Тэнгэрт цойлсон ам.долларын ханш

Ам.долларын ханш өдөр өдрөөр нэмэгдсээр, 2400 төгрөгийг давсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт “Найман шарга” валютын захад 2700 төгрөгийг давж, цаашлаад 3000-д хүрэв. Ердөө л хэдэн ченж валютын ханшаар тоглож, зөрүүн дээрээс ашиг олсон гэсэн үг. Мэдээж Засгийн газар, Монголбанкнаас энэ асуудалтай холбоотойгоор тодорхой хэмжээнд байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хүртэл гаргасан. Тиймдээ ч хэсэг зууртаа л хөөсрөөд байсан ам.долларын ханш эргээд бага сага буурч эхэллээ. Тэгвэл “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-таа ам.долларын ханшийг онцолж байна. Ерөөсөө өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан шуугиан ам.долларын ханш л байлаа.  Тиймээс өнгөрсөн долоо хоногт өрнөсөн нөхцөл байдал болоод зарим эдийн засагчдын байр суурийг онцолж байгаа юм.

Б.Мөнхзаяа: Ам.долларын хадгаламжийн хүүг 2-3 дахин бууруулах хэрэгтэй

/СЭЗДС-ийн багш, эдийн  засагч/
2016.11.11 -Ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд ойрын хугацаанд төр засгаас хэрэгжүүлж болох нэг арга байна. Экспортын орлогыг өсгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бол урт хугацаандаа хийх ёстой ажлууд л даа. Тиймээс ойрын хугацаанд ам.долларын эрэлт дээр анхаарах хэрэгтэй. Аравдугаар сарын статистикийн мэдээг харахад, ам.долларын хадгаламж нэлээд өссөн байна. Энэ нь ам.долларын эрэлтийг нэмэгдүүлсэн гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд ам.долларын хад­галамжийн хүүг бууруулах хэрэгтэй. Өнөөдөр төг­рөгийн хадгаламж 16, ам.долларын хад­га­ламж 10 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, хад­га­лам­жийн хүү нь тийм ч ялгаатай биш байна. Гэтэл оны эхнээс ам.доллар 26 ху­виар өссөн. Дээр нь хадгаламжийн 10 ху­вийн хүүгээ нэмэхээр нэг ёсондоо 36 хувийн ашгийг ам.долларын хад­га­лам­жаас хүртэж байна гэж хэлж болно. Тиймээс ам.долларын хад­га­лам­жийн хүүг одоо байгаагаас нь 2-3 да­хин бууруулах хэрэгтэй. Тэгж байж л ам.долларын хий хоосон хөө­рөгд­лийг багасгана. Эрэлтийг буу­руулна. Энэ бол ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж бодож байна.

Б.Чойжилсүрэн: Валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай, энэ чиглэлээр хэлэлцээр хийж байна

2016.11.11 Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2017 оны төсөв батлагдсантай холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэрээ ам.долларын ханштай холбоотойгоор тайлбар хийсэн юм. Тэрбээр  “Ерөнхий сайдын зүгээс Сангийн яаманд үүрэг өгсөн. Тухайлбал, бүх төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах гэх мэтчилэн. Бодит гарц бол валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр яг одоо хэлэлцээр явж байна” хэмээсэн.

Монголбанк: Ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна

2016.11.11 Сангийн сайд мэдээлэл хийж, ам.долларын ханшийг Засгийн газар анхааралтай ажиглаж байгаа, бид асуудлыг шийдэхээр хэлэлцээр хийж байна гэх мэтээр тайлбар хийсний дараа Монголбанк мэдэгдэл гаргасан. Тухайлбал,  “Төгрөгийн гадаад валюттай харилцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт төвшнөөсөө хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын Олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр болсон. Монголбанкнаас ханшийн энэхүү огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг мэдэгдэж байна” хэмээжээ.

Монголбанк арилжааны банкуудад 72.4 сая ам.доллар зарлаа

2016.11.11 Интервенци хийх ам.доллар байхгүй, 1.2 тэрбумынхаа нөөцийг багасгахгүй хэмээн мэдэгдэж байсан Монголбанк баасан гарагт яаралтай арга хэмжээ авлаа. Тодруулбал, тус банкнаас “спот арилжаа: Монголбанк ээлжит бус дуудлага худалдаа зарлаж, банкууд 2450.00-2490.00 төгрөгийн ханшаар 72.4 сая ам.доллар, 358.23-364.00 төгрөгийн ханшаар 73.0 сая юань худалдан авах санал  ирүүлсэн. Монголбанк 2450.00 төгрөгийн нэг ханштайгаар ам.доллар, 358.23 төгрөгийн нэг ханштайгаар юанийн саналыг тус тус 100 хувь биелүүллээ” хэмээн мэдээлэв.  

