Б.Түвдэндорж аваргыг хүндэтгэж 256 бөх барилдана
Булган аймгийн Хангал сумын уугуул, үндэсний бөхийн XX зууны ууган дархан аварга, үндэсний спортын ууган гавьяат, дархан аварга Б.Түвдэндорж агсны 100 жилийн ой тохиож буй.

Энэ хүрээнд Булган аймгийн нутгийн зөвлөлөөс Б.Түвдэндорж аваргын бөхийн амьдрал хийгээд сурган хүмүүжүүлэх их үйлсийг нь сурталчилан таниулах олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Б.Түвдэндорж аварга бол дан ганц үндэсний бөхөөс гадна орчин цагийн их спортын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан” хэмээн тодорхойлсон бол Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга О.Амартүвшин “Энэ агуу тамирчны амьдралын замнал, спортын салбарт гаргасан амжилтыг хойч үедээ үнэн зөвөөр таниулах бидний үүрэг” хэмээсэн юм.

Алдарт аваргын 100 насны ойн хүрээнд ирэх 20-ны өдөр Монгол Бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн хүндэтгэлийн барилдаан зохин байгуулах юм байна. Мөн дунд сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Домогт аварга Б.Түвдэндорж” сэдэвт гар зургийн уралдаан, 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Эргэл хайрханы домогт хүчтэн” эссэ бичлэгийн уралдаан, спортын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд “Дархан аварга Б.Түвдэндорж ба үндэсний бөх” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болжээ.

Сонирхуулахад Б.Түвдэндорж 1939 оны улсын их баяр наадамд анх барилдсан жилээ 512 бөхөөс “Урт гарт” гэж алдаршсан алдарт Маамын Лхагва арсланг өвдөг шороодуулан түрүүлж, шууд улсын арслан цол хүртсэн түүхтэй. Түүний энэ амжилтыг Ардын хувьсгалын он жилүүдэд шинэчлээгүй байгаа юм. Харин Б.Түвдэндорж аваргаас хойш улсын цолгүй байхдаа төрийн их баяр наадамд С.Оргодол, П.Бүрэнтөгс нар түрүүлсэн хэдий ч 23 насандаа анх түрүү хүртсэн амжилтыг нь эвдэж чадаагүй юм.

Улсын баяр наадамд долоо түрүүлж, хоёр үзүүрлэсэн домогт аваргын хувийн шавь нараас үндэсний бөхийн аварга гурав, самбо бөхийн дэлхийн хошой аварга хоёр, олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт 10 гаруй тамирчин төрөн гарсан байдаг тухай түүний охин Т.Отгончулуун мөн өгүүлсэн удаатай.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-14 05:24:10
    Баянмөнх барилдаанаа хойшлуулсан нь зөв шүү, ууган гавьяатынхаа 100 жилийн ойг ивээн тэтгэчих совесть амьд мэнд аваргуудад байна уу