Ирэх оны төсөв батлагдаж, ам.долларын ханш чангарсан өдрүүд
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 
 
Монгол улсын 2017 оны төсвийг баталлаа

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлав. Хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, Ирээдүйн өв сангаас улсын төсөвт олгох шилжүүлэг болон улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа аж.
 

Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ болон улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах хөрөнгийн хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр тооцож төсөлд тусгасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Ингээд Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,378,889.9 сая төгрөгөөр, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 6,759,169.6 сая төгрөгөөр тус тус баталлаа. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 250,654.7 сая төгрөгөөр, улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 71,518.6 сая төгрөгөөр батлахыг дэмжив.
 
Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв
 
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлалаа.


Тэрбээр хэлэхдээ "Шударга ёсыг тогтоохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Шударга бус байдал хэрээс хэтэрч байгаа тул гэнэт ийм шийдвэр гаргахад хүргэлээ" хэмээн мэдэгдлээ. Гэхдээ түүнийг нэр дэвших асуудлыг намаас нь албан ёсоор шийдвэрлээгүй бөгөөд өөрөө хувиараа энэхүү шийдвэрийг гаргаад байгаа аж. Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг парламентэд суудалтай намуудаас эцэслэн шийдвэрлэх ёстой байдаг юм.

Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог батлав 
 
Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг Засгийн газрын тогтоолоор баталлаа.

 

Гадаад ажилчдын тоо нь тухайн байгуллагын  нийт ажилчдын  таван  хувиас хэтрэхгүй байхаар тогтоолоо. Тогтоосон квотын 50 хүртэлх хувьтай тэнцэх гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, 50-иас дээш бол Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болголоо.

Энэ оны аравдугаар сарын байдлаар 11072 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 33 хувиар буурсан үзүүлэлт юм байна.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2015 онд 43 тэрбум төгрөг төвлөрч байсан бол 2016 онд 37.8 тэрбум төвлөрүүлэхээс энэ оны аравдугаар сарын байдлаар 12 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа юм байна.

Ам.долларын ханш 2600 хүрэв


 
Ам.долларын ханш долоо хоногийн эхний өдрүүдэд огцом нэмэгдэж, 2600 төгрөгт хүрсэн. Эрчимтэй өсөж байсан долларын ханш пүрэв гарагаас буцаад буурч эхэлсэн юм.Тодруулбал, Монголбанк баасан гарагт валютын ээлжит бус дуудлага худалдаа зарлаж зах зээлд 72.4 сая ам.долларыг 2,450 төгрөгийн үнээр нийлүүлсэн.Тэгвэл, их хэмжээний ам.доллар худалдаж авсан банкууд ам.долларын ханшаа буулгаж эхэлсэн юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.