал алдуулахгүй залгуулахын тулд 11,5 тэрбумыг Ж. Мөнхбат захиран зарцуулна.

Үндсэн чиг үүргийн яам болох Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд ирэх онд 49,2  тэрбум зарцуулахаар төсөв тусгуулжээ. Тэгвэл энэ салбарт өнгөрсөн жил 42,1 тэрбумыг зарсан байх юм.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хувьд бусад сайд нараасаа ялгарч, үлгэр жишээч нэгэн болж нийгэмд ойлгогдох хүсэл өвөрлөдөг нэгэн. Тухайлбал, яам агентлагуудаас хамгийн түрүүн яаман дотроо цэцэрлэг байгуулж, өөрөө барилгачин болж байгаа дүрээр телевизүүдийг дуудаж, шоу хийсэн нэгэн бол Ц.Мөнх-Оргил. Тэгвэл энэ удаад тэр өөрийн мэдэл дэх төсвөө өмнөх оныхоос үнэмлэхүй бууруулжээ. Энэ онд Гадаад хэргийн сайд 73,7 тэрбумыг зарцуулж байсан бол ирэх онд Ц.Мөнх-Оргил  56,3 тэрбумыг зарцуулна.


Монголын урдаа барьдаг татвар төлөгч томоохон компанийг өдий зэрэгт хүртэл нь өсгөж, өндийлгөж чадсан нэгэн. Түүнд энэ нэр хүн Сангийн сайдын албыг авчирсан  ч түүнд улсыг эдийн засгийг сэргээн засахад туршлага дутлаа. Тэр “Мэргэжил”-ийн Засгийн газарт мэргэжлийн төсөв батлах аргыг зааж өгсөнгүй. Гэхдээ энэ онд Сангий сайдын зарцуулсан 3 их наяд 122 тэрбумыг Б. Чойжилсүрэн 1 их наяд 156,9 тэрбум болгон бууруулжээ. Тэр үүнээс илүүг хийж чадсангүй.

Хууль зүй дотоод хэргийн сайдын албыг авангуутаа халаа сэлгээ хийхгүй хэмээн “том” мэдэгдэл хийсэн хүн бол С.Бямбацогт.  Түүний хувьд яамны энэ оны  375,6 тэрбумыг бага зэрэг нэмэгдүүлж 385,1 тэрбум болгон оруулжээ.

Салбарын “хүн” хэмээн гуншинтай Д.Ганбат ч бас төсвөө энэ оныхтой ойролцоо байхаар батлуулж чаджээ. Зам тээвэр хөгжлийн сайд  энэ онд 9,2 тэрбумыг зарцуулсан бол ирэх онд  9,5 тэрбумыг зарцуулна.

“Амралтын өдрүүдэд улсын машин хэрэглэдэггүй. Өөрийнхөө машиныг унадаг” хэмээн өөрийгөө тодотгосон Б. Бат-Эрдэнэ сайд захиран зарцуулах хөрөнгөө багахан хэмжээгээр бууруулжээ. Тодруулбал, Батлан хамгаалахын сайдын мэдэлд энэ онд 210,3 тэрбум төгрөг тусгагдсан байсан бол ирэх онд  199,1 тэрбум болгожээ.

Ирэх онд төсвийг эн оныхтой ойролцоо төвшинд батлуулсан сайд нарын нэг бол Ж. Батсуурь. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд энэ онд 1 их наяд 218 тэрбумыг захиран зарцуулсан бол Ж.Батсуурь ирэх онд 1,1 их наядыг толгой мэдэн зарна.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ирэх онд  106,7 тэрбумыг зарцуулна. Энэ салбар өнгөрсөн онд 125,9 тэрбумыг зарцуулжээ.
Ирэх онд Н. Номтойбаяр сайд өөрийн багцаа 1 их наяд 18 сая болгон нэмэгдүүлжээ. Энэ онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын мэдэлд 700,4 тэрбумыг өгсөн юм. 

Дуулиан шуугиантайгаар салбараа хүлээн авсан А.Цогцэцэг сайд энэ оны Эрүүл мэндийн сайдын мэдэл дэх 549,2 тэрбумыг 574,3 тэрбум болгон батлуулжээ.

Ирэх оны төсвөөс Эрчим хүчний сайд 19,8 тэрбум, Барилга хот байгуулалтын сайд  11,8 тэрбумыг зарцуулах бөгөөд тэдний багц энэ оныхтой нэг төвшинд байгаа юм. Харин Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын мэдэлд энэ онд 17,8 тэрбум төгрөг байсан бол ирэх онд 19,9 тэрбум болгосон байх.

П.Гоо
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.