Ам.долларын ханш 220 төгрөгөөр огцом буурлаа

2016.11.11 Арилжааны банкуудад ам.доллар дуудлага худалдаагаар худалдсан гэсэн мэдээлэл цацсаны дараа Монголбанк дахин нэг мэдээлэл гаргасан юм. Тэр нь ам.долларын ханш огцом буурч байгаа талаар. Тус мэдээлэлд  “Монголбанк өчигдрөөс эхлэн бий болсон ханшийн огцом хөдөлгөөний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Энэ хүрээнд өнөөдөр гадаад валютын ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж, валютын захад 72.4 сая ам.доллар, 73 сая юань тус тус нийлүүлээд байна. Тэгвэл дуудлага худалдаа зохион байгуулснаас хойш ам.долларын ханш огцом буурч эхэллээ.  Тодруулбал, 14:30 цагийн үед “Найман шарга”-ын ченжүүд нэг ам.долларыг 2720 төгрөгөөр зарж байсан бол 16:30 цаг гэхэд энэхүү ханш 2500 төгрөг болж, огцом буурсан байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг дунджаар 2470 төгрөгөөр зарж байна. Монголбанк энэ удаагийн ханшийн огцом өсөлтийг тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж буй бөгөөд огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн билээ” хэмээсэн юм.

Сэтгүүлчийн өнцөг
 

Ам.долларын өсөлтөд Засгийн газар буруутай

 

Ам.доллар сүүлийн гурван сарын турш сард тав орчим хувиар төгрөгийн эсрэг чангарсан талаар эдийн засагчид мэдээлж байгаа юм. Ерөөсөө сонгуулийн дараа Сангийн сайдын хийсэн мэдэгдлээс эхлээд л асуудал босч ирсэн. Мань хүн ч яах вэ, мэдэгдлээ зөв байсан гээд л зүтгээд байгаа. Яах вэ, мэдэгдэж, үнэнийг хэлж болно, гэхдээ арай өөрөөр хэлэх байсан юм. Түүнээс хойш ам.долларын ханш нэмэгдсээр, төгрөг суларсаар л байгаа.

Одоо бүр амаа авч давхидаг морь шиг боллоо. Монголбанк энэ хугацаанд ажлаа хийсэн үү, хийсэн. Бодлогын хүүгээ өсгөж, хурдтай өсч байсан ам.долларын ханшийг нэг хэсэгтээ л барьсан. Мэдээж Монголбанкинд интервенци хийгээд байх ам.долларын нөөц гэж бараг байхгүй байгаа. Тэгэхдээ хэдэн сая ам.доллар зах зээлд гаргаад л байсан. Харин сүүлийн үед ганц хоёр удаа ам.доллар дуудлагаар худалдаагүй. Яах вэ, нөөцгүй шахам болохоор яаж худалдах билээ дээ. Энэ хооронд Засгийн газар юу хийв. Гаднаас зээл авах, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудлаа ярьсаар, ярьсаар л суусан. Одоо болтол асуудлаа шийдэж дуусаагүй л байна.

Ганц нэг гэрэлтэй мэдээ дуулдаж эхэлсэн. Гэвч хэзээ вэ гэдэг нь бас тодорхой биш. Ядаж байхад, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Сангийн сайддаа ам.долларын ханшийн өсөлтийг бууруулах үүрэг өгсөн. Арилжааны банкууд Монгол банкны зарласан ханшаас өндөр үнээр ам.доллар зарахгүй байх боломжийг судал гэх мэт цөөнгүй хэдэн үүрэг өгсөн юм. Үндсэн санаа нь Монгол Улсад бүх гүйлгээг төгрөгөөр хийх хуулийн хэрэгжилтийн хангалтыг сайжруулахад чиглэсэн. Тэгвэл эдийн засагчид энэ шийдвэрийг олон нийтэд мэдээлсэн нь ам.долларын ханш өсөхөд багагүй нөлөөлсөн гэдгийг ч хэлж байна.

Ерөөсөө Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авах нь, ам.доллар олдохгүй болохоос өмнө гялс худалдаад авъя гэсэн бодолтой хүмүүс ихэсч, эрэлт эрс өссөн нь ханш дагаад огцом нэмэгдэх шалтгаан болчихлоо. Ингээд л хоёр,  гурав хоног хэдэн ченжүүд л башийлаа. Засгийн газар ямар ч шийдвэр гаргаж болно. Гэхдээ заримыг нь ард түмэнд мэдээлэхгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэр дундаа ханшийн өсөлтөд нөлөөлөхөөрийг нь.

Өнөөдөр хүлээлт нэг талдаа гарчихаад байгаа. Үндсэндээ бүгд л ам.доллар өснө гээд л, түүн дээр нь тоглоод ашиг олох талаар бодоод байна. Иргэд ч гэсэн эх орон ч сэтгэлгээгүй, төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлэхээр хуйларч эхэллээ. Тэгвэл энэ хүлээлтийг нь нөгөө талд нь гаргах мэдэгдэл, мэдээллийг л Засгийн газар, Монголбанкнаас гаргаж баймаар байна. Өнгөрсөн баасан гарагт Монголбанкны хийсэн мэдэгдлийг зөв зүйтэй гэж дэмжих гээд байна л даа. Иймэрхүү мэдээлэл, мэдэгдлийг Засгийн газар ч хийх л хэрэгтэй.

Ерөөс хүлээлт дандаа л ам.доллар өсөхгүй гэх талд байхаар мэдээллийг нийгэмд цацаад байж яагаад болохгүй гэж. Тэгээд огцом савлагаа үүсэхгүй, тогтвортой байвал болоод явчихна. Ер нь бол ирэх долоо хоногоос ам.долларын ханш огцом буурна гэж эдийн засагчид харж байгаа юм билээ. Түр зуурын хөөсрөлийн шинж чанартай учраас мэдээж буурна. Харин хэдэн төгрөгт ирж тогтохыг харах л үлдэж. Гол нь Засгийн газар л хурдан хөдөлж, валютын орох урсгалаа нэмэгдүүлэх ажлаа яаравчлаасай билээ.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-11-14 23:54:42
    Хадгаламжийг зөвхөн төгрөгөөр хийдэг хууль гарга тэгээд л ханш тогтворжино
  • Чойжоо мундаг болхоор 2016-11-14 15:03:40
    Ам долларыг төрхөмөнд нь аваачиж тавинаа
  • Иргэн 2016-11-14 13:31:49
    Долларийг зөвхөн монгол банк л сольдог бх хэрэгтэй. Ченж хувийн банкууд доолараар тоглож б.а ш дээ.
  • ннн 2016-11-14 08:48:56
    Чойжоо ажиглаж байгаа, гайгүй байхаа
  • Болгоомжтой 2016-11-14 06:38:39
    Хаана долларын хадгаламжийн хүү 10 хувь байна. Хаан банкинд 1 жилийн хугацаатай хадгаламж 6 хувь байна. Хүмүүс мөнгөө банкнаас татаж авахаас сэргийлэх хэрэгтэй...
  • энхээ 2016-11-14 06:23:21
    1.Долларын хадгаламжийн хүү бууруулах.2.Зөвхөн банкаар валют солидог байх.3.Валютын ченжийн захыг хаах .Ингэвэл сая доллар хяналтанд бна.
  • Bat 2016-11-14 05:30:23
    ter MGL banknii erunhiiligch Bayrtsaihan gj hamaa namaagui yaridag nuhur bnaa.ug helee bodoj yarimaar um da
  • ЗОЧИН 2016-11-14 03:36:03
    МАН-ЫН ЕНБД МӨНХБАТЫН ИНДЭР ДЭЭР ГАРААД ӨНДӨГ, 1 ДОЛЛАР БАРЬЖ БАЙГААД ХЭЛСЭН ҮГИЙГ ТА БҮХЭН САНАЖ БАЙНА УУ? САНАХГҮЙ БАЙГАА БОЛ ЮУТҮБ РҮҮ ОРООД ҮЗЭЭРЭЙ. ТЭР.....
  • ХӨӨРХИЙС 2016-11-14 02:47:43
    БОЛЬШЕВИЗМААС ХОЙШХИ ХАМГИЙН МУУ ЗАСАГ ТӨРТЭЙ БНА ДАА
  • Батаа 2016-11-14 01:38:50
    Хадгаламжийг зөвхөн төгрөгөөр л хийдэг болох хэрэгтэй шүү дээ
  • !!!! 2016-11-14 01:34:03
    Долларын хадгаламжийн хүүг дарвал валют гадагш урсахаас гадна бэлнээр бүгдийг татаж авах аюул нүүрлэнэ дээ!!! Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч л бол!!!...
  • Цочирдсон иргэн 2016-11-14 01:25:59
    Долларын ханшны өсөлтөнд ЗГ-ыг буруутгахаас илүүтэйгээр арилжааны банкууд, "Найман шаргын валют"-ын мөнгө хүүлэгчдэд ухамсрын шанаа өгөх хэрэгтэй. АТГ, Тагнуу...
    • зочин 2016-11-14 14:20:05
      энэ мөнгө хүүлдэг,эдийн засгаар тоглодог паразит давхаргын үйл ажиллагааг таслан зогсоож зөвхөн банкууд валютыг хяналттай сольдог бх ёстой.